/TASS/ 2026 оны химийн салбарын Нобелийн шагналыг Францын эрдэмтэн Анри Каган, Японы эрдэмтэн Кэнсо Соаи нарт олгохоор болсон тухай Шведийн Эзэн хааны Шинжлэх ухааны академийн дэргэдэх химийн салбарын Нобелийн хороо мэдэгджээ.
Тэдэнд “тэгш бус органик нийлэгжилт дэх шугаман бус нөлөө болон өөрөө катализжих үзэгдлийг нээснийх нь төлөө” энэхүү нэр хүндтэй шагналыг хүртээхээр шийдвэрлэсэн байна.
“Зарим молекул, тухайлбал амин хүчил бие биенийхээ толин тусгал болсон хоёр хувилбараар оршдог. Гэвч амьд организмуудад эдгээр толин тусгал хэлбэрүүдийн зөвхөн нэг нь л байдаг. Ийм химийн тэгш бус байдал хэрхэн үүссэн бэ гэдэг асуулт химичдийн хувьд удаан хугацаанд тайлагдашгүй оньсого байсаар ирсэн. Анри Каган, Кэнсо Соаи нар энэ асуудлыг шийдвэрлэсэн учир 2026 оны химийн салбарын Нобелийн шагналыг хүртэж байна” гэж Нобелийн хорооны мэдэгдэлд дурдаад, эрдэмтэд "химид толин тусгал хэлбэрийг сонгох боломжийг олгосон" хэмээн онцолжээ.
Анри Каган Парис-Сюдын их сургуульд, Кэнсо Соаи Токиогийн Шинжлэх ухааны их сургуульд ажилладаг байна.
Гомохираль чанар буюу биетүүд өөрсдийн толин тусгалтайгаа үл давхцах шинж чанарыг үүсгэдэг урвалуудыг удирдах боломжийг химичдэд олгосон нээлтүүдийнх нь төлөө тэдэнд Нобелийн шагналыг олгожээ.
Каган 1986 онд химийн урвалыг удирдах шинэ аргыг нээсэн нь хоёр толин тусгал хэлбэрийн аль нэгийг нөгөөгөөс нь өмнө нь боломжтой гэж үзэж байснаас хавьгүй их хэмжээгээр гарган авах боломжийг олгосон байна.
Харин Соаи 1995 онд гомохираль чанар үүсгэх анхны химийн урвалыг боловсруулсан байна. 2003 онд тэрбээр толин тусгалын дүрс мэт хоёр изомерийн зөвхөн нэгийг нь л үүсгэдэг урвалыг танилцуулжээ. Үүнээс өмнө хүн төрөлхтөн ийм үр дүнд хүрч байгаагүй юм.
“Анри Каган, Кэнсо Соаи нар химичид зуу гаруй жилийн турш тайлж чадаагүй нэгэн оньсогын хариуг олсон. Өөрөөр хэлбэл, гомохираль чанар хэрхэн аяндаа үүсэж болохыг тайлбарласан. Тэдний боловсруулсан химийн урвалууд үнэхээр гайхалтай” гэж химийн салбарын Нобелийн хорооны дарга Хайнер Линке онцолжээ.
Энэ жилийн шагналтнуудын нээлт нь эмийн үйлдвэрлэлд ашиглах химийн урвалыг боловсруулж буй химичдийн ажилд онцгой ач холбогдолтой гэдгийг шинжээчид тэмдэглэж байна.



