x

С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Герман, Финланд, Беларусь улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.

-Тус айлчлалд оролцож, явсан хүний хувьд Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын онцлог, ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ удаагийн айлчлалын онцлог нь зөвхөн дипломат харилцааг бэхжүүлэх бус, эдийн засаг, аж үйлдвэр, технологи, боловсрол, соёл, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бодит үр дүнд чиглүүлсэнд оршиж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд бизнесийн төлөөлөгчид өргөнөөр оролцсон нь хувийн хэвшлийнхний гадаад зах зээл, шинэ түншлэл, хөрөнгө оруулалтын боломжийг эрэлхийлж буйг харууллаа. Миний хувьд төрийн үүрэг бол бизнесийг өөрөө эрхлэх, зах зээлд шууд оролцох бус, харин бизнес эрхлэгчдэд боломж, зах зээл, эрх зүйн таатай орчин, хамтын ажиллагааны замыг нээж өгөх явдал юм. Төр бизнесийн өрсөлдөх чадварыг дэмжиж, саад бэрхшээлийг арилгаж, тогтвортой бодлогоор хөрөнгө оруулалтыг татах ёстой. Айлчлалын үр дүнг байгуулсан гэрээ, санамж бичгийн тоогоор бус, тэдгээр нь бодит амьдрал дээр ямар үнэ цэнэ бүтээж, ажлын байр, технологи, үйлдвэрлэл, экспортод хэрхэн нөлөөлж байгаагаар хэмжих хэрэгтэй.

-Герман улстай хийсэн уулзалтуудаар боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал хөндөгдсөн. Ямар боломжууд нээгдэж байна вэ?

-Монгол, Германы харилцаа олон жилийн түүхтэй бөгөөд боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааны чухал тулгуур юм.

Энэ удаагийн айлчлалын хүрээнд боловсрол, соёлын солилцоог өргөжүүлэх, Монголын залуусыг Германы их, дээд сургуулиудад сургах, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандууллаа. Хоёр улсын их, дээд сургуулиуд долоон хамтын ажиллагааны баримт бичиг байгуулсан нь чухал алхам болсон. Үүний хүрээнд бакалавр, магистрын хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан, судлаач солилцох, хамтарсан судалгаа хийх зэрэг олон боломжийг хэлэлцсэн. Мөн Дрезден хотод “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Германд суралцаж буй 127 оюутантай уулзлаа. Монгол Улсаас өмнө нь Германд 35 гаруй мянган хүн боловсрол эзэмшиж байсан нь хоёр орны боловсролын хамтын ажиллагаа ямар өргөн хүрээтэй, олон жилийн түүхтэйг илтгэнэ. Энэ уламжлалыг шинэ шатанд гаргаж, залуу үеийнхэнд илүү олон боломж нээх нь бидний зорилго юм. Боловсролын хамтын ажиллагаа гэдэг нь зөвхөн оюутнуудыг гадаадад сургах тухай асуудал биш. Харин Монгол Улсад нэн шаардлагатай инженер, технологич, судлаач, мэргэжилтнүүдийг бэлтгэх, тэдний эзэмшсэн мэдлэг, ур чадварыг эх орондоо нутагшуулах, их, дээд сургуулиудыг үйлдвэрлэл, инновацитай холбох тухай юм. Ингэснээр боловсролын салбарын хамтын ажиллагаа Монгол Улсын урт хугацааны хөгжил, өрсөлдөх чадварт бодитой хувь нэмэр оруулна.

-Дэлхий дахинд “чипийн дайн” өрнөж байна. Монгол Улс энэ өрсөлдөөнд ямар байр суурь эзлэх боломжтой вэ?

-Өнөөдөр хагас дамжуулагч буюу чип нь зөвхөн электроникийн салбарын бүтээгдэхүүн биш. Энэ бол хиймэл оюун ухаан, автомашин, батлан хамгаалах, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг стратегийн салбаруудын үндсэн дэд бүтэц юм. 2024 оны байдлаар дэлхийн хагас дамжуулагчийн зах зээлийн хэмжээ 630 тэрбум ам.долларт хүрсэн байна. Гэхдээ технологийн өрсөлдөөнд амжилт гаргахын тулд заавал бүх үйлдвэрлэлийн гинжин хэлхээг эзэмших шаардлагагүй. Харин дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд бусдаар орлуулшгүй нэг чухал үүргийг гүйцэтгэх нь стратегийн хувьд илүү бодитой. Япон улс хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн материал, БНСУ санах ойн чип, Тайвань дэвшилтэт чипийн үйлдвэрлэлээр дэлхийн зах зээлд чухал байр суурь эзэлж байна. Тэд бүх салбарыг зэрэг эзэмшихийг зорьсон бус, тодорхой чиглэлд онцгой чадамж бий болгож чадсан. Монгол Улс дэлхийн хамгийн нарийн технологийн чипийг эх орондоо үйлдвэрлэх гэж яарах шаардлагагүй. Харин стратегийн түүхий эд, найдвартай, цэвэр эрчим хүчний нийлүүлэгч болж, хагас дамжуулагчийн олон улсын нийлүүлэлтийн сүлжээний чухал зангилаа болох боломжийг судлах ёстой.

-Ер нь Монгол Улсын байгалийн давуу тал, нөөц боломжийг энэ салбарт хэрхэн ашиглаж болох вэ?

-Монгол Улсад дэлхийн чипийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай газрын ховор элемент, хайлуур жонш, зэс зэрэг эрдэс түүхий эд бий. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тухайлбал, 2025 оны байдлаар Монгол Улс 1.5 сая тонн хайлуур жонш олборлож, дэлхийн нийт олборлолтын 15 хувийг бүрдүүлж, Мексикийн дараа дэлхийд хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж байна. Энэ бол бидний стратегийн чухал давуу тал юм. Хайлуур жоншны дэлхийн нийт судлагдсан нөөцийн 10 хувь нь манай улсад бий. Мөн Азийн хөгжлийн банкны тооцооллоор Монгол Улсын нар, салхины сэргээгдэх эрчим хүчний боломжит нөөц 2600 ГВт хүрэхээр байна. Энэ нөөцөө зөв ашиглаж, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, хуримтлуулах дэд бүтцийг хөгжүүлж чадвал Монгол Улс зөвхөн эрдэс баялгийн нийлүүлэгч бус, ирээдүйн технологийн үйлдвэрлэлд шаардлагатай цэвэр эрчим хүчний гол нийлүүлэгч болох боломжтой. Гэхдээ байгалийн нөөц дангаараа өрсөлдөх чадвар бий болгохгүй. Боловсруулалт, нэмүү өртөг шингээлт, хүний нөөц, технологи, хөрөнгө оруулалт, тогтвортой бодлогоор дамжуулан бодит эдийн засгийн үнэ цэнэ болгон хувиргах хэрэгтэй.

-Германы технологийн хөгжил, аж үйлдвэрийн туршлагаас Монгол Улс юуг суралцах боломжтой бол. Энэ талаар та хэлэхгүй юу?

-Герман бол Европын хамгийн том аж үйлдвэрийн эдийн засаг. Тус улсын технологийн хөгжил, инженерчлэл, үйлдвэрлэлийн нарийвчлал, судалгаа хөгжүүлэлтийн тогтолцоо нь бидний суралцах чухал туршлага юм. Carl Zeiss, TRUMPF зэрэг компаниуд өндөр нарийвчлалтай оптик, лазер, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн технологиор дэлхийд тэргүүлдэг. Гэхдээ Герман өөрөө ч дэвшилтэт хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд гадаад технологи, нийлүүлэлтээс хамааралтай хэвээр байна. Энэ нь нэг улсын хувьд бүх технологийг өөрөө хөгжүүлэх боломжгүйг харуулж байна. Харин өөрийн давуу тал, чадамжийг тодорхойлж, олон улсын хамтын ажиллагаанд тулгуурлан хөгжих нь чухал. Монгол Улс уул уурхайн инженерчлэл, цахилгаан эрчим хүч, байгаль орчны менежмент, усны нөөцийн удирдлага, уурхайн хаалт болон нөхөн сэргээлт зэрэг чиглэлээр Германтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой.

-Тэгвэл Финландын туршлагаас Монгол Улс ямар бодлогын сургамж авч болох вэ?

-Финланд бол газар нутаг, хүн амын хувьд харьцангуй жижиг улс боловч мэдлэгт суурилсан эдийн засаг, боловсрол, инноваци, технологийн хөгжлөөр дэлхийд өрсөлдөхүйц байр суурь эзэлж чадсан. Тус улсын туршлагаас харахад боловсролын чанар, судалгаа, хөгжүүлэлт, төр, хувийн хэвшил, их сургуулийн хамтын ажиллагаа, урт хугацааны тогтвортой бодлого нь эдийн засгийн өрсөлдөх чадварын үндэс болдог. Монгол Улс Финландын боловсролын тогтолцооноос суралцах, боловсролын чанар, хүртээмж, тэгш боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай. Энэ хүрээнд Финландын үе тэнгийн дээрэлхэлттэй тэмцэх “KiVa” хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр санамж бичиг байгуулсан нь хүүхэд бүрийн аюулгүй, ээлтэй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн “Боловсрол, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Финланд Улсын Засгийн газар хоорондын хамтарсан тунхаглал”-д гарын үзэг зурсан. Эдгээр баримт бичиг нь боловсрол, спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Финландын сайн туршлагыг Монгол Улсад нутагшуулах боломжийг нээж байна.

-Сэргээгдэх эрчим хүчний хувьд туршлага судлах боломж бас бий байх, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашиг, дата төвийн дэд бүтцийн чиглэлээр Финландын туршлага Монгол Улсад чухал ач холбогдолтой. Өнөөдөр хиймэл оюун ухааны хөгжил хурдасч, дэлхийн дата төвүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоогоор дата төвүүдийн цахилгаан хэрэглээ 2025 онд 485 ТВт.ц байсан бол 2030 он гэхэд 950 ТВт.ц хүрэх төлөвтэй байна. Энэ нөхцөлд Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцдөө тулгуурлан дата төв, тооцооллын дэд бүтцийн бүс нутгийн төв болох боломжоо судлах хэрэгтэй. Гэхдээ үүний тулд эрчим хүчний найдвартай хангамж, цахилгаан дамжуулах сүлжээ, хөрөнгө оруулалтын таатай орчин, дижитал дэд бүтэц, кибер аюулгүй байдлыг цогцоор нь хөгжүүлэх шаардлагатай.Эцэст нь, Финландын туршлагаас авах гол сургамж бол боловсрол, технологи, инноваци, эрчим хүчний бодлогыг тус тусад нь бус, харин харилцан уялдаатай, урт хугацааны хөгжлийн нэг цогц стратегийн хүрээнд авч үзэх явдал юм. Монгол Улс өөрийн онцлог, нөөц боломждоо тулгуурлан эдгээр туршлагыг нутагшуулж чадвал мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх боломжтой.

-Беларусь улсад болсон бизнес форумын үр дүнг хэрхэн үнэлж байна вэ?

-Беларусь улсад болсон бизнес форумын хүрээнд нийт 17 гэрээ, санамж бичиг байгуулж, 50 орчим сая ам.долларын дүнтэй хамтын ажиллагааны боломж бүрдсэн нь анхаарал татаж байна. Хамтын ажиллагааны чиглэлүүдэд төмөр замын тээвэр, арвай, хөдөө аж ахуйн техник, хүнс, сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг салбар багтаж байна. Эдгээр нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, тээвэр логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж юм. Гэхдээ гэрээ байгуулсан нь өөрөө эцсийн үр дүн биш. Хамгийн чухал нь хэрэгжилтийг хангах, хариуцах байгууллага, хугацаа, шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох явдал.

-Төрийн айлчлалын хүрээнд байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийг бодит үр дүнд хүргэхийн тулд юу хийх шаардлагатай вэ?

-Юуны өмнө гэрээ, санамж бичиг бүрийн хэрэгжилтийг хариуцах эзэн, тодорхой хугацаа, хэмжигдэхүйц үр дүнг тогтоох шаардлагатай. Бид хэдэн гэрээ байгуулснаа бус, хэдэн ажлын байр бий болгосон, ямар технологи нутагшуулсан, хэдэн мэргэжилтэн бэлтгэсэн, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортолсон гэдгээр нь дүгнэх ёстой. Төрийн бодлого тогтвортой, ойлгомжтой, хувийн хэвшилд итгэл төрүүлэхүйц байх нь хөрөнгө оруулалт татах үндсэн нөхцөл. Мөн төр, бизнес, их сургууль, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг бодит механизмаар хөгжүүлэх хэрэгтэй.

-Ер нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн ирээдүйн чиглэлийг та хэрхэн харж байна вэ?

-Монгол Улс зөвхөн байгалийн баялгаа олборлож, экспортолдог эдийн засгаас мэдлэг, технологи, инноваци, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлд суурилсан эдийн засаг руу шилжих шаардлагатай. Бидэнд байгалийн баялаг, сэргээгдэх эрчим хүчний боломж, залуу хүний нөөц, газарзүйн давуу тал бий. Харин эдгээр давуу талаа бодит өрсөлдөх чадвар болгохын тулд урт хугацааны стратеги, чанартай боловсрол, судалгаа хөгжүүлэлт, технологийн бодлого, хөрөнгө оруулалтын таатай орчин хэрэгтэй. Монгол Улс дэлхийн хамгийн нарийн чипийг үйлдвэрлэхгүй байж болно. Харин чип үйлдвэрлэлд шаардлагатай стратегийн түүхий эд, цэвэр эрчим хүч, технологийн тодорхой чиглэлийн мэдлэг, ур чадварын нийлүүлэгч болж чадна. Бидний зорилго бол төр өөрөө бизнес эрхлэх бус, үндэсний бизнес эрхлэгчид, судлаач, инженерүүдэд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг нээж өгөх явдал юм. Монгол Улс дэлхийн технологийн хөгжлийг зүгээр дагах бус, өөрийн давуу талд тулгуурлан дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд үнэ цэн бүтээдэг, мэдлэг, инноваци, үйлдвэрлэлээр өрсөлдөх чадвартай улс болох ёстой.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой 1 цаг 11 мин Пакс Глобалика (Pax Globalica) 1 цаг 22 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна 1 цаг 45 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ 2 цаг 21 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ 2 цаг 25 мин УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо 2 цаг 39 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна 2 цаг 48 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 3 цаг 29 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 3 цаг 33 мин А.Меркель: Эмэгтэй хүн дараагийн ерөнхийлөгч болох ёстой 3 цаг 39 мин “Мэдлэ” цахим сургуулиар дамжуулан гадаадад амьдарч буй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэв 3 цаг 43 мин Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ 3 цаг 49 мин Шатрын УАШТ-д олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнзул нар түрүүллээ 3 цаг 54 мин Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүллээ 4 цаг 5 мин Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ 5 цаг 10 мин Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ 5 цаг 18 мин Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв 5 цаг 43 мин Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баасан гаригт гарчээ… 6 цаг 24 мин МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 07 мин Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ Уржигдар 13 цаг 16 мин
iИх уншсан
НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ...
Top