Ардчилсан намаас төсвийн асуудлаар өнөөдөр /2026.10.08/ мэдээлэл хийжээ. Мэдээллийг товчлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн үг бол өмнөх Боловсролын сайд юу хийсэн талаар ярьж байна. Үргэлжлүүлэхээс өөр арга алга гэж хэллээ. УИХ батлаагүй, төсөвлөөгүй тэр чиглэлд УИХ-ын төсвийн хөрөнгийг хуулиас гадуур зарцуулсан тухай. УИХ-ын батлаагүй төсвийг зарцуулсан талаар ярьж байна.
Ийм асуудал төсвийн тодотгол болон төсөл хэлэлцэх үеэр маш олон удаа гарч байна. Олон сайд хэлж байна. Төсөв батлах эрх бол УИХ-ын онцгой бүрэн эрх. Үндсэн хуульд хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана. Гэтэл Засгийн газар өөрсдөө дур мэдэн төсөв зарцуулж байна. Хууль тогтоогчдын өмнөөс шийдвэр гаргаад, алдааг нь хууль тогтоогчид засах ёстой гэж байна.
Энэ үнэхээр эмгэнэлтэй. Эрүүгийн хуульд ч бий. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг 1-5 жилийн ялтай. Үүнийг Засаг дарга, арай бага албан тушаалтан хийвэл шууд шоронд орно. Энэ гэмт хэргийг Засгийн газрын гишүүн, Засгийн газар хийвэл тэд юу болох вэ. Олонхын, намынхаа нэрээр Эрүүгийн хуулиас давж алхаж болох уу? Зарцуулсан гэдгээ өдөр тутам тэд өөрсдийнхөө амаар хэлж байна. Ийм байхад хууль яагаад тэр албан тушаалтнуудад дөхөж очихгүй байна вэ. Толгойг нь илээд зогсохгүй сүүлдээ УИХ-ын буруу юм шиг болоод байна. Олсны үзүүрт үхэр байгаагүй гэдгийг баталж чадахгүй бол та нарын буруу шүү гэх хэмжээнд аяглаж аашилж байна.
УИХ-ын гишүүдийг загнадаг, зандардаг, айлган сүрдүүлдэг, УИХ хэрхэн яаж ажиллахыг, УИХ-ын гишүүд яаж шийдвэрээ гаргахыг зааж зааварладаг хэмжээний том толгойтой, том артай сайдуудаар дүүрсэн Засгийн газар боллоо. Энэ асуултад хариулт хэрэгтэй байна.
Үндсэн хуулийн зөрчил маш томоор харагдаж байна. Засгийн газар УИХ-ынхаа толгой дээр гарсан байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг, өөрсдөө амаараа байнга давтан давтан Байнгын хороо болон УИХ-ын чуулганд хэлж байна. Өөрөө өөрсдийнхөө эсрэг мэдүүлэг өгч байгаа энэ нотлох баримтууд дээр түшиглэж хуулийн байгууллага одоо ажлаа хийх цаг нь болсон.
-УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-2026 оны батлагдсан төсөв дээр байсан төслийн нэгжүүдийг дахиж 2026 оны төсвийн тодотгол дээр 0 хувийн гүйцэтгэлтэй, 2026 онд шинээр орж ирж байгаа гэсэн агуулгаар давхар бичиж оруулж ирсэн. Энэ агуулгаараа бид 2026 оны төсвийн үндсэн зарчим нь урсгал зардал, тэр дундаа захиргааны зардлуудыг нэмж болохгүй гэсэн саналыг гаргаж, түүнтэй холбоотой нэг их наядын алдагдлын дотроос 23 тэрбумыг амжилттай хасуулж чадсан.
Гэтэл сайд 23 тэрбумыг хасаж болохгүй, бид нар үүнийг аль хэдийн зарцуулсан гэдэг ноцтой мэдэгдлийг хийж байгаа.
Тодотголын хүрээнд УИХ-аас зарчмын зөрүүтэй санал өгч, энэ саналуудыг хасуулах эрх байгаа. Түүнээс биш 2026 оны төсвөөс гэнэт хасах, шинээр оруулж ирэх хууль эрх зүйн орчин байхгүй. Одоо энэ дүнгүүд нь аль хэдийн захиран зарцуулагдсан. Үүн дээр ажиллаж байгаа хүмүүс хохирох гээд байгаа учраас шахалт үзүүлж байна. Энэ бол маш ноцтой асуудал. Манай улсын төсөв том тоогоор бүхлээрээ батлагддаг. Тэр бүхэл доторхыг задалдаггүй. Бүх задаргааг нээлттэй иргэдэд мэдээллэх ёстой. 50 төгрөгийг ч нарийвчлах хэрэгтэй. Засгийн газар задаргаагаа тавьдаг болчих юм бол ийм асуудал үүсэхгүй.



