Монгол Улсын зургаадугаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөв. Хүсэлтээ өгсний ердөө маргааш нь ТББХ олонхиороо цуглаад, Ерөнхийлөгчийн хүсэлтийг дэмжээд явууллаа. 32 гишүүнтэй байнгын хороо 18 гишүүний /56,2 хувь/ ирцтэй хуралдаж, чөлөөлөхийг дэмжсэн 14 гишүүний 10 нь МАН-ынх. Татгалзсан 4 гишүүний 3 нь бас МАН-ынх... Төрийн тэргүүний эзгүйд түүнийг УИХ-ын дарга орлох тухай хуулийн төслийг мөн хэлэлцэж дэмжжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч өнөөдрийн дотор албан үүргээсээ чөлөөлөгдөх нь тодорхой болов.
Хамгийн сонирхолтой нь, ажиглаад байхнээ Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болсныг дэмжсэн, алга ташсан нь харьцангуй олон. Саяхан л авилгач, хулгайчаараа дуудуулж байсан хүн гэнэт “шудрага ёсны цор ганц хэмжүүр” болж дэвшив. Түүний дараагийн “эргэн ирэлтийг” зөгнөсөн, хүлээсэн нь бүр хэтэрхий. Хэрвээ тийм л их "хайртай", "найртай" байсан юм бол яагаад “шударга бусаар” үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг нь дэмжив? Үүнд ямар нэг учир шалтгаан, “логика” гэдэг зүйл байна уу?
Мөн маш олон хүн “Ерөнхийлөгч ажлаа өгөөд шалгуулж байхад Х.Нямбаатар ч гэсэн өөрөө ирээд шалгуул” гэдэг шаардлагыг тавьж байна. Ерөнхийлөгч ч гэсэн өөрөө "үндэслэлгүй гүтгэлгийн эсрэг, нэр төрөө сэргээлгэхийн тулд жирийн иргэн болж байгаад шалгуулна" гэсэн. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатартайгаа нэг “зиндаанд” очиж байгаад дээлээ уралцъя гэсэн санаа байх л даа.
Бас АН-ын зарим лидерүүдийн зүгээс “Манай нам импичмэнт хийнэ гэсэн чинь У.Хүрэлсүх сандраад өөрөө ажлаа өгчихлөө. 54 жилийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсонд /амьд ахуйдаа албан тушаалаасаа хугацаанаас нь өмнө хүлээлгэж өгсөн АНУ-ын цор ганц Ерөнхийлөгч/ тохиолдсон зүйл Монголд боллоо. Цаашаа маш том жишиг болно” гэх мэтчилэн ярьжээ.
Ер нь бол У.Хүрэлсүх гэдэг хүн Монголын улс төрд нэг л “жишгийг” тогтоож яваа хүн л дээ. 2012 оноос хойш гурван ч удаагаа сайн дураар “огцролт” хийж, мөн гурван удаагийн эргэн ирэлт хийсэн. Эргэж ирэх тоолондоо энэ хүний эрх мэдэл дээжилж байсан. 2012 онд УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр /ар гэрийн гачигдлаар/ чөлөөлөгдсөн анхны улстөрч болсон ч Засгийн газрын гишүүн, Шадар сайд болоод эргэж ирсэн. 2017 онд Шадар сайдаас мөн өөрийн хүсэлтээр буусан ч МАН-ын дарга, Ерөнхий сайд болоод эргээд ирсэн. 2021 онд Ерөнхий сайдаас огцронгуутаа Ерөнхийлөгчид нэр дэвшээд буцаад ирсэн. Ерөнхийдөө энэ хүний сайн дурын “огцролтууд” 4-5 жилийн давтамжтай байдаг юм байна. Хүлээж авч байгаа хүмүүс нь ч цочихоо больчихсон, “эргэж ирнэ дээ” гэсэн нэг тийм заналтай.
Хэрэв энэ удаа явбал ямар дүрээр эргэж ирэх вэ? Ялсан намын дарга, Ерөнхий сайдаар уу? Сонсохнээ, өргөдлөө өгснийхөө МАН-ын бүлгийн даргатай уулзаж, намдаа орох тухай санаагаа цухуулгасан тухай Ж.Бат-Эрдэнэ гишүүн хэлсэн байв уу.
Гэвч харамсалтай нь, энэ удаагийн огцролтын тухайд “эргэн ирэлт”-ийн тухай элдэв таамаг дэвшүүлж суух биш, чухам ямар учраас энэ хүн ийм үйлдэл хийв? гэдэг дээр эхлээд төвлөрөх, учир шалтгааныг хайх ёстой байх. АН-ын дарга “шалгуул” гэсний төлөө “Жаа” гүйгээд ирдэг ч хүн биш. Х.Нямбаатарын шаардлагаар уу, бүр ч үгүй. Тэгээд Э.Бат-Үүл баатрын хэлсэн шиг У.Хүрэлсүхэд импичмент хийх тухай асуудал УИХ дээр яригдаа ч үгүй.
Яригдсан ганц зүйл бол Улсын дээд шүүхийн шүүгч нарт “импичмент” хийх тухай. Хууль зөрчиж гаргасан шийдвэрүүдээр нь Ерөнхий хяналтын сонсгол хийх тухай. Хэрвээ хууль зөрчсөн гэж үзвэл албан тушаалаас нь чөлөөлөх хуультай. Үүн дээр харин УИХ-ын 70 гишүүн гарын үсэг зурсан. Парламентын талаас илүү хувь, тэдний тал нь МАН-ын гишүүд. Үүн дээр л асуудал байсан байх. Тиймээс зургаан сарын дараа дуусах бүрэн эрхтэй зууралдаж байхаар нам руугаа орж ажиллахыг илүүд үзсэн байх.
Хоёрдугаарт, Дээд шүүхэд импичмент хийнэ гэдэг нь өөрөө У.Хүрэлсүхэд импичмент хийснээс ялгаагүй зүйл юм. Дээд шүүхийн дээр хэн байдаг вэ гэдгийг улсаараа сүүлийн 5 жил ярилаа. Ерөөсөө манай бүх Ерөнхийлөгч нарын тойроогүй, туулаад гарсан зам, мөр. Нэг нь ч нөгөөгөөсөө илүү гараагүй, бас дутаагүй. АН-ын гишүүд үүн дээр асуудал үүсгээд, Дээд шүүхийн шүүгч нь улс төрийн захиалгаар хэрэг буцааж байна, хууль зөрчиж байна, парламентын баталсан хуулийг хэрэгжүүлэхгүй байна, өөрсдөө хууль зохиож байна гэж шүүмжилсэн. Үүнийхээ араас Ерөнхий хяналтын сонгол явуулахаар УИХ-ын даргад хүсэлт гаргаад, үүн дээр нь УИХ-ын 70 гишүүн гарын үсэг зурчихсан. Энэ бол У.Хүрэлсүхийн хувьд парламентын зүгээс дэмжлэгээ алдаж эхэлсний дохио юм. Тэр дундаа УИХ дахь намын бүлгээсээ. Харин Х.Нямбаатарын явуулсан гүтгэлэг, О.Цогтгэрэлийн тавьсан шаардлага энэ тэр бол шалтгаан нь биш, шалтаг юм.
Тийм болохоор хэрвээ УИХ Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээж авбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжвэл, дэмжвэл шүү дээ... Тэрний дараа У.Хүрэлсүх юу хийх вэ? гэдгээс илүү УИХ өөрөө юу хийх вэ гэдэг нь чухал. Дээд шүүхийн асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм уу, үгүй юу? Ерөнхий хяналтын сонголоо хийх үү, үгүй юу? УИХ-ын баталсан хуулийг хэрэгжүүлэхгүй, өөрсдөө хууль зохиогоод, хүн хэлмэгдүүлээд, улс төрийн захиа даалгавар гүйцэтгээд байгаа энэ байгууллагыг хуулийн дор оруулж ирэх юм уу, үгүй юу? Эндээс л жинхэнээсээ “парламентын дархлаа” гэдэг юм харагдана. Эсвэл зүгээр л нэг хүнтэй тэмцэж байсан юм уу? Эзэн явчихаар асуудал нь ч бас байхгүй болчих уу?
Б.СЭМҮҮН



