Гэрэл зургийг ikon.mn /2023.10.12/
1.
Манай Улаанбаатар хот аймаар хөгжиж байгаа. Дээшээ арсалдсан арав хорь, гуч, одоо бүр тавин давхар барилга, эрээлжилсэн самбар, дэлгэц, хаягууд, доогуур нь үй олон машин өдөр шөнөгүй урсаж, гял цал худалдааны төвөөр хөлхөлдсөн хүмүүсийн сайхан дүр зураг. Аялал жуулчлалын сурталчилгааны гялгар хуудсууд дээр бол төгс. Тэртээ 1959 онд хэд гурван байшин босч, ганц хоёрхон гудамжийг цардсан хотоо Өндөр сайхан байшинтай Өргөн сайхан талбайтай Түүх дурсгалын хөшөөтэй Таримал ногоон цэцэрлэгтэй Ардын олон сургуультай Аж үйлдвэрийн төвүүдтэй Түг түмэн хүнтэй Төрийн олон яамтай хэмээн шүлэглэсэн Мөнгөний Чимэд найрагч өнөөдөр юу бичих байсан бол?
Гэхдээ энэ хөгжил бас аймаар. XX зуунд бүтээн байгуулж цахилгаан станц, дэд бүтэц шугам сүлжээнд холбож үлдээсэн бэлэн талбай, орон зай, чөлөө завсрыг эхлээд дүүргэж, дараа нь нягтруулж, араас нь шунаж нягтруулсаар хориодхон жилийн хотын төвийн хааш хаашаа арав хүрэхгүй хавтгай дөрвөлжин километрийг чигжиж орхив. Сүүлдээ хуучны 3,4,5 давхар барилгуудыг уран барилга, соёлын өв энэ тэрээс үл хамааран устгалаа. Энд дуусгаад Сэлбэ, Дунд гол Туулын эрэг, уулын амууд руу дайрч гүйцээв. Бүр гол дотор хотхон барьдаг болсон. Одоо гэр хороолол руу дахин төлөвлөлтөөр давшиж буй. Өнөөдрийн хэт төвлөрөл, зэрлэг барилгажилт, замын түгжрэл, агаарын бохирдол, нэг ангид 40-50 сурагч гээд бүгд ийм учиртай. Энэ бүгдийг шийдэх нэрээр зам тавьж нөгөө л хотынхоо төвийг хөндлөн гулд ухаж төнхөөд, нөгөө гараараа эцэс төгсгөлгүй барилга нэмсээр дүндээ дүн. Мангар мангар мега төслүүд. Бид нийслэлийн дэд бүтэц, орон зайг гучин жил паразитлаж, тэр нь үргэлжилсээр, цаашид ч тэгэх шинжтэй байгаа тул өнөөдөр Улаанбаатарт хэрэгжүүлэх шаардлагатай хамгийн чухал мега төсөл бол Улаанбаатар хотод сайн засаглалыг бий болгох явдал болой.
2.
Улаанбаатарт Ардын Нам яг сүүлийн арван жил завсарлагагүй эрх барьж Ардчилсан Нам зөрөөд арван жил урууджээ. 2016 оны орон нутгийн сонгуулиар нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 11-ыг авсан хэрнээ Э.Бат-Үүл чадаагүй байхад тэд "амьд үлдсэндээ" баясаж суухаас хэтрээгүй тул сонгогчид дахин дахин шийтгэж 2000 онд найм, 2004 онд ердөө тавхан суудал өгсөн. Одоогийн энэ тав Х.Нямбаатараас бүр албан тушаал хүртээд даган баясаж хоёр жилийг өнгөрүүлснээ Туулын хурдны замын дуулианаар гэнэт зориг орж ганц хоёр цод хийснээ буцаад таг. Нийслэлд ганцхан Сүхбаатар дүүрэгт АН илт давуу (23:12) ялсан хэрнээ хөнжил гудсаа нэгтгэсэн байна. Ингээд Улаанбаатар хотод МАН-ын ноёрхол төв талбай дээр жанжин Сүхбаатарын хөшөө буцаж заларсантай адил шинээр цутгагдан бат бөх болжээ. Та яагаад нийслэлийн АН-ын суудал сандалд санаа тавиад эхлэв ээ гэж үү? Хэрвээ Ардчилсан намынхан арав, хориороо орж ирвэл Улаанбаатарыг дампууруулан Монгол Улсын авлигын нийслэл болгож, сүүлдээ Хатан Туулд халдсан тэр хар хүчийг Ану-Үжин, Хариад Уянга нарыг зовоохгүйгээр хазаарлах чадах биш үү? Ядахдаа илчилнэ шүү-гээр айлгаж дарамтлаад ч гэсэн. Эсвэл одоо манай ээлж, хуваалцья гээд замхрах юм болов уу?
3.
Өнгөрсөн долоо хоногт “Хараал хүрсэн хот” олон ангит кино телевизээр гараад дууслаа. Хот гэдэг нь мэдээж Улаанбаатар. Ноднин уржнангаас хойш иргэд Засаг даргаа өөрсдөө сонгодог болох ёстой гэсэн санал байн байн гарах болсныг уран бүтээлчид олж хараад дэлгэцэн дээр хэрэгжүүлж туршсан гэхэд болно. Кинон дээр нэр дэвшигч хоёр эрхмийн нэг нь нөгөөгөө (тэр нь ч таарсан таар шуудай) шившгийн шалбаагт чихэж нэрийг нь татуулаад зогсохгүй баахан гэмт хэргийнхээ гэрч, хамсаатан, урвагчдаа цонхоор шидүүлж, захиалгаар алж, алалцуулж, арын суудлаас хоолойг боож (“Загалмайлсан эцэг” шиг), нохойгоор тасчуулж, бүр уурын зууханд шатаалгаж (“Загалмайлсан эцэг”-ийнхэн ч тэгэж сэтгээгүй), сэтгэцийн эмнэлэгт хорьж, цагдаагийн мөрдөгчийг бүр хөнөөж байж сая санасандаа хүрсэн үйл явдлууд гарна. Хэрвээ энэ кино уран сайхны бишсэн бол шүүхэд өгөхөөр муухай харуулжээ. Манай жинхэнэ Улаанбаатарт бол Засаг даргыг МАН-ын удирдах зөвлөл тавьж Иргэдийн нэртэй төлөөлөгчид "жа" хэмээн баталдаг. Цорын ганц удаа АН-д аз таарч эрх мэдэл авсан ч хэсэг цамнаад бүтэлгүйдсэн бол нэгэн бөх УИХ-ын гишүүний суудлаас илүүд үзэж Засаг даргаар очоод өвдөг шороодсон, Ерөнхий сайд хөтөлж аваачсан дараачийнх нь байхгүй мөнгөөр баахан туйлаад хөөгдөж Улаанбаатартаа бүү хэл улсдаа багтахаа болиод тэнэж яваа гээд тэдний паянг бид мэднэ. Одоогийн Засаг даргыг бол яахав тэнгэрээс буулгасан, ид шидээ хараахан харуулаагүй байна.
4.
“Хараал хүрсэн хот”-д иргэдийн саналаар сонгогдсон хотын дарга маань гэнэт хулгайлагдаж сураг тасрахад Роберт Де Ниро-гийн “Казино”-д навчин тамхи баагиулан нуруугаа харуулж суудаг аймшигт боссуудтай төстэй хэлэн эрхэм яг тэгэж суугаад (бүр "удирдах зөвлөл" нэртэй гээч) дараачийн даргыг тавих лүндэн буулгана. Цоо шинэхэн тэр даргын нийслэлийн иргэддээ хандсан мэндчилгээ "Хотын үйл ажиллагаа тасралтгүй, цаашид ч хэвийн үргэлжлэх болно. Нийслэлд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлууд, хөрөнгө оруулалтын ажлууд тасралтгүй явагдах болно. Бид тогтвортой байдлыг нэн тэргүүнд тавьж ажиллана. Албан тушаал түр зуурынх байж болно, харин систем үргэлж ажиллаж байх учиртай” гэж төгсөнө. Анзаарав уу? Систем ажиллах ёстой, өөрчлөгдөхгүй.
5.
Киноны биш бодит Улаанбаатарт ямар систем буйн тодоос тод нотолгоо бол өнгөрсөн жилүүдэд нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтын шаардлага, барилгын норм, журам, дүрэм, стандартыг улаан цайм зөрчсөн газар олголт, түүн дээр баригдсан барилга байгууламжууд юм. Бүгдийн нүдний өмнө “улаан цайм” ил учраас жишээ баримт шаардлагагүй. Энэ бүх зөвшөөрлийг бүгд мэдэх овог, нэр бүхий нийслэлийн Засаг дарга нар ээлж дараалан олгожээ. Энэ олон жил тэдний хооронд, хөшигний ард юу болж, ямар үүрэг даалгавар өгч, юуг шургуулж, "нөгөө асуудал"-ыг хэрхэн шийдэж, зөвшилцсөнийг бид үл мэднэ. Хуулиараа бол нийслэлд газрыг нэгдүгээрт, дуудлага худалдаа, хоёрдугаарт, төсөл сонгон шалгаруулж байж олгох ёстой, өөрөөр хэлбэл нээлтэй байх ёстойг зориудаар мартуулсан. Улаанбаатар хотод газар, барилгын зөвшөөрлийг эцэслэн шийдвэрлэж албажуулсан Засаг даргын захирамжууд нууц байдаг нь ийм учиртай.
Өөр нэг нотолгоо бол Дархан цаазат Богдхан уулын байдал. Хууль сануулахад, Дархан цаазат газрын хамгийн "зөөлөн" дэглэмтэй хязгаарлалтын бүсэд зөвхөн аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглахыг 5 жилийн хугацаатай зөвшөөрч зөвхөн нэг удаа сунгах ба өөр ямар ч барилга байгууламж, өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслан барих, бүр мал бэлчээрлүүлэхийг хүртэл хориглодог. Тэгвэл Улаанбаатар луу улаан нүүрээрээ харж буй Богдхан уулын хойт амууд яагаад дүүрчихэв? Үүнийг Байгаль орчны яам ба Улаанбаатар хот дундаа шийдэж ирсэн. Эхлээд Байгаль орчны яам зөвхөн “түр буудаллах отог, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих" зөвшөөрөл олгоно. Өөлөх юмгүй. Тэгтэл нийслэл түр биш байнгын барилгын зургийг баталж өгнө. Зогсоогооч ээ гэвэл "Байгаль орчны яам зөвшөөрөөд газрыг нь өгчихсөн байна, тэгэхээр иргэн хүн өөрийн мэдлийн газар дээр юугаа барихыг бид хориглож чадахгүй" болоод явчихна. Ингээд бүхэл бүтэн хотхон босдог. Дархан цаазат уулыг дархан цаазтай байлгах үүрэгтэй Байгаль орчны яам хичнээн баатарлагаар эсэргүүцэн тэмцээд хүч мөхөсдсөнийг асууж бахархахаар очвол "Бид зөвхөн газар олгосон, барилга барь гээгүй, хотоос асуу, манайх хариуцахгүй". Гүйцээ. Ингэж бие биенээ хайцаалдаг төгс систем "үргэлж" ажиллаж иржээ. Ийм тогтолцоог мафийн гэхгүй юм бол өөр юуг тэгэж нэрлэх юм бол? Яахав, боловсон, цэвэрхэн, ул мөргүй.
Бүр инээдтэй нь хэд хоногийн өмнө нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар дээшээ асаж “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга гэж Я.С намайг шахсан. Миний эрх хүрээний асуудал биш, Байгаль орчны яамны газар зөвшөөрөл олгох ёстой гэхэд, тэнд асуудлыг зохицуулсан гэж надаар захирамжлуулсан. Монгол цэргийн холбооны 22 давхар барилгын зөвшөөрлийг бас намайг дарамталж захирамжлуулсан” гэжээ. Ичгэвтэр, бас худлаа. Дарамтлуулсан гэж юу л бол. Тэрбээр Засаг дарга байхдаа, Богдхан уулыг нийслэлийн мэдэлд өг хэмээгээд цамнаж зогссон удаатай.
6.
Нийслэлийн эзэн бол яах аргагүй Засаг дарга. Газар, барилгын зөвшөөрөл олгох эрх мэдэл УИХ-ын ямар ч гишүүн, аль ч сайд, Ерөнхий сайдад байтугай Ерөнхийлөгчид ч байхгүй (Тэгээд ч олон жилийн өмнө Миеэгомбын Энхболдоос авдгаа авчихсан, бас хойтон төрийн өндөрлөгөөс тэртээ тэргүй хоосон буулгахгүй. Харин Монгол цэргийн холбооны 22 давхар илүү, нэрийн хор баймаарсан).
Нийслэлийн эзэн Засаг даргыг иргэд өөрсдөө сонгох санааг "Хараал хүрсэн хот" баахан гутаачихлаа. Тэгвэл Засаг даргыг томилдог Иргэдийн төлөөлөгчийн хуралд иргэд урьдахаас илүү нөлөөлдөг, оролцдог, сонгогддог болох зүгт өөрчлөлт гарах уу? Энэ хавар болсон нэг үйл явдал "битгий горьд" гэсэн салаавч өгөх шиг болов. Туулын хурдны замын дуулиан дундуур УИХ-аас “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хууль”-инд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гучин хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно” гэсэн өөрчлөлтийг сэмээрхэн оруулсан байх юм. Хэлж дуулгаагүй, яриа хэлэлцүүлэг өрнүүлээгүй. Ингээд Иргэдийн нэртэй ч хэзээ ч тийм байгаагүй Нийслэлийн намын төлөөлөгчдийн хурал бас төр захиргааны албан хаагчдын хурал болж та биднээс улам бүр алсран одож байна. Бас хаанаасаа юун хараал хүрчихэв ээ?
Ажиглагч /baabar.mn/ 2026.10.20



