Монгол төр дундаж давхаргыг устгах санаатай эсвэл санаандгүй ч юмуу дайн хийгээд удсан. Тийм ч учраас ужиг гээд байгаа юм. Тэд энэ бүхнээ зах зээлийн гучин жилд баталсан хуулиудын дагуу, төрөөс, засгийн газраас гаргасан журам, зөвшөөрөл, тогтоол, зарлигийн дагуу хийдэг тул анх харахад гэмгүй. Хууль дүрмийн дагуу болж байгаа үйл явдал шиг харагдана.
Төр яагаад ч юм дундаж давхаргад дургүй, бүүр үзэн яддаг ч гэж хэлж болохоор. Тэднийг үргэлж өөнтөглөж өдөр алгасалгүй татвар хураамж, жижиг сажиг арга хэмжээнд зориулсан хандив зэргээр дарамталж байдаг. Жишээ болгоод дэлгүүр нээх тухай өгүүлье. Найман нэрийн дэлгүүр нээе гэхэд түүний зөвшөөрөл авах гэдэг бол бараг л төр эргүүлэхээс ч хэцүү. Архи тамхины зөвшөөрөл авахгүй бол дэлгүүр нээгээд юм бараг олдоггүй. Бүүр хуулиараа тэдэн хүн дунд архи тамхины тэдэн дэлгүүр байна гээд заачихсан. Танай тэнд леминт хэтэрсэн гээд л гэдийгээд суучихна.
Монголд батлагдаж байгаа бүх хууль хориглосон, хязгаарласан зохицуулалттай байдаг. Уул нь дэлгүүрийн тоог нөгөө зах зээлийн үл үзэгдэгч гар гээч нь зохицуулчихдаг баймаар. Гэхдээ найман нэрийн дэлгүүр нээж болно. Бүх байцаагч дарга даамлуудад “юм” өгч байгаад. Нэг харахад тус болоод ч байгаа юм шиг боловч нөгөө талаар бол хууль зөрчөөд байгаа хэрэг. Ийм байх нь төрийн албан хаагчдад ашигтай. Нэгэнт хууль зөрчөөд дэлгүүр нээсэн хүмүүс байнга тэдний гарын дор байна л гэсэн үг.
Галын дүгнэлт, хогны үнэ, цахилгааны холболт, заавал камертай байх заавар, орчин тойрноо цэвэрлэх үүрэг. Энэ бүгд зөвшөөрөлтэй, бас зөвшөөрөл авахад төлбөртэй. Өөр олон олон зөвшөөрөлтэй зүйл байдаг ч энэ бүгдийг гүйцээгээд дэлгүүрээ ажиллуулж эхэллээ гэж бодъё. Одоо татварын дарамт шил шилээ даган бууж ирнэ. Нөгөө “Бурхад диваажинд мориллоо” гэдэг симфони найрал хөгжим шиг. Аж ахуйн нэгжийн 10 хувь бол нэг их дарамт нь гайгүй. Харин НӨАТ бол зүгээр л аж ахуйн нэгжийг сөхрөөдөг татвар. Хэдэн удаа ч НӨАТ төлдөг юм бүү мэд.
Татварын хөнгөлөлтөөр жижиг аж ахуйн нэгжийг НӨАТ-аас чөлөөлсөн. Гэвч энэ нь ямар ч ашиггүй. Том сүлжээ дэлгүүрүүд тэдэнтэй тоож харьцахаа больсон. НӨАТ төлдөггүй газартай харьцахгүй гээд.Дараа нь ажилчдын НДШ төлнө. АА нэгж 13 хувь, хувь хүн мөн тийм. АА нэгжийн 13 хувь бол хэнд ч ашиггүй татвар. Энэ бол зүгээр л хүн авч ажиллуулж байгаагийн торгууль. Ажилчдын тэтгэвэр дээр огт нэмэгдэхгүй. Энэ бүгдээ төлж барлаа гээд татвар дуусахгүй. Одоо пос машины татвар, хотын татвар, хогны татвар, усны төлбөр, эрүүл ахуй, ариун цэврийн төлбөр, заавал даатгуулах хуультай гэх зэргээр авахгүй юмгүй хуу хамна. Т
атвар дуусаагүй байгаа хөөе. Хүлээж бай. Худалдагч, дэлгүүрийн эзний хувь дансыг шалгаж, түүгээр орж гарсан мөнгөнөөс татвар авах дутуу байгаа. За нэг юм татвар дууслаа. Одоо төр захиргаа, хороо хорины дарга нарын цуваа эхэлнэ. Ахмадын баяр болж байна гурван сая төгрөг. Спортын өдөрлөг болж байна, хоёр сая төгрөг. Манай хороо шагнуулсан хүлээн авалттай таван сая төгрөг. Хорооны спорт өдөрлөг болно хоёр сая төгрөг гээд ганц өдөр ч зүгээр суулгахгүй. Хэрэв аль нэгэнд нь өгөхгүй өнжвөл тэгээд дуусна. Хорооны цагдаа ч юм уу хэсгийн төлөөлөгч ороод л ирнэ. Тэр юунаас ч, ямар ч үйл ажиллагаанаас зөрчил илрүүлж чадна. Яагаад гэвэл хууль нь тийм.
Бүх талын хориглосон хууль үгүй ядаж хориглосон журам гаргаад л ирнэ. УИХ болон Засгийн газраас бүүр дүүргийн даргын, хорооны даргын хориглосон журам байж л таардаг. Цагдаа бол хөнгөн жаалахгүй. Шууд хорь гучин сая төгрөгөөр торгууль бичээд л явчихна. Ингэсний дараа та хэсгийн даргыг орж ирэхэд навтас гэхгүй байхыг чинь харъя л даа. Энэ бүгдийг төлөхийг нь төлөөд, өгөхийг нь өгсний дараа ямар ч эерэг харилцаа төр засгаас гарахгүй нь гомдмоор. Тэд гөлөөг ч гэж тоодоггүй. Татвараа төлдөг сайн аж ахуйн нэгж гэж огтхон ч боддоггүй. Харж үзэх, өнгөрөөх, хамгаалах гэх зүйл гаргахгүй. Харин чи байж л байна уу, дараа улиралд байж байхыг чинь харна аа гээд хөмхийгөө зуугаад байх нь гомдмоор.
Том аж ахуйн нэгжийг тэд яаж ч чаддаггүй. Тэд бол том жаална, дүүрэг мүүрэг тэднийг дарамтлах гэвэл дор хаяж сайдаас, гишүүнээс бүүр цаашилбал ерөнхий сайд, ерөнхийлөгчөөс ч дуудлага ирж магадгүй. Цагдаагийн даргаас дуудлага ирвэл ямар аймаар гээч. Бүүр жижиг бичил юмнуудыг тоохгүй,тэднээс бөөс л авахгүй бол өөр юуг нь авдаг юм гэж боддог байх.
Харин дундаж давхаргынхныг бол үзэж чадахгүй шууд дайсагнан хандана. Тэд дээрээ татаас байхгүй, дэргэдээ эхнэрээсээ өөр түшиггүй бор зүрхээрээ зүтгэж яваа хүмүүс. Бас болоогүй өөр шигээ хэдэн юм тэжээж яваа нь төрийнхний зэвүүг бүүр хүргэдэг байх.
Өдрийн сонин



