Оросын Түүхч, түүхийн ухааны докторын зэрэг горилогч Алексей Исаев Берлин, Токиогийн хооронд 1936 онд байгуулсан Коминтерний эсрэг гэрээний цаад шалтгаан, хоёр улсын стратегийн ашиг сонирхол, уг хэлэлцээрийн түүхэн үр дагаврын учир шалтгааныг хөнджээ. Түүний тайлбарыг хүргэж байна.
Одоогоос 90 жилийн өмнө буюу 1936 оны 11 дүгээр сарын 25-нд Герман, Япон улсууд Берлин хотноо Коминтерний эсрэг пакт хэмээн түүхэнд нэрлэгдсэн баримт бичигт гарын үсэг зуржээ. Уг гэрээний нээлттэй хэсэгт "Коммунист интернационал" буюу Коминтерний "хорлон сүйтгэх үйл ажиллагаа"-тай тэмцэх зорилгыг бүх талаар онцолсон байв. Өнгөц харахад энэ холбоо цэвэр үзэл суртлын үндсэн дээр байгуулагдсан мэт боловч үнэн хэрэгтээ тийм байгаагүй юм.
Эвсэл байгуулах болсон зорилго
Коммунист аюул заналын тухай тунхагласан гэрээний нууцлаагүй хэсгээс гадна, нууц протокол хавсаргасан байв. Уг протоколын хоёрдугаар зүйлд “Хэлэлцэн тохирогч талууд энэхүү гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд харилцан зөвшилцөлгүйгээр Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улстай энэхүү хэлэлцээрийн үзэл санаанд харшлах аливаа улс төрийн гэрээ байгуулахгүй байх үүрэг хүлээнэ” гэж заажээ. Бодит байдал дээр энэ нь Зөвлөлтийн талаас удаа дараа дэвшүүлж байсан үл довтлох гэрээ байгуулах саналыг Токио хэлэлцэх асуудлуудын жагсаалтаас бүрмөсөн хассан гэсэн үг байв.
Ерөнхийдөө Коминтерний эсрэг гэрээ нь гэнэт сэтгэсэн санаачилга байсангүй. 1933 онд засгийн эрхэнд гарсан цагаасаа л нацист Германы удирдлага Японтой ойртох арга зам хайж байсан бөгөөд энэ нь Адольф Гитлерийн "Майн Кампф" (ОХУ-д хэт давруу үзлийг түгээсэн хэмээн хориглосон) хэмээх үзэл суртлын номд тусгагдсан санаатай шууд нийцэж байв. Уг номд Гитлер Японы талаар баримталж байсан Кайзерын бодлогыг алсын хараагүй хэмээн шүүмжлэн харамссан байдаг.

1936 онд Берлинд болсон Олимпын наадмын үеэр Адольф Гитлер Японы төрийн зүтгэлтнүүдээс бэлэг гардан авч буй нь.
Берлинд олон улсын тавцан дахь тусгаарлагдмал байдлаасаа гарах, Алс Дорнодод ЗХУ-ын хүчийг тогтоон барих, мөн Ази дахь Их Британийн колониудад аюул бий болгохын тулд Евразийн нөгөө захад холбоотон хэрэгтэй байв. Энэ чиглэлд Япон ч мөн адил санаачилга гаргаж байлаа. Тухайлбал, 1935 оны 12 дугаар сард Японы Армийн Жанжин штабын төлөөлөгчийг хэлэлцээ хийлгэхээр Берлин хот руу илгээжээ.
1930-аад оны дунд үед Токио ч мөн холбоотон олох зайлшгүй шаардлагатай тулгарсан байв. 1931 оны есдүгээр сард Японы цэргүүд Хятадын зүүн хойд нутаг Манжуур руу халдан довтолж, 1932 он гэхэд тэнд Манж-го хэмээх тоглоомын улсыг байгуулжээ. Их Британи, Франц голлох үүрэг гүйцэтгэж байсан Үндэстнүүдийн Лиг Японы түрэмгийллийг хууль бус гэж хүлээн зөвшөөрсөн боловч албан ёсоор зэмлэн буруушаахаас хэтрээгүй бөгөөд ямар нэгэн хориг арга хэмжээ аваагүй юм.
Европын гүрнүүдийн гар хумхин суугааг ашиглан Япон улс 1933 оны гуравдугаар сарын 27-нд Үндэстнүүдийн Лигээс гарч байгаагаа зарлаж, түрэмгийлэн эзлэх бодлогоо үргэлжлүүлжээ.
Манжуур нь Японы хувьд эдийн засгийн асар их ач холбогдолтой байв. 1934 онд тус бүс нутагт 1.134 сая тонн төмрийн хүдэр олборлосон нь Японд олборлосон 431 мянган тонн, эзлэгдсэн Солонгост олборлосон 570 мянган тонны нийлбэрээс ч их байжээ. Үүний зэрэгцээ Токио цэргийн төсвөө нэмэгдүүлж байв. Арми, тэнгисийн цэргийн хүчинд зарцуулах зардал 1931-1932 онд 455 сая иен байсан бол 1937-1938 онд 1 тэрбум 411 сая иен болж өссөн байна. Харин Хятадад өргөн хүрээний дайн эхэлсний дараа онцгой санхүүжилтийг тооцсон Японы цэргийн бодит зардал үүнээс хавьгүй өндөр байв. Жишээлбэл, 1937 онд 3.45 тэрбум орчим иенд хүрчээ.
Хүчирхэг дайсан
Харин энэ үед Зөвлөлт Холбоот Улс улс төрийн нөлөөгөө бэхжүүлж байв. Тус улс Үндэстнүүдийн Лигт элсэж, Франц, Чехословак улстай хэлэлцээр байгуулан, Бүгд Найрамдах Монгол Ард Улсад (БНМАУ) болзолгүй дэмжлэг үзүүлж байлаа.
Япон улс Хятад, ЗХУ-тай нэгэн зэрэг дайтах магадлалыг үгүйсгэхгүй байсан тул Берлинтэй хурдан ойлголцсон байна. 1936 оны наймдугаар сарын 7-нд баталсан Японы Засгийн газрын нууц баримт бичигт “Зөвлөлт Холбоот Улсын талаарх Герман, Японы ашиг сонирхол үндсэндээ давхцаж байна...” хэмээн тэмдэглэжээ. Үнэхээр ч стратегийн хувьд ЗХУ нь Гуравдугаар Рейхийн хувьд бас л гол дайсан нь байсан бөгөөд зүүн зүгт “лебенсраум” буюу нацист германууд "амьдрах орон зайгаа тэлэх", бусад улс орныг эзлэн түрэмгийлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь саад болж байв.
Эдгээр хүчин зүйлс яв цав давхцсан нь түрэмгий бодлого баримталж байсан хоёр улс ойртох нөхцөлийг бүрдүүлж, улмаар Коминтерний эсрэг гэрээ байгуулахад хүргэжээ. Уг баримт бичигт Германы талаас Иоахим фон Риббентроп, Японы талаас Берлинд сууж байсан Элчин сайд Мүшякожи Кинтомо нар гарын үсэг зурсан байна. Эл үйл явцыг Японы Ерөнхий сайд Хирота Кокигийн Засгийн газар идэвхтэй дэмжиж байсан юм.
Эл гэрээ Токиод Азид түрэмгий үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх замыг нээж өгснийг дараагийн үйл явдлууд бэлхнээ харуулсан юм. Гэрээнд гарын үсэг зурсны яг маргааш буюу 1936 оны 11 дүгээр сарын 26-нд Зөвлөлтийн Ханкайн хилийн отрядын Турий Рог заставын хэсэгт хилийн томоохон будлиан гарчээ. 1937 оны зун Хятад дахь Японы түрэмгийлэл өргөн хүрээний дайн болж өргөжсөн бол намар нь Токио БНМАУ-аас дүрвэн гарагсдыг хүлээн авч байсан Мэнжян хэмээх тоглоомын засгийн газрыг Өвөр Монголд байгуулав. Түүнчлэн Зөвлөлтийн хил орчмын будлианы тоо нэмэгдсээр байв.
Эвсэл дэх ан цав
Коминтерний эсрэг пакт нь Европт улс төрийн томоохон нөлөө үзүүлсэн юм. 1936 оны 12 дугаар сарын 2-нд Итали, Японы хооронд тусдаа гэрээ байгуулсан бол 1937 оны 11 дүгээр сарын 6-нд Итали улс Герман, Японы хэлэлцээрт албан ёсоор нэгджээ.
“Мюнхений хуйвалдаан”-ы дараахан буюу 1938 оны 10 дугаар сарын 24-нд Берлин Данциг болон “Польшийн коридор”-ын асуудлыг шинэ эвслийн хүрээнд хамтран шийдвэрлэхийг Варшавт санал болгосон ч амжилт олоогүй юм. Харин 1939 оны нэгдүгээр сарын 12-нд Унгар улс уг пактад нэгдэхэд бэлэн гэдгээ зарламагц Москва хариуд нь хоёрдугаар сарын 2-нд Будапешттэй дипломат харилцаагаа таслав. Үүний дараа хоёрдугаар сарын 24-нд Манж-го, Унгар улс, гуравдугаар сарын 27-нд Франкогийн Испани эвсэлд нэгдсэн юм. Ингэснээр Европт уг пакт нь Версалийн тогтолцоог эргэн харахыг эрмэлзсэн улс орнуудын нэгдэл болон хувирч, Герман, Япон, Италийн түрэмгий санаархлыг халхавчлах тохиромжтой хэрэгсэл болсон ба Европ, Азийн аль алинд хурцадмал байдлыг улам даамжруулсан юм.
Албан ёсоор ЗХУ-ын эсрэг чиглэсэн энэ эвсэл Атлантын далайн нөгөө эрэгт орших АНУ-д ч түгшүүр төрүүлж байлаа. Франклин Рузвельтийн засаг захиргаа холбоотнууд хайж, дайнд бэлтгэх ажиллагаагаа эрчимжүүлэхэд хүрчээ.
Гэвч удалгүй Коминтерний эсрэг пактыг үндэслэгчдийн нэг нь өөрөө уг эвсэлд цохилт өгөв. Халхын голын байлдааны шийдвэрлэх мөчид буюу 1939 оны наймдугаар сарын 23-нд ЗХУ, Герман хоёр үл довтлох гэрээ (түүхэнд Молотов-Риббентропын пакт хэмээн нэрлэгддэг) байгуулсныг Токио урвалт хэмээн хүлээн авч, нууц протоколыг шууд зөрчсөн үйлдэл гэж үзжээ. Хэдийгээр холбоотны харилцаагаа бүрэн таслах асуудал яригдаагүй ч Япон бие даасан бодлого явуулж эхлэв. Улмаар 1941 оны дөрөвдүгээр сарын 13-нд тус улс хариу алхам хийж, Москватай төвийг сахих гэрээ байгуулсан юм. Хожим Герман улс ЗХУ руу халдан довтолсны дараа Зөвлөлт рүү довтлох “Кантокуэн” төлөвлөгөө бэлэн байсан ч Японы цэрэг-улс төрийн удирдлага түүнийг хэрэгжүүлэх эцсийн шийдвэрийг гаргаж чадаагүй билээ.
Анхны зорилго нь ийнхүү аажмаар бүдгэрч байсан хэдий ч 1941 оны 11 дүгээр сарын 25-нд буюу уг баримт бичгийг байгуулсны таван жилийн ойгоор Болгар, Дани, Румын, Финланд, Хорват, Словакын тоглоомын Засгийн газрууд болон Хятад дахь Японыг дэмжигч Ван Жинвэйн дэглэм уг пактад нэгджээ.

Халхын голын байлдаан, 1939 он.
Гэсэн хэдий ч Аугаа эх орны дайны явц ЗХУ-ын талд эргэсний дараа Унгар, Румын, Финландын эрх баригчид дайнаас гарах арга зам хайхад эвслийн гишүүн байсан нь саад болоогүй юм. Коминтерний эсрэг гэрээ нь түрэмгийллийн бэлтгэл үе шатанд зорилгоо биелүүлсэн ч Берлин, Токиогийн байгуулсан эвслийг задран унахаас аварч чадаагүй юм.
Ашигласан эх сурвалж:
-
О.Р. Айрапетов. 1920–1939 онд Зөвлөлт Орос, ЗХУ-ын гадаад бодлого ба Дэлхийн II дайны эхлэл. Москва, 2020.
-
А.А. Кошкин. “Боловсорсон илжгэн чих”-ний сүйрэл: 1931–1945 онд Японы ЗХУ-ын талаарх цэргийн бодлого. Москва, 1989.
-
М.И. Мельтюхов. Сталины алдсан боломж. Зөвлөлт Холбоот Улс ба Европын төлөөх тэмцэл: 1939–1941. Москва, 2000.
-
А.А. Кошкин. Маршал Сталины Японы фронт: Орос, Япон — Цүшимагийн сүүдэр зуун дамнасан нь. Москва, 2004.
TASS



