Монгол Улс бол ердөө л постмодерн романы амьд гар бичвэр, Жан Бодрийярын "Симулякр ба Симуляци" онолын хамгийн амжилттай хэрэгжиж буй дэлхийн цорын ганц амьд лаборатори болчихжээ гэмээр харагддаг болоод удлаа. Бид өглөө бүр тусгаар тогтносон улсын иргэд шиг омог бардам сэрэх атлаа өдөр бүр утгагүй бөгөөд инээдэмтэй жүжгийн үзэгчид болон хувирах төдийгүй өөрсдөө ч өөрийн эрхгүй татагдан орж нэг нэг туслах дүрд нь тоглодог болов. Гунигтай нь бодит байдал, хуурамч төрх хоёр байраа сольж, эмгэнэл нь хошин шогтойгоо сүлэлдэн, ард түмэн нь уйлахаа мартаад инээдэг туйлын цэгтээ тулж очсон байна. Энэхүү симуляцийн хамгийн шилдэг үзэгдлүүдийг задлан шинжвэл:
"ҮЛ ҮЗЭГДЭГЧ" ТЭРБУМТНУУД БА ХООСОН ОРОН ЗАЙН УРЛАГ
Бид дэлхийн түүхэнд хамгийн урт, хамгийн мунхаг инээдмийн шоуг хамтдаа үзлээ. Төмөр замаар олон сая тонноор нь зөөсөн нүүрс квант физикийн хуулиар гэнэт алга болсон ч, хэн ч аваагүй гэх тайлбар шүүх хурал дээр ялалт байгуулна. Нүүрс нь бодит ертөнцөд оршихгүй атлаа оффшор бүс дэх хэн нэгний дансанд олон тэрбум ам.доллар болон материалжиж буй нь постмодерн урлагийн дээд хэлбэр болох "хоосон орон зайг утгаар нь дүүргэж буй" концепци гэлтэй.
Нийгмээрээ "Нүүрсээ олж авъя" хэмээн цахиртан орилолдсоор төв талбай дээрээ хасах 30 хэмд хөлдөж үхэх шахан жагсах атлаа жагсаалын дараа хэн нь ч юу ч өөрчлөгдөөгүйг мэдээд маш тайвнаар гэр гэртээ харьж, утаандаа уушгиа үргэлжлүүлэн утах нь абсурд театрын оргил үзэгдэл.
-Систем дахиж эхэллээ, харин нүүрс хаана байна.
-"Уучлаарай, системд алдаа зааж, нүүрс дараагийн хэмжээст шилжсэн" гэх хөгжилтэй диалоги л хөврөнө.
УСАН ДООРХУЛААНБААТАР: "G-CLASS"-ЫН НЕО-ВЕНЕЦИЙН МӨРӨӨДӨЛ
Зун болохоор Улаанбаатар хот маань хэдхэн минут орсон борооны дараа шууд л Венеци болон хувирдаг. Гэхдээ энэ бол зүгээр нэг үер биш, хотын удирдлагуудын иргэддээ барьж буй "Усан паркийн үнэгүй эрх" буюу концептуал бэлэг юм.
Хагас тэрбумын өртөгтэй тансаг зэрэглэлийн "Land Cruiser", "G-Class" машинууд нь барилгын суурийн шавраас ундарсан усан далай дотор хөвж, хажуугаар нь хэнэг ч үгүй приус машинаараа сэлэн явах ардуудын төрх бол Монголын жинхэнэ эсрэгцэл.
Усанд автсан нүхэн гарцаар баяртай гэгч нь тийнхүү сэлж, тэр дунд нь усны үхэр мэт тоглож буй залуусын бичлэг тикток дээр тренд болох тэр мөчид үер гэдэг байгалийн гамшиг биш, зүгээр л долоо хоногийн хамгийн их "лайк" цуглуулах контент болон хувирна. Эмгэнэл инээдэмд бүрэн уусах үед үнэ цэнэ гэдэг зүйл ингэж устдаг ажээ.
"ТҮГЖРЭЛИЙН ЭСРЭГ" ТҮГЖРЭЛ БА ЭДИЙН ЗАСГИЙН ПАРАДОКС
Манай улсын хамгийн том парадокс энд өдөр бүр өрнөнө. Түгжрэлийг бууруулахын тулд "Шинэ үеийн", "Евро-5 стандартын" гэх хээнцэр тодотголтой ногоон автобус худалдаж авдаг ч, тэр нь яг үнэндээ хуучин тэрэгний косметик мэс засал хийсэн хувилбар байж таардаг.
Үүнийгээ шийдэх гэж дугаарын хязгаарлалт гэгчийн хөшүүрэг нэвтрүүлэхэд иргэд нь хариу урвал үзүүлж дахиад нэг "тэгш, сондгой" дугаартай машин худалдаж авснаар хотын түгжрэлийг хоёр дахин нэмэгдүүлнэ. Энэ бол урагшаа алхах тусам хойшилдог, асуудлыг шийдэх тусам асуудал нь үрждэг дистопи ирээдүй маань юм. Улаанбаатарт зогсож буй машин бүр хөдөлгөөнийг эсэргүүцэгч философичдын цуглаан гэлтэй.
ДИЖИТАЛ МЭМ-ИНЭЭДЭМ
Өнөөдөр Монголд хэн нэгэн улстөрч гарч ирээд л хэвлэлийн хурал хийж, хэдэн их наядын авлигын тухай ярихад ард түмэн уурлаж цочирдохоо хэдийнэ больсон. Бидний мэдрэлийн эсүүд авлигад ингэтэл "дархлаажсан" гэсэн үг. Харин түүний өмссөн олон саяын үнэтэй куртка, эсвэл хэвлэлийн хурал дээр хэлсэн "Би юу ч мэдээгүй", "Миний дүү л авчихсан байна" гэх мэтийн барьцгүй өгүүлбэрийг шүүрч аваад шууд л мэм хийж, сошиалаар нэг инээд хөөр болно.
Ийнхүү тавьж өгсөн зорилтот технологиор дамжин бухимдал бүхэн пост, лайк, шейр болон замхарч, авлигачдын эсрэг тэмцэл сошиал трендээр солигдоно. Эмгэнэл нь хэтэрсээр байгаад бид түүнийг өдөр тутмын хэрэглээний поп-энтертайнмент болгон хувиргаж шингээгээд сурчихжээ. Бид шударга ёсыг биш, харин хамгийн инээдтэй мэм бүтээсэн улстөрчийг л хайдаг болтол төөрөлдөж орхив.
Монголд амьдрах нь өөрөө мета-ертөнцөд, хязгааргүй үргэлжлэх хошин шогийн зураг авалтын талбайд амьдарч буй мэт. Энд логик үхэж, оронд нь сошиал орчинд трэнд болох "Яаая, ямар сонин юм бэ" эсвэл "Уучлаарай, систем дахиж эхэллээ" гэдэг нөгөө ганцхан хариу үйлдэл л “амьд” үлдсэн. Бид хөгжил дэвшил рүү явж байна уу, эсвэл зүгээр л нэг абсурд симуляцийн туслах дүрд тоглож байна уу.
Юутай ч дараагийн үзэгдэл эхэлж байна, постеруудаа бэлдэцгээе, үзэгчид ээ.
"ҮНЭГҮЙ ЭРҮҮЛ МЭНД" БА ҮХЛИЙН ШУГАМЫН ДИЖИТАЛ ООЧЕР
Бид Үндсэн хуулиараа "Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үнэгүй авах" эрхтэй иргэд гэгдэх боловч бодит байдал дээр эмнэлгийн цахим симуляцид амьдардаг. Үүр цайхаас өмнө эмнэлгийн үүдэнд зогсох амьд оочер одоо "цахим бүртгэл" нэртэй дижитал хий үзэгдэл болон хувирчээ. Улсын эмнэлэгт үзүүлэх цаг авахын тулд гурван сарын дараах өдрийг сонгох ёстой. Харин тэр өдөр нь ирэхэд та аль хэдийнэ өөрөө эдгэрчихсэн, эсвэл бүр үхчихсэн байх магадлалтай. Системд таны нэр, өвчний түүх "эмчлэгдэж буй иргэн" гэж бүртгэгдсэн тул цаасан дээр эрүүл мэндийн салбар хөгжиж буй мэт харагдана. Гэвч бодит амьдрал дээр иргэд нь хувийн эмнэлэгт халаасаа эргүүлж, эсвэл цахим орчинд "эмчилгээний зардал гуйсан" пост бүрийн дор "шейр" хийн сууцгаана. Үүнийгээ эргэцүүлэх ухаан ч аль хэдийнэ саармагжсан. Хэвлэл мэдээллүүд ч энэ сэдэв рүү өлийж харахгүй. Эрүүл ухаан, хэвийн ёс зүйн хэмжүүр бүгд үхсэн мэт л байна...Ёстой дипломын үйлдвэрлэл ба мэдлэггүйн баяр баясгалан гээч л болж байна. Манай улсад хүн бүр дээд боловсролтой, таксины жолооч болгон олон улсын харилцаа, эдийн засгийн ухааны магистр. Гэвч хэн ч ажлын байран дээрээ мэргэжлийн шийдвэр гаргаж чаддаггүй.Диплом бол мэдлэгийн баталгаа биш, зүгээр л дөрвөн жил сургуулийн төлбөр төлснийг гэрчлэх "үнэтэй цаас" буюу симулякр болсон нь энэ.
Өвлийн утаа Улаанбаатарыг бүрхэж, гамшгийн хэмжээнд хүрэхэд иргэд гэрээсээ гаралгүй фейсбүүк, твиттертээ утааны зураг хийж, уушгиа өрөвдсөн сэтгэгдэл бичнэ. Виртуал бодитой байдал нь бид сошиалд уурлаж, бухимдлаа илэрхийлчихвэл утаатай тэмцчихсэн мэт сэтгэл ханамж авдаг болчихсон гэсэн үг. Бодит ертөнцөд хордож үхэж буй уушгиа виртуал орчны "лайк"-аар сольж орхисон маань Жан Бодрийярын хэлсэнчлэн "Бодит байдал устаж, оронд нь түүнийг орлогч тэмдэгтүүд ноёлсон"-ы л тод илрэл юм шүү дээ.
Эцэст нь, Монголын энэхүү агуу симуляцид "Хиймэл оюун ухаан" орж ирээд шууд гацаж, эвдэрч эхэлж байна уу гэлтэй санагддаг болж байна. Учир нь AI зөвхөн логик, дата, шалтгаан үр дагаврын хуулиар ажилладаг. Харин логикгүй, шалтгаангүй, зөвхөн "Үл үзэгдэх хүч" ба "Абсурд жүжиг"-ээр ажилладаг энэ системийг ойлгохын тулд манай улсад бол хиймэл оюун ухаан өөрөө ухаан алдаж унахаар болчихоод байна.
ЖИШЭЭ НЬ, СҮҮЛИЙН ХОШИН ҮЙЛ ЯВДЛЫГ АВЧ ҮЗЬЕ
Баавгайг олоод "шийтгэчихлээ". Систем ажиллаж байна. Одоо бүгдээ-рээ Байгаль орчны сайдыг яах вэ гэдэг постмодерн жүжгийн дараагийн үзэгдэл рүү шилжье. Бид хүн идсэн баавгайг олоод шийтгэчихлээ. Харин баавгайг ингэтэл тонгочуулсан Байгаль орчны сайдын асуудлыг яаж шийдэх вэ. Энэ хариултгүй байна. Гэхдээ бас хэд хэдэн арга байх шиг...
Сайдыг ажлаас нь халах ч үгүй, үлдээх ч үгүй. Түүнийг зүгээр л "Сайдын дүр эсгэгч" гэж зарлах. Бодит байдал дээр сайд байгалийг хамгаалдаг уу, эсвэл сайдын суудал өөрөө зүгээр л нэг бэлгэ тэмдэг үү гэдэг тодроод л харагдаад эхэлнэ.
Үнэндээ манай сайд өөрөө өөрийнхөө симуляци (дуураймал) болон хувирч, өдөр бүр зурагтаар "Би байгаль орчныг хамгаалж байна" гэж хийсвэрээр ярих боловч яг үнэндээ юу ч хийхгүй байх нь өөрөө хамгийн дээд шийтгэл гэдгийг мэдэхгүй байна.
Тэгэхээр сайдад баавгайн арьс нөмөргөөд, ой руу явуулах бас нэг арга байна. Энэ ямар учиртай вэ гэвэл, хүн ба байгалийн заагийг устгана. Сайд өөрөө хохирогчийн (баавгайн) байр сууринд очиж, өөрийнх нь удирддаг яамны гаргасан шийдвэрүүд амьдрал дээр яаж хэрэгждэгийг "биеэрээ" мэдрэг. Хэрэв түүнийг анчид хөөвөл тэрээр албан тушаалтан биш, зүгээр л байгалийн нэг эд эс гэдгээ ухаарна шүү дээ.
Сайдад саад болчихоод байгааг нь ойлгуулах дараагийн нэг арга байна. Тэр бол сайдыг "Байгаль орчныг хамгийн шилдэг устгагч" одонгоор шагнаж, хүндэтгэл үзүүлэх явдал. Учир нь сайдыг огцруулах нь хэтэрхий амархан бөгөөд уйтгартай хуучин систем. Постмодерн ертөнцөд түүнийг "Утгагүй байдлын амьд хөшөө" болгон үлдээж, систем өөрөө өөрийгөө яаж идэж байгааг олон нийтэд харуулах нь хамгийн шилдэг "шийтгэл" болно.
Жич: Манай яруу алдарт МАН-ынхан энэ сайдыгаа Сократ хэмээн өхөөрдөн хочилдог юм билээ. Сократ Сандаг-Очир гэж... Энэ золигийн хочноос болоод өнөөдөр миний бичвэр ч нэг иймэрхүү зүйл болон хувирчихлаа. Өршөөн хэлтрүүлнэ биз ээ.
Бид баавгайд нь хариуцлага тооцож чадлаа. Харин баавгайг энэ хүртэл тонгочуулсан Байгал орчны сайдад нь хариуцлага тооцож чадах уу гэх сэтгэл өвдөм асуултад л хариулт өгөх гэж хичээлээ. Энүүхэн хойд хөршийнхөн баавгайтай зохих хэлээр нь ярив. Харин манайхан алим жимс барьж гүйлдэн, арай л оромж сууц барьж өгөх нь халаг элийрцгээв.
Одоо баавгайд идүүлсэн монгол иргэний амийг хэнээс нэхэх вэ. Эсвэл нэг муу гэр хороололын орк идүүлээ л биз гээд хаяж байна уу. Үүнд хариулт бас л алга даа. Явж явж Сократын өөрийнх нь тойрогт ийм хэрэг болчихсон байх юм гээд гадуур улс амьтан шуугьж байна. Сократ харин гүлдийсээр...
Б.ГАНЧИМЭГ, Өдрийн сонин



