Украины арми ням гаригт тус улсын өмнөд нутагт орших Херсон мужийн аюултай бүсүүдээс 167 хүнийг нүүлгэн шилжүүлснээ мэдэгдэв. Энэ үеэр мужийн хэмжээнд хэрэгжсэн гал түр зогсоох тохиролцооны хугацаа дууссан бөгөөд үүнээс хоёр хоногийн өмнө Оросын цэргүүдийн хяналтад байгаа Олешки хотоос оршин суугчдыг автобусаар нүүлгэн шилжүүлсэн байна.
Олешки хот болон түүний ойр орчмын бүсэд зургаан хоногийн хугацаатай гал зогсоох тохиролцоог АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трампын зуучлалаар, мөн Пап XIV Леогийн оролцоотойгоор байгуулжээ.
Гал зогсоох тохиролцооны хугацаа Москвагийн цагаар ням гаргийн шөнө дунд дууссан байна. Гэвч талуудын аль нэг нь байлдааны ажиллагааг дахин эхлүүлсэн гэх мэдээлэл хараахан гараагүй байна. Оросын цэргүүд 2022 онд Украинд өргөн хүрээтэй довтолгоо эхлүүлснээс хойш мужийн хэмжээнд байлдааны ажиллагааг түр зогсоосон хамгийн урт хугацаа энэ болжээ.
Украины Дээд Радагийн Хүний эрхийн комиссар Дмитрий Лубинец "Telegram" хуудсандаа бичихдээ, хоёр тал гал зогсоох хугацаанд “хүлээсэн үүргээ биелүүлсэн” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр ОХУ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн комиссар Яна Лантратоватай хамтран “үүнтэй ижил төстэй хүмүүнлэгийн ажиллагааг үргэлжлүүлэх боломжийг судалж байгаа” гэдгээ дурджээ. Мөн “Иргэдэд тусалж, хүний амь насыг аврахын тулд энэхүү хамтын ажиллагааны механизмыг хадгалах нь чухал” гэдгийг онцолсон байна.
Үүнээс өмнө Украины Зэвсэгт хүчний Жанжин штаб орон нутгийн эрх баригчидтай хамтран Херсон мужийн 167 энгийн иргэнийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлсэн тухайгаа мэдэгджээ. Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн дунд 22 хүүхэд, мөн тусгай тусламж шаардлагатай, хөдөлгөөний бэрхшээлтэй 21 хүн байсныг мэдээлсэн байна.
Херсон мужийн захирагч Александр Прокудин гал зогсоох тохиролцооны хугацаа дуусах дөхөж байгаатай холбогдуулан оршин суугчдыг сонор сэрэмжтэй байхыг уриалжээ. Тэрбээр Telegram хуудсандаа бичихдээ “Днепр мөрний ойролцоох бүс нутаг, суурин газруудыг хамарсан "улаан бүс" гэж нэрлэгддэг газруудад зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Тэнд Оросын цэргүүд эрчимтэй цохилт өгсөөр байгаа тул хүний амь насанд учрах аюул маш их байна” гэсэн байна.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдэгдсэнээр, Олешкид явуулсан ажиллагаа болон хоёр улсын хүний эрхийн асуудал эрхэлсэн комиссаруудын хамтын ажиллагааг ОХУ нааштай үнэлж байгааг Оросын мэдээллийн агентлагууд эш татан уламжилжээ.
Пап XIV Лео Олешкид гал зогсоох тохиролцоог хэрэгжүүлэхэд ОХУ, Украины хооронд бий болсон хамтын ажиллагаа нь энх тайвныг тогтоох өргөн хүрээний хүчин чармайлтын эхлэл болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
М.Трамп X нийгмийн сүлжээнд бичихдээ, "гал зогсоох тохиролцоо нь оршин суугчдад чөлөөтэй шилжин явах, мөн хүнс, цэвэр ус, эм тариа авах боломж олгож, байнгын халдлагад өртөх аюулгүйгээр амьдрах шинэ итгэл найдварыг төрүүлсэн" гэжээ.
Reuters



