АНУ, Европын орнууд НАТО-гийн гэрээний 5 дугаар зүйлд заасантай адил аюулгүй байдлын баталгааг Украинд олгохыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хаалттай хэлэлцээний үеэр зөвшөөрсөн гэж АНУ-ын “Вашингтон пост” сонины тоймч Дэвид Игнатиус хэлэлцээнд ойр эх сурвалжийн мэдээллээс эш татан ням гаригт бичжээ. Үүний зэрэгцээ В.Путин НАТО-гийн цэргийг Украины нутаг дэвсгэрт байрлуулахгүй байх нөхцөлийг тавьсан байна.
Хэрэв ийм тохиролцоонд хүрсэн тохиолдолд ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг сулруулна. Гэхдээ Оросын тал дахин довтлох зорилгоор цэргийн хүчээ төвлөрүүлбэл хязгаарлалтуудыг эргүүлэн сэргээнэ гэж тус сонинд бичжээ. Түүнчлэн Украинд НАТО-гийн цэргийн баазыг байрлуулахгүй байхын хариуд гал зогсоосны дараа цэргээ хилээс татахыг АНУ-ын тал Оросын талд санал болгосон байна. Хэрэв Оросын цэргүүд дахин халдан довтолбол эвслийн хүчнийг Украины нутаг дэвсгэрт нэн даруй оруулах аж.
АНУ, Европын төлөөлөгчид мөн Оросын тал тохиролцоогоо биелүүлж байгаа эсэхийг хянах механизмын талаар, дахин хямрал үүссэн тохиолдолд шуурхай холбоо тогтоох арга замыг хэлэлцсэн гэж сонины эх сурвалж ярьжээ. Уг нийтлэлд Оросын эрх баригчид одоогоор тайлбар хийгээгүй байна.
Аюулгүй байдлын ийм баталгааг Украинд олгох асуудлаар бид Оросын талтай тохиролцоонд хүрч чадсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч төлөөлөгч Жаред Кушнер энэ сарын 19-нд мэдэгджээ.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков мэдэгдэхдээ, Украиныг НАТО-д гишүүнээр эсвэл хэсэгчлэн гишүүнээр элсэхтэй адил нөхцөл үүсгэх аливаа тохиролцоог Кремль хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. “Энэ асуудлаар ямар нэгэн “бүтээлч” гэх тодотголтой шийдэл эрэлхийлэх нь бидний хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй хувилбар юм” хэмээн Оросын дипломатч онцолсон байна.
Умард Атлантын эвслийн аль нэг гишүүн оронд цэргийн хүчээр халдан довтолбол эвслийн бүх гишүүн улсын эсрэг чиглэсэн түрэмгийлэл гэж үзэж, хамтран батлан хамгаалах үүргийг бусад гишүүд хүлээнэ гэж 5 дугаар зүйлд заажээ.
The Washington Post



