Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир “Тэтгэлэг” аппликейшнийг үүсгэн байгуулагч Б.Батзаяаг хүлээн авч уулзаж, дотоодын тэтгэлгийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Боловсролын Яамны мэдээлснээр, “Тэтгэлэг” аппликейшн нь үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойших 10 жилийн хугацаанд Монголын оюутан, залуучуудад дотоод, гадаадын тэтгэлэгт хөтөлбөр, оюутан солилцоо, сайн дурын ажил, дадлага, уралдаан тэмцээний мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлж ирсэн ба гар утасны аппликейшн, вэб платформоор дамжуулан үйл ажиллагаагаа явуулж байна.
Уулзалтаар дотоодын аж ахуйн нэгжүүд оюутан, сурагч, залуучуудад тэтгэлэг олгох, сургалт, боловсролыг дэмжихэд зарцуулсан хөрөнгийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлт, хасагдах зардлын зохицуулалттай уялдуулах боломжийн талаар хэлэлцэв.
Тухайлбал, аж ахуйн нэгжүүд ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэх, чадварлаг төгсөгчдийг байгууллагадаа татах, нийгмийн хариуцлагын хүрээнд тэтгэлэг, дадлага, оюутны хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байдаг. Энэ хүрээнд “Тэтгэлэг” аппликейшнээр дамжуулан аж ахуйн нэгжүүд өөрийн нэрэмжит тэтгэлэг, дадлага, хөгжлийн хөтөлбөрөө мэргэжил, сургууль, боловсролын түвшнээр зорилтот бүлэгт хүргэх боломжтой юм.
Мөн тэтгэлгийн өргөдөл хүлээн авах, сонгон шалгаруулалт хийх, тэтгэлэгт хамрагдсан оюутан, залуучуудын мэдээллийг нэгтгэж, аж ахуйн нэгжүүдийн боловсролын салбарт оруулж буй хувь нэмэр, үр нөлөөг тайлагнах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд аппликейшний хөгжүүлэлтийг өргөжүүлж, тэтгэлэг байршуулах, өргөдөл шүүх, тайлан татах зэрэг үйлдлийг нэвтрүүлэхийн зэрэгцээ тэтгэлгийн гэрээ, олгосон санхүүжилтийн дүн, шилжүүлгийн баримтыг аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн программ, татварын тайлантай уялдуулан бүртгэх боломжтой талаар танилцууллаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь аж ахуйн нэгжүүдийн боловсролд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оюутан, сурагч, залуучуудын тэтгэлэгт хамрагдах боломжийг өргөжүүлэх, боловсролын салбар, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.



