“Гэр бүлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын хүрээнд өмгөөлөгч А.Батбаатартай ярилцлаа.
-Монгол Улсын Их Хурал “Гэр бүлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн долдугаар сарын 3-ны өдөр баталсан. Орчин үеийн нийгмийн шаардлагад ний-цүүлэн зайлшгүй өөрчлөх шаардлага гарсан байх?
-1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хууль нь тухайн үеийн нийгмийн харилцааг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд гэр бүлийн харилцааны бүтэц, хэлбэр, түүнтэй холбоотой маргааны шинж чанар ихээхэн өөрчлөгдөж, өмнөх хуулиар бүрэн зохицуулах боломжгүй шинэ төрлийн харилцаа олноор бий болсон. Тухайлбал, гэрлэлт цуцлалтын тоо өсөхийн хэрээр хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн маргаан, дагавар хүүхдийн эрх, өрх толгойлсон эцэг, эхийн асуудал илүү өргөн хүрээнд тавигдах болсон. Үүний зэрэгцээ гэр бүлийн тогтвортой байдлыг алдагдуулсан үйлдэл, гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаар эрх зүйн зохицуулалт тодорхой бус байсан.
Хүүхдийн тэтгэлгийн хэмжээ, түүнийг бодитоор төлүүлэх асуудал ч удаан хугацаанд тулгамдсан хэвээр байна. Тэтгэлэг төлөхөөс зайлсхийх, орлого хөрөнгөө нуун дарагдуулах зэрэг практик асуудал нь хүүхдийн эрх, амьжиргаанд шууд нөлөөлдөг. Нөгөө талаас нөхөн үржихүйн туслах арга технологи хөгжиж, үр шилжүүлэн суулгах, тээгч эх, бэлгийн эсийн донор ашиглах замаар хүүхэдтэй болох харилцаа нэмэгдсэн. Ийм харилцаанд хүүхдийн эцэг, эхийг хэн гэж тогтоох, талуудын эрх, үүрэг, хүүхдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг нь өмнөх хуулийн үед хангалттай тодорхой зохицуулагдаагүй байв. Мөн хүсээгүй жирэмслэлт, хүүхэд үрчлэхтэй холбоотой хууль бус зуучлал, хүүхдийг эд зүйл мэт авч үзэх эрсдэлтэй үйлдэл, насанд хүрээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн асрамж, хамгаалалтын асуудал зэрэг нийгэмд шинээр тодорч байгаа харилцааг илүү нарийвчлан зохицуулах шаардлага бий болсон.
Төрөл садангийн хүмүүс хоорондоо гэрлэх эрсдэл, цус ойртолтын асуудал ч хүн амын эрүүл мэнд, удмын сан, цаашлаад үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал болсон. Иймээс гэрлэхэд харшлах нөхцөл, төрөл садангийн холбоог тогтоох, шаардлагатай тохиолдолд ДНХ-ийн шинжилгээ ашиглах эрх зүйн үндсийг тодорхой болгох хэрэгцээ үүссэн. Ийм нөхцөл байдлаас шалтгаалан Гэр бүлийн тухай хуулийг зөвхөн хэсэгчлэн өөрчлөх бус, нийгэмд шинээр бий болсон болон бодит амьдрал дээр тулгарч байгаа харилцааг цогцоор нь зохицуулах шаардлага тулгарсан гэж үзэж болно. Хууль гэдэг нь нийгмийн хөгжлийг дагаж, шинээр бий болж буй харилцааг зохицуулах, тухайн харилцаанд оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй. Энэ утгаараа Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь гэр бүлийн тогтвортой байдал, хүүхдийн эрх, эцэг, эхийн хариуцлага, тэтгэлэг, үрчлэлт, нөхөн үржихүйн шинэ харилцаа зэрэг олон асуудлыг орчин үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлэн зохицуулах зорилготой гэж ойлгож болно.
-Хуулийн шинэчилсэн найруулга ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Харин ДНХ-ийн шинжилгээг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хийлгэж эхэлнэ гэсэн байсан?
-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2026 оны долдугаар сарын 3-нд батлагдсан бөгөөд үндсэндээ 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө. Энд нэг чухал залруулга бий. Шинэ хуулийн 5.4-т гэрлэхийг хүсэгчид хоорондоо төрөл садангийн холбоотой эсэхээ мэдэх зорилгоор “ДНХ-ийн удам зүйн шинжилгээнд хамрагдаж болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хуулийн үг хэллэгээр бол заавал биш, боломж олгосон зохицуулалт байна. Энэ 5.4 дэх заалтыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө гэж 85.2-т тусгайлан заасан. Цус ойртолтоос сэргийлэх бодлогын ач холбогдол өндөр боловч “2028 оноос бүх гэрлэх хүн ДНХ-ийн шинжилгээ заавал өгнө” гэж ойлгох нь өрөөсгөл болно.
-Ер нь хүмүүс яагаад хүүхдийнхээ тэтгэмжийг төлөхөөс зайлсхийдэг вэ?
-Практикт тэтгэмжээс зайлсхийх нийтлэг шалтгаан нь тогтмол орлогоо нуун дарагдуулах, албан бус хөдөлмөр эрхлэх, хөрөнгөө өөр хүний нэр дээр бүртгүүлэх, төлбөрийн чадваргүй болсон байх, салсан эхнэр/нөхөртэйгөө зөрчилтэй байх, “Хүүхэдтэй уулзуулдаггүй учраас төлөхгүй” гэх мэт хууль зүйн үндэслэлгүй тайлбар гаргах явдал байдаг. Гэхдээ хүүхэдтэй уулзах эрх, тэтгэмж төлөх үүрэг нь тусдаа эрх зүйн асуудал.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй үед эвлэрүүлэхгүй шууд цуцлах нь хоёр талыг болон хүүхдүүдийг хамгаалсан зохицуулалт мөн үү?
-Үндсэн зорилго нь “хоёр талыг тэнцүү хамгаалах” гэхээс илүү хүчирхийллийн эрсдэлтэй этгээд, хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах явдал юм. Энэ оны 11 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн өөрчлөлтөөр гэрлэгчдийн хэн нэгний хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирсан буюу учирч болзошгүй бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж болно. Энэ нь хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчтэй заавал “эвлэрүүлэх” оролдлого хийхээс хамгаалж байгаа ач холбогдолтой.
-“Гуравдагч этгээд”-тэй холбоотой шинэ зохицуулалт орсон уу?
-Энд хууль зүйн утгыг маш болгоомжтой ялгах хэрэгтэй. Шинэчилсэн хуулийн 23.2.3-т гэрлэлтийн гэрээгээр гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн буюу хөндсөн нөхцөл тохирохыг хориглосон. Энэ бол гэрлэлтийн гэрээний хүрээний зохицуулалтыг оруулснаар шинэлэг болно. Харин “Гэр бүлээс гадуурх харилцаанд орсон гуравдагч этгээдийг Гэр бүлийн тухай хуулиар шууд хариуцлагад татна” гэсэн тусгай заалт шинэ хуулиар ороогүй болно. Шинэ хуулийн 9 дүгээр зүйлд гэрлэгч өөрт учирсан хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлоо буруутай гэрлэгчээс гаргуулах эрхтэй гэж зохицуулсан. Тиймээс гуравдагч этгээдийн хариуцлага яригдах бол тухайн хүний бие даасан хууль бус үйлдэл, Иргэний хуулийн гэм хорын ерөнхий үндэслэл, нотлох баримтаар тусад нь тогтоогдох асуудал болно. “Гуравдагч этгээдтэй харилцаатай байсан” гэдэг ганц баримтаар автоматаар төлбөр гаргуулах үндэслэл бүрдэнэ гэж шууд хэлж болохгүй.
-Хэн нэгэн эмэгтэй нөхрөөс нь хүүхэдтэй болсон тохиолдолд эхнэр ямар эрхтэй вэ?
-Энэ нөхцөлд эхлээд гурван асуудлыг салгаж харах ёстой. Гэрлэлтийн хувь заяа, хүүхдийн эрх, хохирлын асуудал. Эхнэр гэрлэлтээ үргэлжлүүлэх эсэхээ өөрөө шийднэ. Хууль түүнийг заавал сал, эсвэл эвлэр гэж албадахгүй. Хэрэв гэрлэлт цуцлах бол хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгө, уулзах хуваарь зэрэг асуудал тусдаа шийдэгдэнэ. Жирэмсэн эмэгтэйн хүүхдийн эцэг нь тухайн нөхөр мөн болох нь хуульд заасан журмаар тогтоогдвол тэр хүүхэд бусад хүүхдийн адил эцгээсээ тэжээн тэтгүүлэх, өв залгамжлах зэрэг эрхээ эдэлнэ. Энэ нь албан ёсны эхнэрийн хүүхдийн эрхийг бууруулах үндэслэл болохгүй. Албан ёсны эхнэрийн хувьд нөхрийн буруутай үйлдлээс хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол бодитоор учирсан бол шинэ хуулийн гэрлэгчдийн эрхийн зохицуулалт болон Иргэний хуулийн гэм хорын үндэслэлээр шаардлага гаргах боломжтой. Харин нөгөө эмэгтэйгээс зөвхөн “гэрлэсэн хүнтэй харилцаанд орсон” гэдэг үндэслэлээр автоматаар сэтгэл санааны хохирол гаргуулна гэж хэлэх боломжгүй. Тухайн этгээдийн бие даасан хууль бус үйлдэл, гэм буруу, хохирол, шалтгаант холбоо нотлогдох шаардлагатай. Иргэний хууль сэтгэцэд учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгуулах боломжийг тодорхой нөхцөлд зөвшөөрдөг.
-Нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван жилд Гэр бүлийн тухай хуулиар нийт 11.689 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн статистик гарчээ. Манай улсад анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхтэй боллоо?
-Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон. Шинэ шүүхэд хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, сэтгэл зүйч зэрэг мэргэшсэн бүтэц ажиллаж байна. Дагнасан шүүх дөнгөж 2026 оны арваннэгдүгээр сарын 2-ноос ажиллаад явж байна. Өмнөх статистикт гэрлэлт цуцлалт, хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн маргаан нь гэр бүлийн эрх зүйн маргааны үндсэн хэсгийг эзэлдэг нь харагддаг.
Өдрийн сонин



