Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг орчин үеийн технологид тулгуурлан иж бүрэн тоноглосноор гамшиг, ослын дуудлага, мэдээллийг шуурхай хүлээн авч, нөхцөл байдлыг нэгтгэн боловсруулах, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах боломж бүрджээ.
Мөн нийслэлийн хэмжээнд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камеруудыг үе шаттай суурилуулж байна. Одоогоор 13 байршилд суурилуулсан бөгөөд Багахангай, Багануур, Налайх дүүрэг мөн багтлаа. Өндрийн камер нь хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар галын дөл, утааг алсын зайнаас шууд илрүүлж, 10 километр хүртэлх радиуст гал түймрийн аюулыг мэдрэх боломжтой аж. Ингэснээр иргэний дуудлага, мэдээллийг хүлээлгүйгээр гал түймрийн аюулыг эрт илрүүлж, холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх нөхцөл бүрдэнэ.
Түүнчлэн Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах, гал унтраах анги, салбаруудыг камержуулахын зэрэгцээ гал сөнөөгч бүрийг энгэрийн камераар тоноглож, дүрс бичлэгийн мэдээллийг Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвтэй уялдуулах технологийн шийдлийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна. Түүнчлэн камерын хяналт, мэдээллийн нэгдсэн системийг ашигласнаар аврах, гал унтраах ажиллагааг дүрсээр баримтжуулах, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ.




