Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар эцэслэн баталсан. Тиймээс уг хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Г.Уянгахишигтэй ярилцлаа.
-Ашигт малтмалын тухай хуульд оруулсан гол өөрчлөлт нь юу байгаа вэ?
-Гол зорилго нь ашигт малтмалын хайгуулыг дэмжих байсан. Учир нь ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн харьцаа 1:5 байвал эрүүл явж байна гэж дэлхий нийтэд үздэг. Гэтэл манайд болохоор бараг 1:1 болчихоод байгаа юм. Өнөөдөр бид татварын бус орлогоор төсвөө нэмэгдүүлэх гэдэг ойлголтын тухай ярьж байна. Тэгвэл ингэх боломж нь ерөөсөө л уул уурхайн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл болчихоод байгаа юм. Тийм болохоор ашиглалтын лицензийг нэмэгдүүлэх шаардлагатай.
Ингэхийн тулд эрэл хайгуулын ажлыг идэвхжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр хайгуулын лицензийг хөдөлгөх, эргэлтэд оруулахаар заалтуудыг оруулсан. Тухайлбал, хайгуулын лицензээ дараад байдаг асуудлыг болиулахын тулд хоёр, гурав дахь жилээс нь өндөр татвар төлдөг байхаар зохицуулсан. Мөн төсөв бүрдүүлэхэд голлон нөлөө үзүүлдэг зэсийн АМНАТ дээр нэлээд том өөрчлөлт орсон. Үүн дээр хоёр талцсан маягийн санал бодлууд гарсан. Нэгдүгээрт, зэсийн үнэ өндөр байгаа үед АМНАТ-өө өндөр байлгаж байж төсөвт орох мөнгө нэмэгдэнэ гэж үзэж байгаа хэсэг байна. Гэтэл нөгөө талдаа зэсийн үнэ өсөж байгаатай нийцүүлэн зэсийн ордыг нэмэгдүүлэхийн тулд АМНАТ-өө зах зээл дээр адилхан өрсөлдөх боломжтой болгож буулгах хэрэгтэй байна гэж үзсэн. Тэгэхгүй бол олон улстай өрсөлдөх боломжгүй байгаа. Хоёрдугаарт, Оюу толгойтой хийсэн Тогтвортой байдлын хөрөнгө оруулалтын гэрээнд таван хувиар түгжчихсэн. Гэтэл бусад нь 20 хувь байгаа болохоор бусад ордууд үйл ажиллагаа явуулах боломжгүй болчихоод байна гэсэн үндэслэлээр зэсийн АМНАТ-т өөрчлөлт оруулсан.
-Ямар, ямар өөрчлөлт орсон бэ?
-Хуулийн төслийг хэлэлцэх явцад зарчмын зөрүүтэй санал гараад зэсийн АМНАТ-тэй холбоотой хуулийн өөрчлөлтийн хэрэгжих хугацааг 2029 оны нэгдүгээр сарын 1 болгож хойшлуулсан. Хувь хэмжээн дээр гэвэл зэсийн хүдрийн хувьд үнийн өсөлтөөс хамаарч 0-5000 ам.доллар байвал АМНАТ байхгүй.
Харин 5000-6000 ам.доллар байвал одоогийн хуулиар 22 хувь байсныг 11, баяжмал 11 байсныг нэг, бүтээгдэхүүнд оногдох АМНАТ-ийг 0.5 хувь болгож өөрчилсөн. Нэг үгээр хүдрийн хувьд хоёр дахин, баяжмалыг 10 хувиар, бүтээгдэхүүнийг хоёр дахин бууруулж өгсөн. Яг энэ шатлалаар 9000 ам.доллараас дээш үнэтэй байгаа нөхцөлд одоогийн хуульд 30 хувь байгааг 15 болгож бууруулсан гэсэн үг. Ер нь татвар өндөр байх тусмаа л сайн гэж ойлгож болохгүй.
-Тэгэхээр АМНАТ-ийг ингэж бууруулж байж л олон зэсийн орд ашиглалтад орно гэж үзэж байгаа хэрэг үү?
-Зөвхөн Монгол Улс зэсийн нөөцтэй биш. Маш олон улс л зэсийн нөөцтэй, түүнээ ашигладаг. Дээрээс нь уул уурхайн үйлдвэрлэл, төслүүд дандаа гадны хөрөнгө оруулалтаар хийгддэг. Тэр хөрөнгө оруулагчдын нэг л хувилбар нь Монгол Улс. Тэгэхээр татварынх нь орчин олон улстай өрсөлдөхүйц хэмжээний таатай биш байвал манайд орж ирэхгүй. Тийм болохоор АМНАТ-ийг ингэж багасгасан нь олон улсын дундаж руу л дөхүүлж байгаа хэрэг юм.
-Энэ өөрчлөлт Оюу толгой, Эрдэнэт үйлдвэрийн төлдөг АМНАТ-т хамаараад явах юм уу?
-Оюу толгойн гэрээнд заасан АМНАТ-ийн таван хувь хөдлөх нөхцөл одоогоор харагдахгүй байгаа. Ирэх 2029 оны нэгдүгээр сарын 1-нээс АМНАТ олон улсын дундаж хувьтай болоод ирэхээр бусад төслүүд хэрэгжээд явах боломжтой болно. Эрдэнэт үйлдвэрийн хувьд 100 хувь төрийн өмчит учраас дотооддоо шийдэх асуудал болчихож байгаа юм. Гэтэл Оюу толгойн хувьд олон улсын хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаат компани. Тийм болохоор хувьцаа эзэмшигчид нь орлого нь хэд байх юм, татварын орчин нь нэр тогтвортой, гэнэтийн өөрчлөлт, эрсдэлүүд нь ямар байгаа юм гэдэг судалгаануудыг хийж байдаг. Тэгэхээр төр огцом өөрчлөлт гаргах юм бол дараа, дараагийн төслүүдэд маш хортой болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газартай хийсэн гэрээнд тогтворжуулалт гэдэг зүйл байхгүй. Хэзээ ч өөрчлөгдөж болдог юм байна. Тийм учраас Монгол Улсын Засгийн газартай хийсэн гэрээг гэрээ гэж авч үзэж болохгүй юм байна гэдэг нөхцөл байдлыг бий болгоно. Тиймээс Засгийн газар тохирсон гэрээний нөхцөлөө аль болох хөдөлгөхгүй байх ёстой. Өнөөдөр хайгуулын лиценз яагаад ийм бага болчихсон юм. Стратегийн болон бусад уул уурхайн ордууд яагаад ашиглалтад орохгүй байна. Газрын тосныхоо нөөцийг ихэсгэж чадахгүй байна гэхээр 2009 оны үеийн эдийн засгийн өсөлтийн үеийг алдчихсантай холбоотой. Бүр алдчихсан гэхээсээ илүү таслан зогсоосноос болсон.
-Тэр үед хайгуулын лиценз олголтыг бүр зогсоочихсон биз дээ?
-Тэгсэн, хайгуулын лицензийн шилжилтийг ч мөн зогсоосон. Дээрээс нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон хөрөнгө оруулагч нарт амалж байсан таатай нөхцлүүдээ ч байхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, ирэх 10 жилийнхээ ашигтай ажиллах өгөөжийг тооцохгүйгээр өнөөдрийнхөө татан төвлөрүүлэх мөнгөө ихэсгэх байдлаар асуудалд хандсан. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагч нар үргэсэн. Төр засгийн тогтвортой байдал гэсэн үнэлгээн дээрээ бид уначихсан. Үүнийг сэргээхийн тулд бид тогтвортой байдлыг л бий болгох ёстой. Уг нь манайх байгалийн давагдашгүй хүчин зүйл талдаа хөрөнгө оруулагч нарт нэлээд эерэг үзүүлэлттэй байдаг. Цунами, газар хөдлөлт болоод байхгүй газар шүү дээ. Гэтэл манай хамгийн том дутагдал нь төрийн бодлогын тогтворгүй байдал болчихоод байна. Үүнээс болоод гадныхан хөрөнгө оруулалт хийхгүй байгаа. Өнөөдөр хуулиа өөрчлөөд таатай орчин бий болгосон ч гэсэн дөрвөн жилийн мөчлөгтэйгөөр бодлого тодорхойлогдоод байхаар л болохгүй болчихоод байна. Гэнэтхэн цоо шинэ татвар бий болгоод, эсвэл байгаа татвараа огцом нэмээд байхаар л хөрөнгө оруулагч нарт итгэл байхгүй болчихдог. Тийм болохоор цаашдаа гол томоохон төслүүдийн эрх зүйн орчныг бий болгож байгаа хууль тогтоомжуудаа аль болох тогтвортой байлгах хэрэгтэй.
-Төр засгийн шийдвэрийн тогтвортой байдал гэхээр зөвхөн уул уурхайд хамаатай ойлголт биш биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Жишээлбэл, эрчим хүчний салбар байна. Жижиг төсөл хөтөлбөрүүдээ бид өнөөдөр дотоодын хөрөнгө оруулалтаар хийгээд байж болно. Гэтэл томоохон төслийг хэрэгжүүлэхийн тулд бид зайлшгүй гадны хөрөнгө оруулалтаар л хийж таарна. Одоо бид эрчим хүчний салбарынхаа үнийг чөлөөлчихлөө. Энэ шийдвэр олон давуу тал бий болгоно. Төрөөс татаас өгөөд л цахилгаан, дулааныхаа үнийг тогтоогоод яваад байхаар яалт ч үгүй нэг хананд тулаад л зогсож байна. Үүнийг л бодит зах зээлийнх нь зарчим руу аваачих ёстой болчихож байгаа юм. Энэ тийм амар ажил биш. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт ч ялгаагүй. Өнөөдрийн нүдээр харвал маш их шүүмжлэл дагуулна. Гэхдээ бид 10 жилийн дараах иргэдийнхээ амьжиргааг ямар түвшинд аваачсан байх юм, бүх зүйл төрөөс хамааралтай байхаа хэзээ болих юм гэдэг бодлогын өөрчлөлтүүдээ хийх л ёстой. Харин эхлүүлж байгаа хүмүүс, улс төрийн намууд муу нэр зүүж таарна. Гэхдээ л үүнийг хийж байж л бид өнөөдрийн хана мөргөөд зогсчихсон байгаа асуудлуудаа шийдэж чадна.
Өдрийн сонин



