Ерөнхий сайд Н.Учрал “ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн бид хоёр хурандаа ч танихгүй, хулгайч ч танихгүй” гэж удаа дараа хэлсэн. Тэгвэл “Хурандаа таних” нь байтугай “Хурандааг Генерал болгодог хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ?
Авлигын хэрэгт холбогдсон эсэхээ тогтоолгох гэж буй учраас тэрбээр хамгийн түрүүнд АТГ руу алхах ёстой, тийм биз? Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ энэ оны 3 дугаар сарын 23-ны өдөр АТГ-ын гадаа мэдээлэл хийхдээ 4 бүлэгтэй, 894 хуудас баримт шалгуулахаар өгч буйгаа мэдэгдсэн. Эдгээрийн дотор эдүгээ Ерөнхийлөгчийг огцорч шалгуулахад хүргээд буй 110 сая ам.долларын гэрээний тухай дурдаж, Голомт банкин дахь “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн данснаас “Бодь интернэйшнл”-ийн данс руу “валют арилжаа” нэрээр хийгээд, орой нь бэлнээр гаргаж аваад хаашаа, яаж хувааж тэр шөнөдөө тараасан гэж ярьсан. Үүний дараа ХЗДХ-ийн сайд асан, Хотын дарга асан Х.Нямбаатар дээрх 110 сая ам.долларыг ямар унаагаар, хэнд, хэдийг тарааж өгсөн талаар ноцтой баримтуудыг дэлгэсэн нь өнөөдөр Ерөнхийлөгчийг өөрийн хүслээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж гэм буруутай эсэхээ тогтоолгож, Төрийн тэргүүний нэр хүндийг цэвэрлэхэд хүргэсэн. Харин одоо иргэн У.Хүрэлсүх хаачих вэ?
У.Хүрэлсүх УЕП-т хандаж болно
Олон нийт хардаж болох тал нь тэр бол Төрийн тэргүүн асан. Шүүгчдийг томилдог эрх мэдэлтэй байсан. Харин Улсын Ерөнхий прокурор, АТГ-ын даргыг УИХ томилсон. Хэнийг, хэн томилдогоос үл шалтгаалан хуулиараа АТГ нь нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримтална. Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд хугацаатай, хугацаагүй үүрэг өгөх, баримт гэж олон хуудас цаас өгөх эсэхээс үл хамааран АТГ хэнээс ч хараат бусаар нотлох баримтад тулгуурлан хэргийг шалгаад Прокурорын байгууллагад шилжүүлдэг. Прокурорын байгууллага хянаад шүүхэд шилжүүлж тэнд тухайн хүмүүсийн гэм бурууг шийддэг.
Тэгэхээр Ухнаагийн Хүрэлсүх гэдэг хүнийг АТГ шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг иргэн У.Хүрэлсүх өөрөө гаргасан ч, өөр хүн гаргасан ч хамгийн эхлээд Прокурорын байгууллагад очих учиртай. Прокурорын байгууллагаас харьяаллыг тогтоож, хэрэг мөн гэж үзвэл мөрдөн байцаалтын хэрэг үүсгэж АТГ руу, эвсэл Тагнуулын ерөнхий газар руу гэхчлэн харьяаллыг тогтооно. Үүний дараа дээрх харьяалал заасан газрууд нь иргэн У.Хүрэлсүхэд холбогдох хэргийг шалгах юм.
Өнөөдрийг хүртэл АТГ энэ хэргийг шалгаагүй байгаа юм уу гэвэл шалгаж байгаа. Дээрх 110 сая ам.долларын гэх хэргийн талаарх мэдээллүүд үнэн бодитой эсэх талаарх баримт нотолгоог шалгасаар байна. Тэндээс У.Хүрэлсүхэд холбогдох нотлох баримт олдох эсэхээс түүний нэр хүнд “цэвэрлэгдэх” эсэх нь шийдэгдэнэ.
Канадын интерпол санхүүгийн мэдээллээр хамтарч ажиллана уу гэхээс Х.Нямбаатарыг “барьж өгөх” үүрэггүй
Мөн хэргийг гэрчилж яриад байгаа төдийгүй эрүүгийн хэргийн тодорхой зүйл ангиудаар “яллагдагч”-аар татагдаад буй Х.Нямбаатарыг интерполоор эрэн сурвалжилж буй гэдэг. Канад улс ч Монгол Улсын нэгэн адил Авлигын эсрэг конвенцид нэгдсэн гэх боловч энэ нь Монголын хууль хяналтын байгууллагаас нэхсэн гэмт хэргийн ул мөртэй холбоотой банкны хуулга ч юм уу, бусад санхүүгийн баримт, мэдээллийг хүлээлгэн өгч хамтран ажиллана гэсэн үг. Түүнээс биш авлигын гэмт хэргээр шалгагдаж байгаа гэхээр нь өөрийн нутаг дэвсгэрээсээ баривчилж хүлээлгэж өгнө гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Эрүүгийн хуульд заасныг Канад улс мөрдөхгүй, Канадын эрүүгийн хуульд зааснаар интерполын үүргээ гүйцэтгэдэг.
Харин 110 сая ам.долларын тухайд ийм хэмжээний мөнгө тухайн зураг дээр үзүүлсэнчлэн том цүнхэнд чихээд ийш тийш зөөсөн, эсвэл ямар нэг зүйлд зарцуулагдсан бол АТГ-ын хараа хяналтаас гадуур өнгөрөх боломж төдийлөн байхгүй. Учир нь Монголын эдийн засагт 50 сая ам.доллар орж ирсэн ч тодорхой хэмжээний доргилт мэдрэгддэг гэдэг. Дээрх нь тухайн чиглэлийн төмөр зам цэцэг навч шиг ургаагүй, нэг төгрөг ч зарцуулахгүйгээр бүтээн байгуулалтын ажил хийгдэхгүй нь ойлгомжтой. Энэ мэтчлэн цаг хугацааны хувьд тэгтлээ удаж хариу гарахаар биш, харин олон нийтийн итгэл үнэмшлийн тухайд хууль, хяналтын байгууллага хараат бусаар ажиллаж чадна гэдгээ ялангуяа энэ хэрэг дээр харуулна гэдэгт итгэлтэй байна.
УЕП, АТГ-ын дарга нар Ерөнхийлөгчөөс “томилогдсон”, генерал цол хүртсэн албан тушаалтнууд биш
Хэргийг шалгахад “хурандаа таньдаг байх” эсэх чухал биш. Энэ бол залуу улстөрчийн цэцэрхэж, толгой холбож хэлсэн үг бөгөөд хууль хяналтын байгууллага танил тохой талд өөрөөр үйлчилдэг гэх буруу ойлголт өгөх талтай нэг ёсны алдаа юм. Ямартай ч түүхэнд анх удаа, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр авлигын гэмт хэрэгт холбогдсон эсэхээ шалгуулахаар үүрэгт ажлаасаа татгалзлаа. Тэр ч гэсэн гэм буруугүйгээ нотлуулахаар яарч байгаа биз ээ. Гэхдээ гэм буруугүй гэдэг тодорхойлолт хийж өгдөг газар очиж байгаа хэрэг биш гэдгээ сайн мэдэж буй. Харин ч гэм бурууг нь эцсийн нэг төгрөг хүртэл, ёстой л “Даваадалайгийн суулгуулсан үсийг хууль бус” гэдэг шиг, аман дахь алтан шүдийг нь хүртэл тоолох боломж болон үүрэг хариуцлага хууль хяналтын байгууллагуудад оногдлоо. Монголын ард түмэн “Хурандаа нарт Генерал цол хүртээж, алтан мөрдсөөр адислаж байсан”, хурандаа цолтой Ерөнхийлөгч хэрхэн шалгагддаг бол гэж хүлээж байна. Шүүгч, Прокурор, АТГ-ын удирдлагууд генерал цол хүртэж байгаагүй болохоор хий хардаад яах вэ? Гавьяат хуульч цолны тухайд бол хуулиар заасан өндөр шаардлагыг хангасан байж хүртдэг хөдөлмөр бүтээлийн үнэлэмж байдаг. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хэрхэн ял эдэлж уучлалаар суллагдсан, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар одоо ч “яллагдагч” хэвээрээ шалгагдсаар байгааг олон нийт мэднэ. Тиймээс Үндсэн хуульд заасан “Хууль дээдлэх зарчим”-ыг дээдэлж “Бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй” гэдгийг нотолсон түүхэн жишээ болно гэж найдаж байна.

Авлигатай тэмцэх “шилдэг” Ерөнхийлөгч хайсаар...
“Авлигачдын нурууг бөхийлгөж, ард түмний нурууг тэнийлгэнэ” гэх алдарт лозунгаараа Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж авлигатай тэмцэх талаар ярьсаар, аргаа бараад шүүгчдийг бөөндөж халж, буцааж томилж ч үзсэн. Тэр хооронд “нугалаа” ч гарсан. Ерөнхийлөгч Х.Баттулга мөн л авлигын тухай алдарт сургаалуудаа айлдаж, түүний Тамгын газрын дарга нь прокуроруудтай үзэж тарсан. Тэд авлигын суурь шалтгааныг л олж чадаагүй юм. Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшинэ гэдгээ илэрхийлээд буй Л.Гантөмөр ч дараагийн Ерөнхийлөгчийн хамгийн гол манлайлал нь авлигатай тэмцэх бөгөөд авлигын хэргийг мөрдөх байгууллагаа, мөрдөгчдөө хараат бус байлгахад анхаарахыг чухалчилж байна. Харин үүнийг эдүгээ Ерөнхий сайд Н.Учрал “учрыг нь олчихоод” хийж эхлээд байна. Авлигатай тэмцэхийн тулд суурь шалтгааныг нь яаж бууруулах вэ, хаанаас эхэлж юуг нэн яаралтай хийх вэ гэдгээ мэдэхгүйгээр “авлигатай тэмцээд” байгаа учраас үр дүнгүй, зөвхөн үг яриа болоод байгаа юм.
Авлигатай тэмцэх ажлыг Ерөнхий сайд, АТГ-ын дарга хоёр л анх удаа хийж эхлээд байна
Юуны өмнө Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх, үүнд дансны мэдээлэл, хандивын эздийг ил тод болгох, намын хатуу гишүүнчлэлээс татгалзах шаардлагатай. 2. Төрийн өмчит компаниудыг хувьчлах, засаглалийг сайжруулах. 3. Төрөөс олгодог зөвшөөрлүүд, тусгай зөвшөөрөл буюу лицензүүдийг олгох эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх. Жишээ нь Барилгын тусгай зөвшөөрөл олгох ажлыг Барилгын ассоциацид шилжүүлснээс хойш Барилгын яам, Барилга хөгжлийн төв авлигын асуудлаас холдсоныг санаж байгаа байх. 4. Уул уурхай ил тод нээлттэй засаглалтай байх. 5. Эрүүл мэнд, нийгмийн даатгал гэх тусгай сангуудийн засаглалыг өөрчлөх, тэдгээрт орох хөрөнгө оруулалтыг төгрөгтэй уялддаггүй санхүүгийн хэрэгсэлд хадгалах, 6. Үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалах, төгрөгийн худалдан авах чадварыг сулруулахгүй байх, ингэхдээ төсөв, төсвөөс гадуурх зарлагыг эрэмблэх, ил тод болгох гэх мэтийг нэрлэж болно.
Дэлхийн аль ч улс оронд эдгээр ажлыг Засгийн газар, эрх баригчид, хууль тогтоогчид нь л хийхээс өөр аргагүй. Авлигатай тэмцэх байгууллага нь жилд хэдэн хүн шоронд хийснээр биш Засгийн газар нь бизнесийн эрх чөлөөг хэрхэн нээж, засаглалаа ил тод болгосноор олон улсын өмнө тухайн улсын авлигын индекс өгсөж, урууддаг. Тухайн улс орны ард иргэд бизнес эрхлэх орчин нь чөлөөтэй болж, үнийн өсөлтийг ч, нийгмийн бусад сайн муу үр дагаврыг ч зах зээл өөрөө зохицуулдаг. Үүнийг хэн нэгэн дарга биш засаглалаа ил тод болгосон Засгийн газар л хийдэг. Тэр цаг гоё дарга хайхгүй, төрийн алба руу үхэн хатан зүтгэхгүйгээр иргэд өөрсдөө сайн сайхан амьдрах болно. Үүнийг хийж чадсан Ерөнхийлөгч л өөрийгөө улс орны удирдагч, манлайлагч гэж хэлэх нүүртэй болно. Харин авлигатай тэмцэх арга ухааныг Ерөнхий сайд Н.Учрал, АТГ-ын дарга З.Дашдаваа хоёр л хийж эхлээд байгаа юм. Энэ тохиолдолд тэднээс өөрсдийн хүссэн “улстөрийн дайснаа” шоронд хийхийг нэхэж, түүгээр нь авлигатай тэмцэх ажлыг дүгнэх нь дэндүү мунхаг хэрэг юм.
У.Оргилмаа /baabar.mn/



