x

Л.Соронзонболд: 110 сая ам.долларын бэлэн мөнгө гарсан бол гүйлгээний хяналтын системээр илрэх ёстой

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Л.Соронзонболдтой мөнгөний бодлого, төрийн өмчит компанийн санхүүгийн асуудлын талаар ярилцлаа.

-Хурдан морины уралдааныг хавар зохион байгуулах, унаач хүүхдийн асуудлаарх эрх зүйн өөрчлөлт хийгдэхээр яригдаж байгаа. Энэ асуудал гишүүдийн дунд маргаантай байх шиг байна. Таны хувьд асуудлыг хэрхэн харж байгаа вэ?

-Би хуулийн төслийг өргөн барьсан гишүүдийн нэг. Тойрогт суманд ажиллахад хамгийн их асууж, саналаа хэлдэг сэдвүүдийн нэг учраас шийдлийг нь гаргаж, дэмжсэн.

-Мөн Усны тухай хуульд тал талын байр суурьтай гишүүд олон байна. Та уг хуулийн өөрчлөлтөд ямар байр суурьтай байгаа вэ?

-Усны тухай хуулийг хэлэлцэхийг нь дэмжсэн. Ажлын хэсэг дээр шаардлагатай засварыг оруулаад явах хэрэгтэй гэж харж байна. Хуулийн өөрчлөлтийн хүрээнд үйл ажиллагаанд нь хүндрэл, саад бэрхшээлд орж болзошгүй салбаруудын өнцгийг сайн сонсож, утга найруулгын хүрээнд шаардлагатай засварыг оруулах байх.

-Таны хувьд энэ намрын чуулганаар ямар хуулийн төсөл дээр анхаарч ажиллаж байгаа вэ?

-Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон Санхүүгийн хоршооны тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг ахалж байна. Мөн Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсгүүдэд ажиллаж байна. Намрын чуулганаар Монгол Улсын төсвийн болоод мөнгөний бодлогын уялдааг хангах, Төв банк Засгийн газрын үйл ажиллагаанаас тусдаа бие дааж, үйл ажиллагаа явуулах суурь шинэчлэлтийг хийх 2027 оны мөнгөний бодлогын чиглэлийн төслийн ажлын хэсгийг ахалж, батлууллаа.

-УИХ дээр төрийн өмчит компаниудын мөнгөн хөрөнгийг нээлттэй зах зээлээс тусгаарлах асуудал яригдаж байна. Энэ нь ямар учиртай вэ?

-Ойролцоогоор 15 их наяд төгрөгийн үлдэгдэл байгаа. Монголбанкны мэдээллээс харахад үүний гуравны нэг орчим буюу 5-6 их наяд төгрөг нь төрийн өмчит компани болон төсөвт байгууллагуудын арилжааны банкин дахь харилцах, хадгаламжийн мөнгө байна. Тэр мөнгө эргээд арилжааны банкуудаар дамжин Монголбанкны үнэт цаасанд байршуулж байгаа. Монголбанк 2012 оноос хойш хуримтлагдсан алдагдалтай. Энэ алдагдлын хэмжээ ойролцоогоор 6.8 их наяд төгрөгт хүрсэн. Алдагдлын тодорхой хувийг Монголбанкны үнэт цаасны хүүгийн зардал эзэлж байна. Тэгэхээр төр өөрийн мөнгөн хөрөнгөд хүү төлж байгаа асуудал үүсч байгаа юм. Тиймээс төрийн мөнгөн хөрөнгийг нээлттэй зах зээлийн үйл ажиллагаанаас тодорхой хэмжээнд тусгаарлах эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар УИХ-аас Монголбанкинд үүрэг өгч байгаа. Өнөөдрийн байдлаар төрийн өмчит компаниуд ашигтай ажиллах ёстой, орлогоо нэмэгдүүлэх ёстой. Ашигтай ажилласан тохиолдолд дор хаяж 30 хувийн ногдол ашгийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлэх чиглэл баримталж байна. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниудын ногдол ашиг улсын төсөвт орж ирэх бодлого хэрэгжиж байгаа. Тиймээс төрийн мөнгөн хөрөнгийг нээлттэй зах зээлээс тусгаарлах ажиллагаа нь энэ бодлоготой уялдаж байгаа гэж хэлмээр байна.

-Төрийн өмчит компаниудын мөнгөн хөрөнгийг ингэж зохицуулснаар арилжааны банкуудад байршуулж байсан мөнгөний хүүгийн орлого нь яах вэ гэсэн шүүмжлэл гарч байна?

-Байршиж байгаа мөнгө нь өөрөө харилцан адилгүй. Харилцах дансанд байршуулж байгаа мөнгө өөр, хугацаагүй хадгаламжид байршуулж байгаа мөнгө өөр хүүтэй. Нэг жилийн хугацаатай хадгаламжийн хүү өөр, зургаан сарынх өөр гэх мэт. Энэ бүгдийг бодолцож үзэх ёстой. Монголбанкинд өгсөн үүргийн дагуу одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн орчны хүрээнд төрийн өмчит компаниуд болон төрийн мөнгөн хөрөнгийг ямар байдлаар нээлттэй зах зээлээс тусгаарлах вэ, энэ тохиолдолд төрийн өмчит компаниудын ямар эрх ашиг хөндөгдөх вэ, тэр эрх ашгийг хөндөж байгаа зүйлсийг яаж сайжруулах, өөрчлөх вэ гэдгийг бүгдийг нь бодолцож байж хийх ёстой.Тэрнээс биш шууд зэрэг хийх гэж байгаа асуудал биш гэдгийг хэлье.

-Та ажлын хэсгийг ахалж байгаа. Тогтоолын төсөлд яг ямар заалтууд байгаа юм бэ. Төрийн өмчит компаниудын мөнгөн хөрөнгийг нэгтгэх данс Монголбанкны дэргэд байгуулагдах юм уу, эсвэл Төрийн сантай нэгтгэх юм уу?

-Төрийн сан гэдэг нь төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвтэй холбоотой гүйлгээ хийдэг, Монголбанкин дахь харилцах данс шүү дээ. Тэгэхээр төрийн өмчит компаниудын дансыг шууд Төрийн сантай нэгтгэж байгаа асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Монголбанкинд өгсөн үүрэг нь төрийн мөнгөн хөрөнгийг нээлттэй зах зээлээс тусгаарлах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллах гэсэн даалгавар юм. Монголбанк одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн орчны хүрээнд төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг доголдуулахгүй, бусад ажилд нь сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр яаж зохицуулах боломжтой байна, тэр хүрээндээ санал оруулж ирэх ёстой.

-Тэгвэл хөрөнгө оруулалт татах, IPO гаргах асуудалд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахтай холбоотойгоор шинээр нэмж хувьцаа гаргах, олон улсын менежментийн компаниар хариуцлагатай удирдуулах, хөрөнгөө нэмэгдүүлэх зэрэг асуудал яригдаж байгаа. Энэ үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ёстой. Тэр хүрээнд эрх зүйн орчны уялдаа холбоог бүрдүүлэх ажлыг л хийх ёстой. Төрийн өмчит компани болгон дээр нөхцөл байдал харилцан адилгүй. Зарим нь ашигтай ажиллаж байна, зарим нь алдагдалтай. Мөн мөнгөн хөрөнгө ихтэй компани байна, мөнгөн хөрөнгө багатай компани байна. Тэгэхээр энэ бүгдийг судлаад аль алиных нь эрх ашгийг хангасан эрх зүйн орчныг бүрдүүлэх даалгавар өгч байгаа юм.

-Нэг талдаа төсвийн байгууллагуудын дансны үлдэгдэл дутвал төрийн өмчит компаниудын мөнгийг авч ашиглан алдагдлаа нөхөх гэж байгаа юм биш үү?

-Хэрвээ тэгэх юм бол хамгийн буруу үйлдэл болно шүү дээ. Тэрийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Би түрүүн хэлсэн. Төрийн сан гэдэг нь төсвийн ерөнхийлөн захирагч нарын тухайн батлагдсан төсвийн хүрээнд гүйлгээ хийдэг Монголбанкин дахь данс юм. Тэгэхээр төрийн өмчит компаниудын дансыг Төрийн сан руу оруулах асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Төрийн өмчит компаниудын хувьд аль нь ашигтай, аль нь алдагдалтай ажиллаж байгаа вэ?

-Тэр мэдээллийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Үндэсний баялгийн сан зэрэг байгууллагын мэдээллээс дэлгэрэнгүй авч үзэх хэрэгтэй. Би одоо шууд цээжээр хэлж чадахгүй байна. Ерөнхийдөө цөөн тооны төрийн өмчит уул уурхайн компаниуд илүү ашигтай ажиллаж байгаа. Банк, санхүүгийн салбараас Төрийн банк ашигтай ажиллаж байгаа байх. Мөн ганц, хоёр холбооны компани гайгүй ажиллаж байж магадгүй.

-Монголбанк яагаад ийм их хэмжээний алдагдалтай болчихов?

-2012-2025 оны хооронд Монголбанк төсвийн шинжтэй 23 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Энэ хүрээнд бараг 19 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн. Үүнээс 14.1 их наяд төгрөг нь төлөгдсөн бөгөөд ойролцоогоор 5.2 их наяд төгрөгийн санхүүжилтийн үлдэгдэл байна. Өөрөөр хэлбэл, Монголбанк Засгийн газрын өмнөөс мөнгө гаргаж, санхүүжүүлсэн гэсэн үг. Тэгэхээр энэ мөнгийг Засгийн газар Монголбанкинд өгөх ёстой. 5.2 их наяд төгрөгийн санхүүжилтийн үлдэгдлийн 4.1 их наяд төгрөг нь ипотекийн зээлийн хөтөлбөртэй холбоотой. Монголбанк мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ оруулж ирэхдээ ипотекийн зээлийн хөтөлбөрийг бүрэн шилжүүлж авах санал тавьсан. Гэтэл бид УИХ-аас 2027 оны төсвийг баталсан учраас үүнийг шууд шийдвэрлэх боломж Засгийн газарт байхгүй. Тиймээс 2027 онд Монголбанк, Засгийн газар хамтраад ипотекийн зээлийн хөтөлбөрийг шилжүүлэх төлөвлөгөө, санхүүжилтийн хөтөлбөрийг тодорхой болгож оруулж ирэх даалгавар өгч байгаа. Нөгөө талдаа Монголбанк өөрөө 6.8 их наяд төгрөгийн алдагдалтай байгаа. Энэ алдагдлын дөрвөн их наяд төгрөг нь 2012-2026 оны хооронд хэрэгжүүлсэн төсвийн шинжтэй арга хэмжээ, хөтөлбөрүүдтэй холбоотой юм. Тийм учраас Төв банкны тухай хуулиар Засгийн газар өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх үүрэгтэй. Энэ асуудлаас болоод мөнгөний бодлогын үндсэн чиглэлд Засгийн газрын үнэт цаасыг 2027-2030 онд жил бүр нэг их наяд төгрөгөөр гаргах зохицуулалт оруулж байгаа. Ингэснээр цаашдаа төв банкны үнэт цаас гаргах хэмжээ Засгийн газрын үнэт цаас гаргах хэмжээгээр буурч, хязгаарлалт тогтоож өгч байгаагаараа онцлогтой. 2028-2032 оны хооронд Монголбанкны өөрийн хөрөнгийг нөхөх ажлыг Засгийн газар хийх ёстой.

-110 сая ам.долларын гүйлгээтэй холбоотой асуудлаар Монголбанкны дансны гүйлгээг хянаж, олон нийтэд мэдээлэл өгөх шаардлагатай байна гэж ярьсан. Энэ асуудалд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Би өөрөө арилжааны банкинд ажиллаж байсан хүн. Ерөнхийдөө өдөр тутамдаа нэг удаагийн 20 сая төгрөгөөс дээш гүйлгээ Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд хянагдаж байдаг. Хэрэв үнэхээр 110 сая ам.долларын бэлэн мөнгө гарсан асуудал байгаа бол тухайн үедээ гүйлгээний хяналтын системээр илрэх ёстой. Тийм учраас тодорхой цаг хугацааг заагаад энэ хооронд үнэхээр ийм асуудал гарсан уу, гараагүй юу гэдгийг Монголбанкнаас тодруулж асуух нь зүйтэй.

-Ер нь Монголбанкны дансаар яваагүй байлаа гэхэд ийм их хэмжээний бэлэн мөнгө манай зах зээл рүү орж, гарсан байх магадлалтай асуудал яригдаж байна. Энэ дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Бид сая Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн чиглэлтэй холбоотойгоор ажилласан. 110 сая ам.долларын асуудал бол сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд яригдлаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудал дээр шаардлагатай гэвэл тодорхой ажлын хэсэг гарч ажиллах боломжтой гэж харж байгаа. Шаардлагатай бол УИХ-аас ажлын хэсэг гараад энэ асуудал үнэхээр болсон уу, болоогүй юу гэдгийг тодруулах боломжтой.

-Та арилжааны банкны захирал байсан хүн. Төрийн өмчит компани ч гэсэн нэг компани шүү дээ. Дансыг нь нэгтгээд хянаж эхэлбэл тухайн компанийн захирал ажлаа хэвийн хийж чадах уу?

-Би түрүүн ярьсан. Тэр дансыг нэгтгэх тухай асуудал юм уу, ямар байдлаар шийдвэрлэх вэ гэдгийг боловсруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх даалгавар өгч байгаа. Эрх зүйн орчныг бүрдүүлэхдээ компани болгон өөр өөр. Үйл ажиллагаа явуулж байгаа чиглэлээсээ хамаараад мөнгөн хөрөнгийн хэрэгцээ нь янз бүр байна. Тэгэхээр тэр бүхнийг бодолцсон эрх зүйн орчныг л бүрдүүлэх ёстой. Тэрнээс биш туйлширсан байдлаар бүгдийг нь нэгтгээд, ямар ч гүйлгээ гаргахгүй болгож зогсоох асуудал биш.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарь ирэх сарын 7-нд гарна 4 мин Л.Соронзонболд: 110 сая ам.долларын бэлэн мөнгө гарсан бол гүйлгээний хяналтын системээр илрэх ёстой 10 мин Шахмал түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгээс дээж авч хөндлөнгийн лабораториор шинжлүүлнэ Уржигдар 13 цаг 11 мин АНУ-ын шүүх иргэншлийн асуудлаарх Трампын шинэ зарлигийг хүчингүй болгов Уржигдар 13 цаг 03 мин “Тусгаар тогтнол-2026" дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээлээ Уржигдар 10 цаг 59 мин Лу.Гантөмөр: Бүх түвшинд нэн яаралтай авлигыг зогсоож, үнийн өсөлтийг тогтворжуулах хэрэгтэй Уржигдар 09 цаг 51 мин АНУ-ын шинэ татварыг Хятад улс эрс эсэргүүцэв Уржигдар 08 цаг 46 мин Ус хайх зориулалттай сарнаа явагчийг Японд амжилттай туршлаа 2026-11-26 Бүгд найрамдах улс байгуулсны 102 жилийн ой тохиож байна 2026-11-26 Дуучин Ай Юү ирэх оны нэгдүгээр сард дэлхийг тойрох аялан тоглолтоо эхлүүлнэ 2026-11-26 Пуэрто-Рикогийн гоо бүсгүй “Miss Universe-2026” тэмцээнд түрүүллээ 2026-11-26 Д.Өлзий-Эрдэнэ: Мотоциклтэй аялахад өдөр бүрийн зам шинэ, аялал бүр өөр байдаг 2026-11-26 Түрэмгийлэгч хоёр гүрний гэрээ: Герман улс Евразийн нөгөө хязгаараас холбоотон хайсны учир 2026-11-25 Ерөнхий сайд Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ 2026-11-25 Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна 2026-11-25 Р.Гончигдорж: Хуульгүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон гүйцэтгэж болохгүй 2026-11-25 МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээж авна 2026-11-24 Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 2026-11-24 Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 2026-11-24 Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 2026-11-24
iИх уншсан
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлө... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чи... Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н... Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв Р.Гончигдорж: Хуульгүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон... Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа о... Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүл... АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах ту... Лу.Гантөмөр: Бүх түвшинд нэн яаралтай авлигыг зогсоож, үнийн... СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд... МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээж а... Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдуг... Дуучин Ай Юү ирэх оны нэгдүгээр сард дэлхийг тойрох аялан то... “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 2... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн АНУ-ын шүүх иргэншлийн асуудлаарх Трампын шинэ зарлигийг хүч... Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллэ... Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлө... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжэ...
Top