УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга М.Мандхайтай ярилцлаа.
-Хөдөө аж ахуйн салбарын зээл, урамшуулал, татаастай холбоотой асуудлаар УИХ түүхэндээ анх удаа Ерөнхий хяналтын сонсгол хийлээ. Энэ сонсголыг хийх санаачилга гаргах болсны гол шалтгаан юу вэ?
-Монголчууд бид манай улс 60 орчим сая малтай, газар нутаг өргөн уудам, хөдөө аж ахуйн орон гэдэг. Гэтэл өнөөдөр мах, гурил, сүү гээд өдөр тутмын хүнсээ авахаар гарч байгаа хүн бүр үнэ хэд болох бол доо гэж санаа зовдог болсон байна. Иргэдийн орлого тэр чигтээ өдөр тутмын хоол хүнсээ залгуулах зардал руу гарч байна. Үүнийг зөвхөн зах зээлийн асуудал уу гээд үзэхээр бас тийм биш. Уг нь төрийн зүгээс ХАА-н салбарыг байнга дэмжсээр ирсэн. Иргэдээ боломжийн үнэтэй, эрүүл баталгаатай хүнсээр хангах зорилгоор татвар төлөгчдийн мөнгөний багагүй хэсгийг энэ салбараа дэмжихэд зарцуулж ирсэн. Улаан буудай, сүү, хүнсний ногоо, арьс шир, ноос, ноолуур, үйлдвэрлэлийн хүчин чадал, техник технологи, түүхий эд зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнд урамшуулал, татаас, дэмжлэг өгч, хөнгөлөлттэй зээл олгож ирсэн. Тэгвэл яг юу өөрчлөгдөв гэсэн зүй ёсны асуулт гарч ирнэ. Тэгж мөнгө зарцуулсан юм бол үйлдвэрлэл нь хэр өсөв. Нэг малаас авах ашиг, шим, эсхүл нэг га газраас авах ургацын хэмжээ хэр нэмэгдэв. Бүтээмж нь ямар болов. Ажлын байр хэдээр нэмэгдэв. Энэ салбарт ажиллагсдын орлого өсөв үү, хүнсний үнэ буурав уу, импортын хамаарал буурав уу. Төр яг ямар бодлого хэрэгжүүлэв, татвар төлөгчдийн мөнгийг юунд зарцуулав, тэр нь тэгээд ямар үр дүнд авчрав гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ.
-Сонсголоор хэн нэгнийг харлуулдаг, шүүдэг, ялладаг гэж зарим хүн буруу ойлгодог. Үнэндээ 2008 оноос хойш энэ салбарт хяналт огт тавиагүй орхисон төрийн өөрийн алдаа байсан уу?
-Мах магнаг болох ёсгүй. Сүү, цагаан идээ, төмс, хүнсний ногоо бол монгол айлын өдөр тутмын хэрэглээ байх ёстой. Тийм ч учраас бид эргэн харж, хамтдаа сууж байгаад ярилцах нь зүйн хэрэг байсан.
Хэрэв буруутай бол түүнийгээ засч, цаашдаа давтахгүй байх. Зөв туршлагаа бусдадаа хуваалцах. Алдсан бол засъя, зөв явсан бол үргэлжлүүлье, зөрчил байвал хариуцлага тооцъё. Ийм нэг эргэж дүгнэх хэрэгцээ зайлшгүй байсан учраас 2008 оноос хойших хөдөө аж ахуйн салбарт төрөөс үзүүлсэн урамшуулал, дэмжлэг, татаасууд мөн хөнгөлөлттэй зээлүүдээр ерөнхий сонсгол хийх хэрэгцээтэй байгаа талаар байнгын хороон дээрээ санал гаргаж, гишүүд маань дэмжсэнээр энэ сонсголыг хийх болсон. Нэг өгүүлбэрээр хэлбэл, төр өөрийнхөө хийсэн ажлыг өөрөө хэмжиж, өөрөө хянах цаг ирсэн учраас энэ сонсгол хийгдэх болсон юм.
-Сонсголын явцад нэлээд том мөнгөн дүнгүүд яригдсан. Яг ямар хэмжээний төрийн дэмжлэг энэ салбарт очсон байна вэ?
-Энд хамгийн түрүүнд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид зөвхөн нэг жилийн төсөв ярьж байгаа юм биш. Олон жилийн турш давтагдсан дэмжлэг, урамшуулал, хөнгөлөлттэй зээлийн тогтолцоог ярьж байгаа. Шинжээчдийн нэгтгэсэн мэдээллээр өнгөрсөн 18 жилийн хугацаанд, бидэнд ирсэн мэдээллийн тооцоогоор хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 1.1 их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Үүнээс газар тариалангийн техник тоног төхөөрөмжид 176.1 тэрбум, үрийн буудайнд 154.7 тэрбум, шатахуунд 76.8 тэрбум, ургамал хамгааллын бодис, бордоонд 44.6 тэрбум төгрөг гэх мэтээр зарцуулжээ. Урамшууллыг дангаар нь авч үзвэл, улаан буудайнд 194.1 тэрбум, арьс ширэнд 61 тэрбум, сүүнд 47.9 тэрбум, хүнсний ногоонд 39.1 тэрбум, ноолуурт 174.9 тэрбум, ноосонд 20.7 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн мэдээлэл бий.
Эдгээр зургаан төрлийн урамшуулалд нийт 630 тэрбум төгрөг зарцуулсан гэж шинжээчдэд ирүүлсэн мэдээлэлд дурдсан. Энэ тоонууд дандаа ХХААХҮЯ-наас ирүүлсэн материал, тооцооллын хүрээнд гарсан дүн. Гэхдээ сүүлд ерөнхий хяналтын сонсголын өдөр яам танилцуулга хийхдээ 979 тэрбум төгрөг гэж танилцуулсан нь анхаарал татсан. Өөрөөр хэлбэл, хоёр мэдээллийн хооронд 349 тэрбум төгрөгийн зөрүү байна. Энэ бол өөрөө маш ноцтой асуудал.
-Сонсголын хоёр дахь өдөр хөнгөлөлттэй зээлийн асуудлыг ярих байсан. Их хэмжээний мөнгөн дүн энэ хөнгөлөлттэй зээлтэй холбогдсон шүү дээ?
-Хөнгөлттэй зээлийн асуудал есдүгээр сарын 29 буюу хоёр дахь өдрөө танилцуулагдах байсан ч байнгын хороодын гишүүдийн ирц хүрээгүйн улмаас яригдаж чадаагүй. Уг нь сонсголын хамгийн анхаарал татсан хэсгүүдийн нэг байсан нь үнэн. Сүүлийн 5-6 жилд Хүнсний хувьсгал, Цагаан алт, Атар-4, ноолуурын хөтөлбөр, ковид цар тахлын үед хэрэгжүүлсэн 10 их наядын хөтөлбөр, Шинэ хоршоо зэрэг зургаан хөтөлбөрөөр нийт 4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлсэн байна. Тиймээс үр дүн ямар байгааг асуухаас аргагүй. Эндээс зээл авсан хүмүүсийн тал хувь нь шахам малчид байдаг. Гэхдээ тэд нийт зээлийн дүнгийн 20 хувийг авсан. Малчдын авсан зээлийг хасаж тооцоход үлдсэн зээлдэгчдийн ердөө таван хувь нь нийт зээлийн 60 хувь буюу 2.1 их наяд төгрөгийг авсан байна. Асуудал зээл өгсөн эсэх тухай яриагүй шүү дээ. Харин зээлийн шалгуур үнэхээр хамгийн их хэрэгцээтэй байгаа жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжихэд байв уу, үгүй юу гэдэг хамгийн чухал нь. Нэг компани зургаан өөр хөтөлбөрөөс 19 удаа зээл авсан тохиолдол байгааг сонсголын үеэр дурдсан. Арван компанийн авсан нийт зээлийн дүн 860 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан гэсэн тоо ч гарсан.
-Зээл бол банкны шалгуураар л гарна гэх хүмүүс байсан. Тэгэхээр барьцаа хөрөнгөтэй, банкны сайн түүхтэй газруудад боломж их очно биз дээ?
-Тэгж таарна. Гэхдээ том компани зээл авч болохгүй гээгүй шүү. Харин төрийн дэмжлэгийн зорилго юу байсан бэ гэдгээ эргэж харах ёстой. Энгийн нэг жишээ татъя л даа. Сүүлийн 5–6 жилд олгосон 4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг нэг бүр нь нэг тэрбум төгрөг хүртэлх зээл авах боломжтой, салбартаа тодорхой хугацаанд ажилласан туршлагатай, бизнесийн түүхтэй, үр бүтээл гаргаж байгаа жижиг, дунд үйлдвэрлэгчдэд найман хувийн хүүтэйгээр олгосон бол 4,400 орчим бизнесийг өсөж хөгжих санхүүгийн боломж бүрдүүлэх байлаа. Хэрэв нэг бизнес дунджаар 4-5 ажлын байр бий болгож, үүнийгээ тогтвортой хадгална гэж тооцвол ойролцоогоор 17,600-22,000 ажлын байр гэсэн үг. Энэ мөнгөөр хэдэн бизнесийг бойжуулж, хэчнээн ажлын байр бий болгож, хэдэн татвар төлөгчдийн тоо нэмэгдэж, үйлдвэрлэлээ хэдээр өсгөж, эцэст нь иргэдэд ямар үр дүн хүргэв гэдэг чухал.
-Ер нь хэдэн тэрбумаар нь зээл авсан газрууд олон байна уу?
-Хамгийн их зээл авсан компани 183 тэрбум, дараагийнх 156 тэрбум, цаашлаад 99 тэрбум төгрөгийн зээл авсан тохиолдол байна. Мөн 50-76 тэрбум төгрөгийн зээл авсан компаниуд ч байна. Бүр хамаарал бүхий компаниудаараа нийлээд 220 тэрбум авсан ч компани байна. Дахин хэлье. Компанид зээл өгсөн нь буруу гээгүй. Хуулийн дагуу, шалгуурын дагуу, бизнесийн үр дүнтэй бол том компани ч зээл авч болно. Гэхдээ төрийн хөнгөлөлттэй зээлийн үндсэн зорилго нь зах зээлээс санхүүжилт авах боломжгүй, өсөх шаардлагатай, эргэлтийн болон хөрөнгө оруулалт хийхэд хүндрэлтэй, дэмжлэг зайлшгүй шаардлагатай, шинэ ажлын байр бий болгох жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих замаар иргэдэд импортоор авдаг хүнсний ногоог дотоодын ногоогоор хангах, махны үнийн улирлын хэлбэлзлийг боломжийн үнэд барин, хямд мах нийлүүлэх зэрэг байсан. Тэгэхээр энд тогтолцооны асуудал байгааг харж болно.
-“Малчдын тал хувь нь зээл авсан атлаа нийт зээлийн 20 хувь нь л малчдад очсон” гэж дээр хэллээ. Ер нь ХАА-н салбарыг дэмжих зээл тусламжийн дийлэнх газар тариалангийн салбарт очдог бололтой?
-Давхардсан тоогоор зургаан хөтөлбөрт ойролцоогоор 50 мянган иргэн, аж ахуйн нэгж хамрагдсан байдаг. Тэдний тал орчим нь малчид боловч нийт зээлийн 20 хувь нь малчдад ногдсон байгаа. Хүмүүсийн дунд “Шинэ хоршоо” буруу эсвэл “Хүнсний хувьсгал” буруу гэж эсрэгцүүлэх хандлага байна. Нийт хэдэн хувь нь зориулалтаар, хэд нь зориулалтын бусаар зарцуулсан, дахин санхүүжилт хийх замаар өөр бизнесээ эрсдэлээс хаав уу, эсвэл хувьдаа зарцуулчихсан уу, зээлийн эргэн төлөлт нь хэдэн хувьтай вэ гээд адилхан л шалгах шаардлагатай. Хяналтын асуудлыг ярьж байж дараа, дараагийн удаадаа алдаа гаргахгүй. Ер нь энэ сонсголоор малчин нь хөдөлмөрийнхөө үр шимээр амьдралаа сайжруулдаг, үйлдвэрлэгч нь үйлдвэрлэлээ тэлдэг, иргэн нь монгол мах, сүү, гурил, хүнсний ногоогоо боломжийн үнээр авч чаддаг байх ёстойг ойлгуулах гэж хичээлээ гэж олон хүн хэлж байна лээ.
-Эхний том зээлээрээ дараагийн зээлүүддээ баталгаа болох хөрөнгөтэй болдог байхыг үгүйсгэх аргагүй.Том компаниудад зээлийн материал бүрдүүлэх жижиг аж ахуйн нэгжүүдийн дэргэд амар л даа. Банкууд эрсдэлээ бодоод том компаниудад зээл өгөөд байдаг байж болох уу?
-Тийм байхыг үгүйсгэхгүй. Үнэндээ банк бол эрсдэл багатай, барьцаа хөрөнгөтэй харилцагчдаа сонгох хандлагатай. Асуудлыг зөвхөн банк руу түлхэж болохгүй. Төр өөрөө ямар эрсдэлийг үүрч, ямар эрсдэлийг банкинд үлдээж, ямар шалгуураар зорилтот бүлгээ сонгосон бэ гэдэг л чухал.
-Төр мөнгөө өгөөд байдаг ч эргээд хариуцлагын тогтолцоогоо бий болгоогүй гэсэн шүүмжлэлтэй та санал нийлэх үү?
-Энэ сонсголоор хамгийн их тавигдсан асуултуудын нэг. Дэмжлэг гэдэг нь зүгээр л мөнгө тараах тухай ойлголт биш юм. Жишээ нь, буцаан төлөх нөхцөлтэй дэмжлэг олгосон бол эргэн төлөлт, хяналт, хариуцлагын тогтолцоо заавал байх ёстой. Харин бид олон жил “Хэн хэдийг авсан бэ?” гэдэг дээр төвлөрч байснаас мөнгө өгөөд ямар үр дүн гарсныг хэмжиж байсангүй. Өгч байсан дэмжлэгүүд ямар үр нөлөө өгснийг төр өөрөө хэмжиж, дүгнэж байсангүй. Төрийн бодлого салбарыг байнга тэжээдэг биш, тодорхой хугацаанд дэмжээд өөрөө хөл дээрээ тогтож, өрсөлдөх чадвартай болгох ёстой.
-Сонсголын үеэр Үндэсний аудитын газрын мэдээлэл нэлээд ноцтой байсан. Тэр талаар тодруулж хэлж өгөхгүй юу?
-Үндэсний аудитын байгууллагын ирүүлсэн мэдээллийг нэгтгэн үзэхэд сүүлийн есөн жилийн аудитын тайлангуудад туссан алдаа, зөрчлийн нийт дүн 2.6 их наяд төгрөгт хүрч байгаа урьдчилсан мэдээлэл байна. Үүнд зээл, татаас авсан аж ахуйн нэгжтэй тооцоо нийлж акт үйлдээгүй, хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэх шат дараалсан арга хэмжээ аваагүй, төсвийн хөрөнгөөр бий болсон өмчийг тайлан баланст бүртгээгүй зэрэг асуудал дурдагдсан. Мөн 2025 оны эцсийн байдлаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн чанаргүй, муу зээлийн үлдэгдэл 130 тэрбум төгрөгт хүрсэн урьдчилсан тооцоо байна. Гэхдээ 2.6 их наядын бүх дүнг “хулгай” гэж хэлж болохгүй. 130 тэрбумын бүх зээлийг “хууль бус” гэж бас хэлж болохгүй. Аудитын алдаа, зөрчил, чанаргүй зээл, ашиг сонирхлын зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдгийг хооронд нь ялгаж, тус бүрийг баримтаар тогтоох ёстой.
-Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил, улс төрийн хамааралтай компаниудын асуудал илэрсэн үү?
-Шинжээчдийн материалд ноцтой зүйлс гарч ирсэн. Улс төрийн нөлөө бүхий албан тушаал эрхэлж буй хүмүүсийн хамаарал бүхий компаниуд их хэмжээний зээлд хамрагдсан байж болзошгүй асуудлыг цааш нягтлах шаардлагатай гэж үзэхээр нөхцөлүүд гарч ирсэн.
-ХХААХҮЯ-наас мэдээлэл дутуу ирүүлсэн асуудал яригдсан. Яагаад ингэж хойрго хандсан юм бол?
-Удаа дараа тодорхой мэдээлэл ирүүлэхийг шаардахад ирүүлэхгүй, өнгөц мэдээлэл явуулж аргалж байгааг би шүүмжилж, бас зарим мэдээ мэдээллийг нуун дарагдуулаад байна уу гэж хардахаас аргагүй байдалд хүргэж байсан. Мэдээллээ өгөхгүй, дутуу өгөх, эсвэл нэг байгууллагаас өөр өөр тоо гарч байгаа байдал төрийн засаглалын ноцтой асуудал гэж ойлгож байна. Сонсголд бэлтгэх хугацаанд олон байгууллагаас мэдээлэл авсан. ХХААХҮЯ 100 орчим хоногийн дараа зургаан хайрцаг материал ирүүлсэн боловч тэдгээрийн дотор дэмжлэг, урамшуулал, татаас авсан томоохон аж ахуйн нэгжүүдийн чухал мэдээлэл дутуу, харин шууд хамааралгүй ном, товхимол хүртэл байсан талаар дурдаж байсан. Ажлын хэсэг зөвхөн яамны өгсөн материалд тулгуурлаагүй. Шилэн данс, shilen.gov.mn, opendata.mn, гааль, үндэсний архив, статистик, улсын бүртгэл, Сангийн яам, Монгол банк, арилжааны банк болон бусад эх үүсвэрийн мэдээллийг тулгаж ажилласан. Эндээс дүгнэхэд нэг бол төрийн байгууллагууд мэдээллээ бүрэн ил тод болгохгүй байна, эсвэл төр өөрөө мэдээллээ нэгтгэж, удирдаж чадахгүй байна гэж харагдаж байна. Бидэнд одоогоор байгаа мэдээлэл өөрөө маш ноцтой тоонуудыг харуулж байгаа.
-Та Хянан шалгах түр хороо байгуулж ажиллана гэж мэдэгдсэн. Хуульд заасан гишүүдийн тоо бүрдсэн гэв үү, энэ их эрх ашиг байхад Хяналтын түр хороог бүрдүүлж ажиллуулах болов уу?
-Сая Ерөнхий сонсголоор бидний хязгаарлагдмал хүрээнд ажилласан баримт дунд ямар хэмжээний зөрчил байгааг цугтаа харлаа шүү дээ. Тиймээс дараагийн шатанд мөрдөж шалгах эрх бүхий Хяналтын түр хороо байгуулж ажиллах хэрэгцээ байгаа дээр манай ажлын хэсгийнхэн санал нэгдсэн. УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг буюу 32 гишүүн үүнийг дэмжиж гарын үсгээр зурахад Хяналтын хороо байгуулах тогтоол батлахыг хүсч, УИХ-аар оруулах боломжтой болдог юм. Одоогийн байдлаар 38 гишүүн санал нэгдэж, саналын босгоо давчихаад байна. Гишүүдийн дөрөвний нэг дэмжиж гарын үсэг зурснаар тогтоолын төслийг өргөн мэдүүлж, УИХ хэлэлцээд тогтоол баталж түр хороо байгуулах хуультай. Түүнээс УИХ-ын олонх түр хороо байгуулах эсэхийг шийдэж, улс төрийн сонголтоор хаах боломжгүй юм.
-Сонсгол гэхээр хүмүүс бас айдаг болж. Танд ажиглагдсан уу?
-Ер нь сонсгол бол хэн нэгнийг намнах гэж хийж байгаа ажил биш. Харин УИХ хянах чиг үүргийнхээ хүрээнд хийж байгаа арга хэмжээ. Нам, фракц, албан тушаалын тэмцэл цаана нь байгаа юм биш харин монгол айлын ширээн дээрх мах, сүү, гурилын үнэ, иргэдийн, малчны орлого, тариаланчийн үйлдвэрлэл, татвар төлөгчдийн мөнгөний үр өгөөжийн тухай ярьж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Өнгөрсөн он жилүүдэд ийм их мөнгийг зарцуулсан байтал импортын хамаарал ер буураагүй байна лээ. Бүр 5-6 дахин өссөн байсан. Та үүн дээр юу хэлэх вэ?
-Энэ бол хамгийн их санаа зовоож байгаа асуудал. Хүнс бол зүгээр нэг худалдааны бараа биш. Хүнсний хангамж тасалдах, импортын хэт хамаарал үүсэх, дотоодын үйлдвэрлэл тогтворгүй байх нь эцэстээ үндэсний аюулгүй байдлын асуудал. Хүнсний аюулгүй байдлыг анхаарахгүй бол аюул ойрхон байна. Төр мөнгө зарцуулснаараа хүнсний аюулгүй байдлыг хангачихдаггүй. Тэр мөнгө хүнсний бодит бэлэн байдал, тогтвортой нийлүүлэлт, хүртээмж, үнийн тогтвортой байдал болж хувирсан эсэх нь чухал. Цаашлаад бид хүнсний баталгаат байдлыг ч хянаж, хэмждэг, анхаардаг болох шаардлага нэн чухал байна.
-Та энэ асуудлыг хөндөж, сонсгол зохион байгуулснаараа олон “дайсан” бэлдэж байгаа юм биш үү?
-Би энэ ажлыг хэн нэгний даалгавраар хийж байгаа юм биш. Даалгавар өгсөн хүмүүс гэвэл ард түмэн гэж хэлнэ. Бид нэг хүнийг, нэг компанийг онилоогүй. Харин 18 жилийн турш хэрэгжсэн төрийн бодлогоо эргээд нэг харцгаая гэлээ. Хэн нэгэн гомдмоор санагдаад байвал татвар төлөгчдийн мөнгийг зөв зарцуулсан уу гэж өөрөөсөө нэг асуугаарай. Сонсголын өмнө ч, дараа ч гомдогсод, айлгагсад зөндөө байна. Тэр бүгдийг үл ажирч энэ ажлынхаа ард гарья гэж хичээлээ. Ард түмний мэдэх эрхийг хангах гэж хичээлээ. Иргэд маань өөрсдийнх нь татварт төлсөн мөнгийг төр хэрхэн зарцуулдаг гэдгийг мэдэж, хамтдаа хянах ёстой гэж бодсон. Татвар төлөгчдийн мөнгийг төр зөв зарцуулж чадаж байгаа бол өнөөдөр хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ ингэтэл өсөхгүй байсан гэдгийг захын хүн ч хэлэхээр байгаа. Тиймээс дараа дараагийн он жилүүдэд зөв бодлого, хяналттай тогтолцоогоор асуудалд хандаасай гэсэндээ хийсэн. Цаашид ч үүний араас шаргуу явах болно.
Өдрийн сонин



