Шатахууны нийлүүлэлт, хангамжийн талаар Шуурхай штабаас /2026.11.03/ мэдээлэл хийлээ.
АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир:
-"ОХУ-ын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс 2026 оны аравдугаар сард захиалсан 57 мянган тонн бүтээгдэхүүнээс 51 мянган тонн нь ачигдаж, одоогоор замд 5,700 тонн шатахуун тээвэрлэгдэж байна. Ингэснээр аравдугаар сарын захиалга бүрэн биелж байна. Мөн БНХАУ-аас захиалсан 8 мянган тонн автобензин бүрэн орж ирсэн.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 10 хоногийн, дизель түлшний 28 хоногийн, онгоцны түлшний 36 хоногийн нөөцтэй байна.
Үүссэн нөхцөл байдал харьцангуй тогтворжиж байгаа. Арваннэгдүгээр сарын нийлүүлэлтийг нэмэгдүүлэн нийт 92 мянган тонн шатахуун импортлохоор захиалгыг баталгаажуулсан. Үүнд ОХУ-аас 70 мянган тонн, БНСУ-аас 12 мянган тонн, БНХАУ-аас 8 мянган тонн, Казахстан Улсаас 3 мянган тонн шатахуун авахаар төлөвлөсөн. Энэ нь Монгол Улсын ердийн үеийн сарын дундаж хэрэглээнээс 20 орчим мянган тонноор илүү хэмжээний захиалга гэсэн үг. Иймд шатахууны нийлүүлэлт тасалдахгүй тул иргэдийг дараалал үүсгэж, шатахуун нөөцлөх шаардлагагүй гэдгийг анхааруулж байна.
Шатахууны нөөц хадгалах савны багтаамжийг нэмэгдүүлэх чиглэлээр "Шинэ Эрин" компанийн барьж буй 16 мянган шоо метр багтаамжтай байгууламж ашиглалтад ороход бэлэн болоод байгаа бөгөөд цаашид дотоодод дор хаяж гурван сарын нөөц хадгалах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Шатахууны нийлүүлэлт саатахад нөлөөлж буй нэг шалтгаан нь вагон тээврийн эргэлттэй холбоотой. Өнөөдрийн байдлаар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн сүлжээнд шатахуунтай 1,500 орчим вагон байгаагаас Улаанбаатар хот орчимд 200 орчим вагон буюу 7–8 өдрийн хэрэглээний шатахуун бэлэн байна.
Арав, арваннэгдүгээр сар нь зуны түлшнээс өвлийн түлшинд шилждэг үе. Одоогоор өвлийн түлшний нөөц хангалттай бүрдсэн. Иймээс шатахуунтай вагонуудыг нэн яаралтай буулгаж, хоосон вагоныг ОХУ руу буцаан, вагон эргэлтийг түргэсгэх шаардлагатай байгаа. Энэ чиглэлээр УБТЗ болон Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газраар дамжуулан Оросын төмөр замын байгууллагатай хамтран ажиллаж байна.
Мөн шуурхай штабаас байгуулсан ажлын хэсэг буюу ШӨХТГ, АҮЭБЯ-ны Хяналтын газар, АМГТГ, НЗДТГ хамтран шатахуун түгээх станцуудад тогтмол хяналт шалгалт хийж байгаа.
Монгол Улсын хилээр орж ирж буй бүтээгдэхүүний дээж, шатахуун түгээх станцуудын орлого, зарлагын мэдээллийг системээр тулган шалгаж байна.
Энэ хүрээнд энгийн АИ-92 бензинийг "Евро-92" нэрээр худалдах боломжгүйг тодотгож, сэжигтэй тохиолдолд иргэдийн мэдээллийн дагуу итгэмжлэгдсэн явуулын лаборатори газар дээр нь очиж шинжилгээ хийх боломжтой. Энэ оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гэхэд шатахууны хяналтын цахим системийг бүрэн автоматжуулж дуусгахаар ажиллаж байгаа.
Одоогийн байдлаар нийт 264 шатахуун түгээх станцын 87 хувь нь benzin.mn системд мэдээллээ тогтмол оруулж, үлдсэн 13 хувь нь мэдээллийг хоцроож байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хүрээнд тухайн иргэд E-Mongolia систем дэх комиссын актаа үзүүлэн дугаарлалгүй үйлчлүүлэх зохицуулалт хэрэгжиж байгаа. Хууль ёсны асран хамгаалагчийн бичиг баримттай иргэдэд мөн дугаар харгалзахгүй үйлчлэнэ. Харин хуурамч бичиг баримт ашиглах, өдөрт олон дахин өөр машинаар ирж шатахуун авах зэрэг зөрчил илэрч байгааг аж ахуйн нэгжүүд дотоод зохион байгуулалтаараа шийдвэрлэх шаардлагатай.
Олон улсын зах зээл дээр түүхий тосны үнэ "Сингапурын Платтс" дээр баррель нь 113 ам.долларт хүрсэнтэй холбоотойгоор импортын шатахууны өртөг өссөн. Мөн шингэрүүлсэн шатдаг хий буюу автогазын импортын үнэ ОХУ-д нэг тонн нь 400–500 ам.доллар байснаас өсөж, 800 орчим ам.доллар болсон нь ОХУ-ын намрын ургац хураалт, боловсруулалттай холбоотой түр зуурын хэрэглээний өсөлтөөс үүдэлтэй. Засгийн газар болон яамнаас аж ахуйн нэгжүүдийн үнэ тогтоох үйл ажиллагаанд шууд оролцох боломжгүй.
Үнийг үндэслэлгүйгээр, давамгай байдлаа ашиглан нэмсэн эсэхийг ШӨХТГ хянан тогтоох чиг үүрэгтэй ажиллаж байна.
БНСУ-ын "SK Energy" болон "Hyundai Corporation"-тай хийсэн гэрээний хүрээнд ирэх хоёр жилийн хугацаанд шатахуун тогтмол импортлохоор бэлтгэл хангагдсан. Ирэх арванхоёрдугаар сарын дундаас эхлэн БНСУ-аас татан авалт тогтвортой хийгдэнэ. БНХАУ-ын Тяньжинь, Далянь зэрэг боомтоор дамжуулан шатахуун ачих ажил хэвийн явагдаж байгаа. Тяньжинь боомтод буусан "Лекс Ойл" компанийн 12 мянган тонн орчим Евро-92 автобензинийг арваннэгдүгээр сарын эхний 10 хоногт багтаан төмөр замаар татан авна. Мөн Замын-Үүд боомт дахь шилжүүлэн ачих 58 мянган шоо метр багтаамжтай савнаас "Эрчис ойл" төрийн өмчит компанийн 20 мянган тонн багтаамжтай савыг бүрэн суллаж, урд хөрш болон гуравдагч орноос орж ирж буй бүтээгдэхүүнийг саадгүй шилжүүлэн ачих нөхцөлийг бүрдүүлж байгаа" гэв.



