Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймрийн хохирлыг тогтоох ажиллагааны талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл хийлээ.
Ц.Сандаг-Очир:
-“Одоогоор хийж буй хохирлын үнэлгээ, дүгнэлт шүүхийн шатанд нотлох баримтын шаардлага хангах эсэх нь тодорхойгүй байна. Иймээс дахин үнэлгээ хийх, ажиллагааг удаашруулах эрсдэлээс сэргийлж, мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн шинжээчдийн баг ажиллуулах шаардлагатай гэж үзэж байгаа.
Одоогийн ажлын хэсгийн дүгнэлт нотлох баримтын шаардлага хангах эсэхийг Шүүх шинжилгээний байгууллага өнөөдрийн дотор судалж, тодорхой болгоно. Хохирлыг нарийвчлан тогтооход газар дээр нь гурав, дөрвөн удаагийн нислэг үйлдэх шаардлагатай. Гэвч Халхгол сум болон Дорнод аймагт нисэх онгоцны түлш байхгүй тул Улаанбаатараас түлш тээвэрлэх автомашиныг өнөөдөр хөдөлгөж, маргаашийн дотор ОБЕГ-аас нисдэг тэрэг гаргахаар шийдвэрлэсэн" гэв.



