УИХ-ын чуулганы баасан гаригийн (2026.10.16) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Бат-Эрдэнэ нарын тус тус өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан тухай Төрийн байгуулалын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн гишүүн С.Зулпхар уншиж танилцууллаа.

Нэгтгэсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан ахлан ажиллаж, нийт 16 зарчмын зөрүүтэй санал бэлтгэсэн байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Батбаатар, Х.Баасанжаргал, Б.Заяабал, Х.Тэмүүжин нар хянан шалгах, түр хороо байгуулах, тоон хязгаарлалтыг халах, түр хорооны дотоод зохион байгуулалтын зардлыг санаачлагч гишүүдийн төсвөөс санхүүжүүлж, хариуцлагыг нэмэгдүүлэх, нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүдийн оролцоог хангах, мөн түр хорооны бүрэлдэхүүн батлагдсаны дараа өөрчлөлт оруулахгүй байх зэрэг зарчмын зөрүүтэй долоон санал гаргажээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцэж, дээрх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулжээ.
Төрийн байгуулалын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Д.Бум-Очир нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлангаас тодорхой хариулт авав.

Үүний дараа чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлгийг явуулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, “Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон дээрх хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсголоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



