УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхлээгүй байна. Хуралдааныг үдээс хойш 14.00 цагаас товложээ. Нэгдсэн чуулганаар дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудал үргэлжлэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, бусад гэсэн таван асуудал хэлэлцэнэ.
Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/ хэлэлцэнэ.
Эдийн засгийн байнгын хороо 12.00 цагт хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас Монголбанкны Ерөнхийлөгчид хандсан Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцэхээс гадна Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/ хэлэлцэхээр товложээ.



