x

Уур амьсгалын асуудлаарх хэлэлцээ сүүлийн 17 жилд анх удаа үр дүнгүй өндөрлөлөө

Өнгөрсөн долоо хоногт уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурал нэгдсэн зөвшилцөлд хүрч чадалгүй өндөрлөлөө. Мөн Ойрх Дорнод, Зүүн Европт хурцадмал байдал үргэлжилсэн, “Нвидиа”-гийн Төлөөлөн удирдах зөвлөл Ж.Хуаныг албан тушаалд нь эргүүлэн томилсон болон худалдааны түншүүддээ шинэ татвар ногдуулах АНУ-ын засаг захиргааны шийдвэр дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Ингээд энэ оны 48 дахь долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн эдгээр болон бусад онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

COP31: Талууд нэгдсэн тохиролцоонд хүрч чадсангүй

НҮБ-аас жил бүр зохион байгуулдаг уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хэлэлцээ сүүлийн 17 жилд анх удаа нэгдсэн тохиролцоонд хүрч чадалгүй өндөрлөлөө. Талуудын байр суурийг ойртуулахаар бага хурлыг хоёр хоногоор сунгасан хэдий ч оролцогчид ширүүн маргалдаж, харилцан бие биенээ буруутгаснаар дуусжээ.

“Антальягийн тохиролцоо” хэмээн нэрлэхээр төлөвлөж байсан хэлэлцээрийн төсөлд газрын тос, байгалийн хий, нүүрсний хэрэглээг бууруулах талаар тодорхой тусгаагүйг Европын Холбоо, Их Британи, Канад, Норвег, Панам, Вануату болон буурай хөгжилтэй зарим улс эсэргүүцэж, гарын үсэг зурахаас татгалзжээ. Уг заалтыг Орос, Саудын Араб зэрэг газрын тос олборлогч орнууд болон Энэтхэг улсын шаардлагаар эцсийн тунхаглалд оруулаагүй байна.

Оросын хөлөг онгоцууд Украины дроны довтолгоонд өртөв

Украины тал Ливийн зүүн нутгийн Бенгази хотын боомтод зогсож байсан Оросын байлдааны хөлөг онгоцыг нисгэгчгүй онгоцоор довтолж живүүлжээ. Бенгази хотыг өөрсдийгөө "Ливийн үндэсний арми" гэж нэрлэдэг, Оростой холбоотон зэвсэгт хүчин хянадаг бөгөөд тус хүчин Ливийн зүүн болон өмнөд нутагт хяналтаа тогтоогоод байгаа юм. Мөн Ливийн эргийн ойролцоо явж байсан Оросын ачааны хөлөг онгоц довтолгоонд өртсөн байна.

Үүнээс өмнө Украины дронууд Балтийн тэнгист Оросын ачааны хөлөг онгоц руу дайрсны улмаас гал гарч, хөлөг жолоодлогогүй болсноор Финландын усан хил рүү оржээ. Энэ үеэр Оросын гурван далавчит пуужин Польшийн нутаг дэвсгэрт унасан байна. Тухайн үед уг бүс нутагт цэргийн сургуулилалт явагдаж байсан тул Польшийн Засгийн газар Оросыг "өдөөн хатгалга" хийлээ хэмээн буруутгав. Мөн 12 дугаар сарын 1-нээс хилээ хаах Эстонийн төлөвлөгөөг ОХУ “илт дайн дэгдээхэд хүргэж болзошгүй” дайсагнасан үйлдэл хэмээн мэдэгдсэн нь бүс нутгийн хурцадмал байдал даамжирч буйн бас нэг илрэл боллоо.

Ираны эрх баригчид хижабгүй тайзнаа гарсан дуучныг ташуурдаж шийтгэжээ

2024 онд хижаб буюу толгойн алчуур зүүлгүй тайзан дээр дуулсан Ираны дуучин Парасту Ахмадиг хамтлагийн гишүүд, продюсерын хамт ташуурдаж шийтгэснийг тэдний өмгөөлөгчид мэдэгджээ. П.Ахмадиг өнгөрсөн зургаадугаар сард “олон нийтийн ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн” хэрэгт буруутгасан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, түүнийг 74 удаа ташуурджээ.

Мексикт хар тамхины бүлэглэлийн зартай толгойлогчийг баривчиллаа

Мексикийн цэргүүд Синалоа муж дахь “Лос Мазатлекос” хар тамхины бүлэглэлийн толгойлогч, “Эль Чапо Исидро” нэрээрээ зартай Фаусто Исидро Меса Флоресыг баривчилжээ. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо түүнийг хамгийн их эрэн сурвалжилж буй 10 гэмт хэрэгтний жагсаалтад оруулсан бөгөөд АНУ-аас түүнийг шилжүүлэн авах хүсэлт гаргасан боловч Мексикийн Ерөнхий прокурорын газрын дарга түүнийг Мексикт шүүнэ гэж мэдэгдсэн байна. Толгойлогчийг нь баривчилсны хариуд бүлэглэлийнх нь гишүүд цус урсгасан эмх замбараагүй байдал дэгдээжээ.

Шанхай хотын намын даргыг шалгаж эхэлжээ

Хятадын авлигатай тэмцэх байгууллага Шанхай хотын Коммунист намын хорооны дарга Чэнь Жининийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлснээ мэдэгджээ. Чэнь Жинин нь мөн Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Ши Жиньпиний авлигатай тэмцэх кампанит ажлын хүрээнд шалгагдаж буй тус товчооны дөрөв дэх гишүүн болж байна.

Шанхай хотын намын удирдлагын бусад гишүүд яаралтай хуралдаж, Ши Жиньпинд үнэнч гэдгээ илэрхийлэн, түүний авлигатай тэмцэх хатуу бодлогыг дэмжиж буйгаа мэдэгджээ.

Соломоны арлууд Австралитай аюулгүй байдлын гэрээ байгуулжээ

Соломоны арлууд Австрали улстай аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан нь БНХАУ-ын хувьд таагүй үйл явдал боллоо. Номхон далайн эл арлын улс 2022 онд Бээжинтэй байгуулсан үүнтэй төстэй, маргаан дагуулсан хэлэлцээрээс татгалзахаар төлөвлөж байгаа тухайгаа мэдэгджээ.

Уг гэрээний хүрээнд Австралийн тал мөн Соломоны арлуудын боловсролын салбарт үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээс гадна сэргээгдэх эрчим хүч болон бусад дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн байна.

Пакистаны сансрын нисгэгч “Тяньгүн” станцад очсон анхны гадаад иргэн болов

Пакистаны сансрын нисгэгч Мухаммад Зишан Али Хятадын “Тяньгүн” сансрын станцын багт нэгдсэн гадаадын сансрын анхны нисгэгч болжээ. 2021 онд ашиглалтад оруулсан тойрог замын уг лабораторио Хятад улс олон улсын хамтын ажиллагааны гол төв болгон сурталчлахад ихээхэн анхаарч байна.

НАСА-гийн удирдлага дор ажилладаг Олон улсын сансрын станцыг 2030 онд ашиглалтаас гаргахаар төлөвлөж байгаа боловч АНУ-ын Конгресс ашиглалтын хугацааг 2032 он хүртэл сунгах асуудлыг хэлэлцэж байна.

Зэсийн үнэ буурч, сүүлийн нэг жилийн хамгийн доод түвшинд ойртлоо

Хиймэл оюуны салбарын компаниудын хувьцааны үнэ өсөж байсан үеийн эерэг хандлага саарч, зах зээлд дахин борлуулалтын дарамт нэмэгдсэнээр дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ дахин буурлаа.

Тодруулбал, Лондоны металлын биржийн лхагва гаргийн арилжааны явцад гурван сарын хугацаатай зэсийн фьючерс гэрээний үнэ 1.04 хувиар буурч, нэг тонн нь 11 703 ам.доллар болжээ. Арилжааны явцад үнэ 11 682 ам.долларт хүрч буурсан нь өнгөрсөн оны 12 дугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт болов.

Женсен Хуаныг эргүүлэн томилсон ч технологийн хувьцаануудын уналт үргэлжлэв

Хятадын тагнуулын ажилтан байж болзошгүй эмэгтэйтэй болон өөрийн удирдлага доорх хоёр ажилтантай дотно харилцаатай байсан гэх дуулианы улмаас “Нвидиа” (Nvidia) компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцроод байсан Женсен Хуаныг хоёр долоо хоногийн дараа албан тушаалд нь эргүүлэн томиллоо. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл түүнийг буцаан томилохгүй гэсэн хатуу байр суурьтай байсан хэдий ч Дональд Трамп хөндлөнгөөс оролцож, түүнийг хиймэл оюуны салбарт зайлшгүй байх шаардлагатай хүн хэмээн үзэж дахин томилохыг шахаж шаардсан байна. Бүгд найрамдах намын зарим гишүүн түүнийг эргүүлэн томилсныг эсэргүүцэж, “Нвидиа”-гийн чипийг БНХАУ руу хууль бусаар нийлүүлдэг байж болзошгүй компанид ажилладаг эмэгтэйтэй дотно харилцаа тогтоосноороо АНУ-ын ашиг сонирхолд хохирол учруулсан хэмээн шүүмжилжээ. Ж.Хуан компанийнхаа ажилтнуудаас уучлалт хүсэхдээ “Би маш ноцтой алдаа гаргасан” хэмээн хэлээд, одоо өдөр бүр сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байгаагаа нэмж дурджээ.

Ж.Хуаныг албан тушаалд нь эргүүлэн томилсон нь ханш нь огцом унаад байсан “Нвидиа” компанийн хувьцаа төдийгүй технологийн салбарын хувьцаануудын ханшийн уналтыг түр зуур л саарууллаа. “Насдак-100” индекс цар тахал эхэлснээс хойших нэг долоо хоногийн хугацаанд хамгийн огцом унасны дараа дахин буурсан байна. Ийнхүү буурсан нь хөрөнгө оруулагчид хиймэл оюуны эрчимтэй хөгжлийн цаад санхүүгийн үндэслэлд эргэлзэх болсонтой холбоотой гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн хиймэл оюуны “Клод” загварыг хөгжүүлэгч “Антропик” компанийн хувьцааны ханш хэдхэн хоногийн өмнө IPO хийх үеийн 83 ам.долларын үнээс доошилж буурчээ. Тус компанийн хувьцааны ханш 11 дүгээр сарын 19-нд 17 хувиар өссөн байсан юм.

Үүний зэрэгцээ АНУ-ын Худалдааны яам Хятад руу “Нвидиа”-гийн чипийг хууль бусаар нийлүүлдэг байж болзошгүй гэж сэжиглэж буй Сингапурын “Мегаспийд” компанийг Америкийн компаниудтай худалдаа хийхийг хориглосноо мэдэгджээ.

"Хуавэй" компани хэд хэдэн зүйл ангиар буруутай гэж Америкийн шүүх үзжээ

Нью-Йорк хотын тангарагтны шүүх Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Хуавэй” компанийг худалдааны нууц мэдээлэл хулгайлахыг завдсан зэрэг хэд хэдэн хэрэгт буруутай гэж үзсэн боловч гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулахаар хуйвалдсан гэх хэрэгт буруугүй хэмээн шийдвэрлэжээ. Прокурорууд тус компанийг үндсэндээ гэмт хэргийн байгууллага гэж үзэж байсан байна. “Хуавэй” компанид ирэх оны есдүгээр сараас нааш шийтгэл оноохгүй бөгөөд энэ хугацаанд давж заалдах боломжтой юм.

Хуучин тариф, шинэ арга

АНУ-ын Засгийн газар өмнө нь худалдааны хэлэлцээр байгуулаад байгаа хэдий ч БНХАУ, Европын Холбоо, Япон, БНСУ зэрэг нийт 14 улсын бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Эдгээр улс дэлхийн зах зээлд нийлүүлэх бараа бүтээгдэхүүнээ системтэйгээр хэт их үйлдвэрлэж байна гэж Америкийн засаг захиргаа буруутгасан байна. Шинэ татварууд ирэх нэгдүгээр сараас нааш хэрэгжиж эхлэхгүй тул талуудад хэлэлцээ хийх хугацаа үлдэж байгаа аж. Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын Дээд шүүх Д.Трампын өмнө нь улс орон тус бүрд ногдуулсан татварын ихэнхийг хүчингүй болгосон юм. Харин энэ удаад 1974 оны Худалдааны тухай хуулийн 301 дүгээр заалтыг ашиглаж байгаа нь хууль эрх зүйн хувьд илүү бат бөх үндэслэл болно гэж Америкийн засаг захиргаа үзэж байна.

"Краудстрайк" компани "Зскейлер"-ийг 44 тэрбум ам.доллароор худалдан авна

Кибер аюулгүй байдлын салбарын түүхэн дэх худалдан авах хамгийн том ажиллагаануудын нэг эхэлж, “Краудстрайк” компани “Зскейлер” компанийг 44 тэрбум ам.доллароор худалдан авах гэрээ байгуулснаа зарлажээ. Компьютер, серверийг хамгаалах зориулалттай “Фалкон” платформын эрэлт нэмэгдсэний улмаас “Краудстрайк” компанийн хувьцааны ханш энэ онд огцом өссөн байна.

"СпэйсИкс" тойрог замд дата төвийн хиймэл дагуулууд хөөргөх зөвшөөрөл авлаа

АНУ-ын зохицуулах байгууллагууд “СпэйсИкс” компанид тойрог замд байрлах “Стармайнд” төслийн боловсруулах төвийн нэг сая хүртэлх хиймэл дагуулыг хөөргөх зөвшөөрөл олгожээ. Гэхдээ тус компани 2033 оны 11 дүгээр сар гэхэд эхний хиймэл дагуулаа хөөргөх, мөн 2035 оны 11 дүгээр сар гэхэд нийт хиймэл дагуулын сүлжээний 10 хувийг байрлуулж дуусгах нөхцөлтэйгөөр уг зөвшөөрлийг авсан байна.

Хиймэл оюуны тусламжтайгаар Риманы таамаглалыг батлав

Хиймэл оюун математикийн салбарт улам бүр гүнзгий нэвтэрсээр байна. “Антропик” компанийн судлаач Левент Алпёге анхны тоонуудын тархалтын зүй тогтолтой холбоотой 167 жилийн турш шилдэг математикчдыг сорьсоор ирсэн Риманы таамаглалыг баталсан гэж мэдэгджээ. Судлаач Л.Алпёге тус компанийн хиймэл оюун ухааны “Клод” загвартай хамтран математикийн баталгааны логик үндэслэлийг шалгах зориулалттай “Лин” программчлалын хэлийг ашиглажээ. Одоогоор математикчид хиймэл оюун уг шийдлийг хэрхэн олсныг ойлгохын тулд “Лин” хэлээр бичсэн 17 сая мөр кодыг хялбарчлан боловсруулах ажил хийж байна.

“GTA-гийн ханиад” дэгдлээ

“Гранд Тефт Ауто VI” видео тоглоом худалдаанд гарсан эхний өдөртөө 3.8 тэрбум ам.долларын орлого олсон нь видео тоглоом төдийгүй энтертайнмент салбарын бүх төрлийн бүтээгдэхүүний хувьд дээд амжилт тогтоолоо. Энэ онд хамгийн их орлого олсон кино болох “Хүн аалз: Шинэ өдөр” (Spider-Man: Brand New Day) бүтээл долоодугаар сарын сүүлчээр кино театруудын дэлгэцнээ гарснаасаа хойш нийт 2.5 тэрбум ам.долларын орлого олоод байгаа юм. Байгууллагуудын ажилтнууд, сургуулийн сурагчид уг тоглоомыг тоглохын тулд чөлөө авах болсноор “GTA-гийн ханиад” гэгч дэгдээд байна гэж хэвлэлүүд мэдээлжээ.

Ирэх долоо хоногт болох онцлох үйл явдлууд:

Арваннэгдүгээр сарын 30

Цөмийн зэвсгийг хориглох тухай НҮБ-ын гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх анхдугаар бага хурал АНУ-ын Нью-Йорк хотод эхэлнэ.

Хүний эсрэг мина хэрэглэхийг хориглох тухай Оттавагийн конвенцын оролцогч талуудын 23 дугаар хурал Швейцарын Женев хотод эхэлнэ

Химийн зэвсгийн хохирогчдыг дурсах өдөр

Барбадос Их Британиас тусгаар тогтносны 60 жилийн ой тохионо.

Арванхоёрдугаар сарын 1

ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр тохионо.

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны 21 дүгээр хуралдаан БНХАУ-ын Шямэнь хотод эхэлнэ.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Статистикийн долоо хоног эхэлнэ.

Арванхоёрдугаар сарын 2

"Амазон" компанийн үүлэн тооцооллын үйлчилгээ болох “Амазон Вэб Сервисес”-ээс жил бүр зохион байгуулдаг үүлэн тооцоолол, хиймэл оюуны технологийн томоохон бага хурал үргэлжилнэ.

Боолчлолыг устгах олон улсын өдөр тохионо.

Олон улсын биатлоны холбооны цомын тэмцээн Норвегийн Шушёен хотод эхэлнэ

Арванхоёрдугаар сарын 3

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохионо.

Эмэгтэйчүүдийн гандболын Европын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилнэ.

1967 оны энэ өдөр Өмнөд Африкийн мэс засалч Кристиан Барнард Кейптаун хотын Грүүт Шюр эмнэлэгт хүнээс хүнд зүрх шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийжээ.

1992 оны энэ өдөр Их Британийн инженер Нил Папворт гар утаснаас гар утас руу дэлхийн анхны мессежийг илгээжээ. Тэрбээр “Merry Christmas” буюу “Зул сарын мэнд дэвшүүлье” гэсэн мэндчилгээг “Водафон” сүлжээгээр дамжуулан илгээсэн байна.

Арванхоёрдугаар сарын 4

Богино зайн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Бээжин хотод үргэлжилнэ.

Узбекистаны Ташкент хотноо боксын Дэлхийн цомын тэмцээний медалийн төлөөх шигшээ тулаанууд болно.

Олон улсын банкны өдөр тохионо.

Олон улсын биатлоны холбооны цомын тэмцээний спринт уралдаанууд болно.

Арванхоёрдугаар сарын 5

Гамби улсад ерөнхийлөгчийн сонгууль болно.

Ширээний теннисний холимог багийн дэлхийн цомын тэмцээн үргэлжилнэ.

Снүүкер бильярдын “Гурвалсан титэм” цувралын тэмцээн үргэлжилнэ.

Montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уур амьсгалын асуудлаарх хэлэлцээ сүүлийн 17 жилд анх удаа үр дүнгүй өндөрлөлөө 13 мин Цахилгаан станцуудын нүүрсийг дахиж хотын төвөөр тээвэрлэхгүй 18 мин Өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарь ирэх сарын 7-нд гарна 28 мин Л.Соронзонболд: 110 сая ам.долларын бэлэн мөнгө гарсан бол гүйлгээний хяналтын системээр илрэх ёстой 34 мин Шахмал түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгээс дээж авч хөндлөнгийн лабораториор шинжлүүлнэ Уржигдар 13 цаг 11 мин АНУ-ын шүүх иргэншлийн асуудлаарх Трампын шинэ зарлигийг хүчингүй болгов Уржигдар 13 цаг 03 мин “Тусгаар тогтнол-2026" дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээлээ Уржигдар 10 цаг 59 мин Лу.Гантөмөр: Бүх түвшинд нэн яаралтай авлигыг зогсоож, үнийн өсөлтийг тогтворжуулах хэрэгтэй Уржигдар 09 цаг 51 мин АНУ-ын шинэ татварыг Хятад улс эрс эсэргүүцэв Уржигдар 08 цаг 46 мин Ус хайх зориулалттай сарнаа явагчийг Японд амжилттай туршлаа 2026-11-26 Бүгд найрамдах улс байгуулсны 102 жилийн ой тохиож байна 2026-11-26 Дуучин Ай Юү ирэх оны нэгдүгээр сард дэлхийг тойрох аялан тоглолтоо эхлүүлнэ 2026-11-26 Пуэрто-Рикогийн гоо бүсгүй “Miss Universe-2026” тэмцээнд түрүүллээ 2026-11-26 Д.Өлзий-Эрдэнэ: Мотоциклтэй аялахад өдөр бүрийн зам шинэ, аялал бүр өөр байдаг 2026-11-26 Түрэмгийлэгч хоёр гүрний гэрээ: Герман улс Евразийн нөгөө хязгаараас холбоотон хайсны учир 2026-11-25 Ерөнхий сайд Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ 2026-11-25 Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна 2026-11-25 Р.Гончигдорж: Хуульгүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон гүйцэтгэж болохгүй 2026-11-25 МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээж авна 2026-11-24 Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 2026-11-24
iИх уншсан
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлө... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чи... Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н... Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв Р.Гончигдорж: Хуульгүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон... Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа о... Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүл... АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах ту... Лу.Гантөмөр: Бүх түвшинд нэн яаралтай авлигыг зогсоож, үнийн... СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд... МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээж а... Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдуг... Дуучин Ай Юү ирэх оны нэгдүгээр сард дэлхийг тойрох аялан то... “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 2... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн АНУ-ын шүүх иргэншлийн асуудлаарх Трампын шинэ зарлигийг хүч... Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллэ... Түрэмгийлэгч хоёр гүрний гэрээ: Герман улс Евразийн нөгөө хя... Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлө...
Top