Монголын Үндэсний музейн “Үдшийн музей-Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэнг өчигдөр /2026.10.09/ үдэш нээлээ.
Нээлтийн ёслолыг Монголын Үндэсний музейн захирал, Соёл судлалын доктор Д.Отгонсүрэн нээж үг хэлэв. Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Шинэ Хархорум хотын зөвлөлийн дарга Н.Энхбаяр мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.
Нээлтийн хөтөлбөрт Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын симфони найрал хөгжмийн тоглолт, “Хөдөлмөрчид” дуу, “Бүтээн байгуулалт” бүжиг болон УДЭТ-ын уран бүтээлчдийн оролцсон жүжигчилсэн тоглолт багтсан нь урлаг, соёлын онцгой уур амьсгал бүрдүүлэв.
“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн нь Монгол Улсын түүхийн нэгэн чухал үеийг эргэн харах, тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал, өөрчлөлтийг музейн орчинд танин мэдэх боломжийг олон нийтэд олгож буйгаараа ач холбогдолтой юм. Музейн үзэсгэлэн, судалгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагаагаар дамжуулан түүхэн өвийг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ үе үеийн түүхэн туршлагыг эргэцүүлэн ойлгох нөхцөлийг бүрдүүлж байна.
Монголын Үндэсний музейгээс зохион байгуулж буй “Үдшийн музей-7 хоног” нь музейн үйлчилгээг олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх, соёлын өвийг сурталчлан таниулах, иргэдийн түүх, соёлын талаарх мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Тус үзэсгэлэн 11 дүгээр сарын 19-нийг хүртэл ажиллана. Музейн үдшийн музейн 7 хоног 10 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд үргэлжилж 09:00-20:00 цаг хүртэл музей нээлттэй ажиллана. Үзэсгэлэнгийн тасалбар нь 10 000 төгрөгийн үнэтэй юм.
“Социализмаар аялцгаая” үзэсгэлэнг хүндэтгэлийн тууз хайчилж албан ёсоор нээсэн бөгөөд үзэсгэлэнг дэмжин ажилласан байгууллагуудад “Социализмаар аялцгаая” каталогийн дээжийг гардуулан өглөө.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монголын төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, үзэгч сонирхогчид 200 орчим зочин оролцов.















