Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн үйл явдлын хүрээнд хуульч Ш.Алтангадастай ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргахаа мэдэгдэж, улс төрд олны анхаарлыг татсан шийдвэр гарлаа. УИХ-аар уг хүсэлтийг хэлэлцэнэ. Энэ процесс ямар дараалалтай өрнөх талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хуульчдын болон улс төрийн хүрээнд Улсын их хурлын дэгийн тухай хуульд зааснаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор орж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх, эсвэл Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар хэлэлцэж шийдвэрлэх тухай биш ёсчлох ёстой гэсэн зөрүүтэй байр сууриуд яригдаж байна. Гэвч миний бодлоор УИХ-ын Дэгийн хууль нь их хурал шийдвэр үйл ажиллагаагаа хуульд заасан дэгийн хүрээнд явуулах тухай болохоос хэм хэмжээний дарааллын хувьд Үндсэн хуулийн, эсвэл Ерөнхийлөгчийн, Их хурлын тухай хуулиудын дээр эрэмбэлэгдэх ёсгүй. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал нэгдсэн чуулганаар хэлэлцэж чөлөөлнө, чөлөөлөхгүй гэж хэлэлцэх ёсгүй хэмээн миний зүгээс үзэж байна. Учир нь Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6.3.1-д “… чөлөөлж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан бөгөөд уг хүсэлтийг ёсоор болгосон” гэж зааснаар эхлээд өргөдөл байх юм байна. Түүнийг ёсоор болгох буюу Улсын Их хурал хэлбэржүүлэх тухай л ойлголт мэт санагдаж байна. Гэвч Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд хүртэл санал хурааж тооллого явагдаж буй энэ нөхцөлд ёсоор болгоно гэдэг ойлголтыг өргөдлийг хүлээж авах эсэх асуудлаар Чуулганы нэгдсэн хурлаар хэлэлцэж, санал хураана гэсэн үйл явдлууд болох төлөвтэй байна. Аль ч талаас нь үйл явдал болсон манай улсын хувьд шинэ үйл явдал учир нэлээн маргаан дагуулах байх.
-Үндсэн хуулийн дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Ерөнхийлөгчийн бүх эрх мэдлийг эдлэх үү, эсвэл тодорхой хязгаарлалттай байх уу. Эрх зүйн хувьд ямар байдаг юм бэ?
-Үндсэн хуулийн 37.2-т Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Их хурлын дарга хэрэгжүүлнэ, 37.3-д Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно гэж заасан байна.
Үүнээс харвал тодорхой эрхүүдийг гэж хязгаарлахгүй, харин үүрэг гүйцэтгэх журмыг тусгайлсан хуулиар тогтоох тухай Үндсэн хуульд заасан байна. Иймээс аливаа хэмжээ хязгаарын тухай ойлголт Үндсэн хуульд байхгүй. Харин хэрэгжүүлэх журмыг зохицуулсан хууль батлах замаар бид үүрэг гүйцэтгэх шинэ практиктай болох нь байна. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “… Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын их хурлын дарга хэрэгжүүлэх асуудлыг Улсын Их Хурал чуулганы хуралдаанаараа тухай бүр хэлэлцэж шийдвэр гаргана” гэж зааснаар хэрэгжүүлэх тохиолдол бүрд шийдвэр гаргах юм шиг ойлголт байна. Тэгэхээр Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно гэсэн атлаа хэрэгжүүлэх асуудлыг чуулганы хуралдаанаар тухай бүр хэлэлцэж шийдвэр гаргана гэхээр хэрэгжүүлэх тохиолдол бүрд хэлэлцэж хууль батлах эсэх нь бидний хувьд хууль зүйн практикийн хувьд цоо шинэ нөхцөл байдал үүсгэх болно.
-Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон энэ тохиолдолд дараагийн сонгуулийг хуулийн дагуу хэзээ зарлаж, хэзээ явуулах ёстой вэ. Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх мэдэгдсэнээс хойш хэд хоногийн дотор дараагийн сонгуулийн товыг гаргах ёстой байдаг юм бол?
-Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд зааснаар Улсын их хурал ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор хэмээн цаад талын хугацааг зааж өгсөн. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8.9-д зааснаар санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө тухайн сонгуулийг явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 20 өдрийн дотор ээлжилт бус сонгуулийг товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно гэж заасан. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэзээ Ерөнхийлөгчийг чөлөөлөгдсөн гэж шийдвэрлэгдэнэ. Түүнээс хойш ажлын 20 хоногийн дотор дараагийн сонгуулийг товыг тогтоох ёстой.
-Ерөнхийлөгч уржигдар хийсэн мэдээлэлдээ өөрийнх нь нэр хүндэд халдсан авлигын гүтгэлгийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэсэн. Цаашид Монголын улс төрд ямар процесс өрнөхөөр байна гэж таамаглаж байна вэ?
-Улс төрийн хувьд юу болохыг миний хувьд таамаглаж хэлэх нь төдийлөн оновчтой биш байх. Гагцхүү Ерөнхийлөгчийн хувьд хууль зүйн ойлголтуудыг тодорхой, нэг мөр болгох жишиг тогтох үйл явдал үүсч байна. Харин ч олон жилийн хугацаанд олон судлаач, эрдэмтэд, хуульч, улстөрч нарын хувьд яригдаж байсан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал, сонгуулийн тогтолцоо, мөрийн хөтөлбөртэй түүнийг хэрэгжүүлэх үүрэг үүсдэг. Түүнчлэн Засгийн газрын эрхтэй давхцах нөхцөл үүсдэг гэх мэт нэг мөр болгох асуудлууд дээр дахин нэг асуудал үүсч байгаа нь зөв зүйтэй зүйл гэж харж байна.
-Энэ үйл явдлын дараа эрх баригч нам болон бусад улс төрийн намуудын байр суурь, харилцаанд ямар өөрчлөлт гарах бол?
-Ерөнхийлөгч улстөрч, аль нэг намын хамааралд байхыг угаасаа эсэргүүцдэг хуульчдын нэг учраас бүх эрх мэдэл нэг намын хамааралтай байх нь төдийлөн сайн зүйл биш гэдгийг сүүлийн жилүүдээс бид бүгд л харж байна. Хяналт, тэнцэл буюу балансыг хэн, хэзээ бариулах вэ гэдэг ойлголт намын дотоод шийдвэрийн дор ордог явдал байсаар ирсэн. Тиймээс эрх мэдэл хэтэрхий удаан, эсвэл нэг намын талд дангаар байхаар хяналт, тэнцэл алдагдаад байх шиг санагддаг.
-Уг асуудалтай холбогдуулан олон нийт янз бүрийн дүгнэлтэд хүрч байна. Тухайлбал, түүнийг дахин улс төрд орж ирнэ гэж нэг хэсэг нь үзэж байна. Энэ тухайд ямар таамаг байна вэ?
-Энэ талаар надад ямар нэгэн таамаглал алга. Ерөнхийлөгчийн хувьд зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгогдлоо гэж Үндсэн хуульд тодорхой заасан учраас дахиад Ерөнхийлөгч болно гэдэг ойлголт байхгүй. Харин Их хурлын гишүүн, сайд болох боломж нь хувь улстөрчийн хувьд байгаа байх. Гагцхүү хувь хүнийх нь хүсэл сонирхол ямар байх вэ гэдгээс л бүх зүйл шалтгаална гэж бодож байна. Ерөнхийлөгч байж байгаад Их хурлын гишүүн болохгүй гээд гишүүн болчихсон хүн Их хуралд одоо ч байна.
Өдрийн сонин



