МАН-ын тэргүүлэх Засгийн газар 2028 оны ээлжит сонгууль хүртэл тэргүүн болон танхимаа хэд солихыг таашгүй тул тэр дунд дахиад Ардчилсан намтай хамтрах хувилбарыг туршихаар арга сэдэж буй гэдэгт эргэлзээд байх шалтгаан хомс. Харин санаснаар болох эсэх бас тусдаа асуудал.
Засгийн газрыг байгуулах эрхийнхээ хүрээнд Ардчилсан намыг засгаас “хөөсөн” МАН-ын Бага хурлын өмнөх тогтоолын үйлчлэл хэвээр байгаа тул юун түрүүнд эрх зүйн орчны цэвэрлэгээ хийж, энэхүү шийдвэрийг хүчингүй болгох шаардлага бий тул тэд энэ 11 дүгээр сарын 20-д орчимд Бага хурлаа хуралдуулахаар тов ярилцжээ. Энэ нь Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулах тухай шинэ тогтоолыг Бага хурлаараа батална гэсэн үг. Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орж ажиллахыг зөвшөөрөхгүй гэх хатуу байр суурийг намын дарга О.Цогтгэрэл, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт нар баримталж буй ч Үндэсний Бодлогын хорооны 378 гишүүний хэдийг нь МАН-ын сонирхол тийш дөрлөж хөдөлгөхийг тэд хянаж чадахгүй нь үнэн. Харин хэн үүнийг хийх вэ?!
МАН-ын шидсэн чулуу Э.Галбадрал
УИХ дахь МАН-ын бүлэг лидер хоорондын зөрчлийн улмаас 30х38 гэсэн тооны харьцаагаар хуваагдсанаас хойш одоогийн эрх мэдэл бүхий 38-ийн бүлэг нь сөрөг 30-ийнхаа тоог нөхөхийн тулд Ардчилсан намын бүлгийн гишүүд дотроос өөрсдийн талд “урвуулах” ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн юм. “Элсний 13” гэх албан бус өөрийн бүлгийг Ардчилсан намын бүлэг дотор угсарч, одоогоор АН-ын бүлгийн дарга, дэд дарга нарыг өөрсдийн талд томилуулж чадаад байгаагаас үзвэл угсарсан систем нь жинхэнээсээ ажиллаж байна.
Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Э.Галбадралыг албан ёсны МАН-ын БЭТ гэж хэлж болох бөгөөд тэрбээр Новотекс гэх фракц байгуулан ҮБХ доторх өөрсдийн эгнээгээ тэлэх ажиллагааг ид өрнүүлж байна. Цөөрмийн усанд чулуу шидэхэд мандал дээр тойрог үүсэж, алгуураар радиус нь тэлдэг шиг үзэгдэл. Тэр бол МАН-аас шидсэн масс бүхий чулуу юм. Тэр ганцаараа ч биш. МАН-ын дарга Н.Учралтай тун ойр дотно байдаг гишүүн Ц.Баатархүү, О.Амгаланбаатар нар ч түүний усны мандал долоолгон шидсэн чулуу мөн. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдийн саналыг хайрцаглах ажилд тэд тун завгүй явааг О.Цогтгэрэл, С.Баярцогт нар тааварлаж байгаа ч “хэзээ ч МАН-тай хамтрахгүй” гэдэг байр суурь нь тэдний л бодол. Бодлоос нь илүү бодитой зүйлс нөгөө талд өрнөж байгааг үгүйсгэж чадах бол уу?
“ЖЕНКО”-д шахагдсан хэд
УИХ дахь АН-ын бүлгийн “элсний 13”-ын нэг Д.Жаргалсайхан Барилга, хот байгуулалтын сайд болох магадлалтай байна. Тэдний арвангурвын бүлгээс Д.Ганбат, Дав.Цогтбаатар, Г.Хосбаяр нарын нэр энд яригдсан ч Г.Хосбаярт АН-ын бүлгийн дэд даргын суудал хуваарилагдчихыг бодоход тэр лав оноолтоос хасагдав бололтой. Д.Ганбат бүр том зүйл ярьж явааг бүгд мэднэ. Сайд сонирхохгүй байх. Дав.Цогтбаатарын хувьд “хэрэг түвэг” яригддаг тул бүтэшгүй.
Тэгвэл яагаад заавал тэд? Яагаад заавал Барилга, хот байгуулалтын сайд гэж?
Тэд ээлжит 2024 оны сонгуулийн нэгдүгээр тойрогт буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүдийн бүл байгааг анзаарах хэрэгтэй. Гэхдээ энэ бүлд тэдэнтэй хэзээ ч тархи, мөр шүргэхгүй, хөл гар хоршихгүй О.Алтангэрэл нарын гишүүд үүнд нь багтаагүйг тодотгох нь зүйтэй. Үндсэндээ “Женко”-д жийгдсэн буюу Х.Баттулга ҮБХ-ноос шахаж гаргасан хэд юм. Дараагийн сонгуульд тойрог дээрээ Женкотой үзэлцэхийн тулд тэдэнд мөнгө хэрэгтэй. Тэр мөнгөө төсвөөс гаргуулж авахад эрх баригч МАН-тай тохирох хэрэгтэй. Тэд Г.Занданшатарыг Ерөнхий сайд байх үеэс нутгийн хүчин зүйлээр түрээлж, “Сэлбэ сити” төсөлд барилгын тендер авах ажлыг хөөцөлдөн эхний тохироог хийсэн бөгөөд одоо ч Н.Учрал дээр үүнийгээ үргэлжлүүлэн илэрхийлсээр яваа аж. Барилгын тендерийн эрхийг авч, ажлыг нь гүйцэтгэж өгөх нь “Нутгийн буян” ХХК. Сонгуулийн мөнгийг нь гаргаж өгнө хэмээн тохирсон гэх.
Тэгэхдээ төсөвт тохирч тусгасан мөнгө болон тендерийн шийдвэр гаргах эрхийг авахын тулд сайдаа тавихгүй бол молигодуулдгийг тэд мэдсэн төдийгүй мэдэрсэн хүмүүс. Өмнө жил төсөв хэлэлцэн батлах үед төсөв дээр тендерээр гаргаж авах тохироо хийсэн ч энэ нь шилний цаанаас чихэр долоолгосон явдал болоод өнгөрсөн. Арай туршлагатайгаараа АН-аас Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж хоёр л “баадантай юм”-аа авсан байх. Тийм учраас “өөрийн сайд” гэж байдаггүй, “өөрсдөө сайд” болох ёстой гэдэг дүрмээр МАН-ын эрх мэдлийн бүлэглэлтэй тоглож буй. “Хөеөгөө хураасан” төсөл нь хотын хойд хэсэгт хэрэгжих барилгажилт байгаад байдаг.
Н.Учралын урдуур гүйх хар муур
МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал “АН-тай хамтарч засаг байгуулах” төсөл дээрээ өөрөө бүдэрч болохгүй. Засгийн танхим сэлгэх явцад удирдлагаа алдвал өөрийгөө давхар хөнтрөх эрсдэл түүнд бас бий. МАН-ын арын өрөөний АН-ын хэд “засаг дотор орж суугаад таныг хамгаална” гэсэн байр суурь илэрхийлж байгаа ч Н.Учралд баталгаа хэрэгтэй. Түүний тулд Д.Амарбаясгалангийн 30-ийн бүлгийнхэнтэй гар барих чухал. Гэвчиг тэдний дундуур Г.Занданшатараас эхлээд хар муур гүйлгэхийг оролдогсод түүгээр тогтохгүй хэд, хэд гарч ирэх биз. Хамгийн түрүүнд “30”-ийн бүлгийнхний оронд тэдний үүргийг гүйцэтгүүлэх зорилготой байгуулсан “элснийхний” муур гүйгээд эхэлж. Д.Амарбаясгалан юун гар барих, “үүд сахих” ажилтай болж байгаа мэдээ гарчээ. Ер нь Засгийн газар хөдөлгөөнд орох шалтгаан нь Ардчилсан намын ч асуудал биш, харин дараа, дараагийн МАН-ын дарга хэн байх тухай алсын нүүдэл юм. Хэн хэнээс МАН-ын даргын суудлыг авах тухай тэмцэл юм.
З.Боргилмаа /baabar.mn/



