Монгол хүн бизнес эрхлэхийн тулд төрөөс зөвшөөрөл гуйна. Ажил хийвэл татвар төлнө. Хоёр ажил хийвэл хоёр газраас нийгмийн даатгалын шимтгэл суутгуулна. Хувьцаатай ч захиран зарцуулж чадахгүй. Өөрийн газартай болох, өмчөө ашиглах, хөрөнгө оруулах, үйлдвэрлэл эрхлэх гээд хаашаа ч хөдөлсөн төрийн байгууллагын хаалга татна. Төр бүхнийг зохицуулж, хянаж, шалгаж, зөвшөөрч, бас хориглож ирсэн. Одоо хүнд суртлаа багасгаж, татвараа бууруулж, иргэддээ илүү их эрх чөлөө олгохоо амласан байна.
Н.Учралын “Эрх чөлөөний дөрвөн зам - Дөрвөн чөлөөлөлт” хөтөлбөрийн сонирхолтой тал энд бий. Төрийн оролцоог эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгүүр хэмээн үзсээр ирсэн МАН-ын дарга түүнийг багасгах тухай ярьжээ. Анзаарахгүй өнгөрөх аргагүй.
Н.Учралын дэвшүүлсэн бүхэн шинэ санаа биш. Татвар бууруулах, зөвшөөрөл цөөлөх, хувийн хэвшлийг дэмжинэ гэж өмнөх засгийн газрууд ч ярьсан. Заримыг нь хэрэгжүүлж, заримыг нь мартсан. Харин энэ удаагийн бодлого өмнөх амлалтуудаас юугаараа ялгаатай вэ? Иргэдийн халаасанд хэдэн төгрөг үлдэх, бизнес эрхлэгч ямар дарамтаас салах, төрийн мэдэлд байгаа хэдэн эрх мэдэл иргэдэд шилжихээс л ялгаа нь харагдана.
Н.Учралын бодлогод зах зээлийг чөлөөлөх, төрийн оролцоог багасгах гэсэн нэг чиглэл бий. Үүнтэй зэрэгцээд төр стратегийн үйлдвэрүүдээ сонгож, баялгийн өгөөжийг төвлөрүүлж, хөрөнгө оруулалтыг чиглүүлж, эдийн засгийн үр дүнг урьдчилан төлөвлөх гэсэн хуучин зуршил нь ч үлдсэн. Энэ хоёр чиглэл нэг хөтөлбөрт зэрэгцэж байгаа нь сонирхолтой.
Ажил хийсэн хүний халаасанд мөнгө үлдэнэ
Монголын төр хөдөлмөрийг урамшуулахдаа ганц арга хэрэглэж ирсэн. Цалин авбал татвар авна. Нэмэлт ажил хийвэл давхар шимтгэл авна. Иргэд илүү хөдөлмөрлөж, илүү орлого олбол төр ч илүү их мөнгө олно. Хүний хөдөлмөрийн үр шимээс төр хувь авах нь татварын тогтолцооны ердийн хэрэг боловч манайд хөдөлмөрлөх сонирхлыг мохоох хэмжээнд хүрсэн.
Н.Учралын татварын шинэчлэл иргэдийн анхаарлыг татсан нь ийм учиртай. Ирэх оноос сарын цалингийн 792 мянган төгрөгийг татвараас чөлөөлж, 2028 оноос хоёр сая төгрөг хүртэлх орлогод нэг хувийн татварын шатлал хэрэглэхээр төлөвлөжээ. Одоо энэ татвар арван хувь байгаа. Татварын шатлал, хөнгөлөлтийн нарийвчилсан нөхцөлөөс шалтгаалан хүмүүсийн хэмнэх мөнгө харилцан адилгүй ч өөрчлөгдөх нь тодорхой.
Цалинтай хүний орлогоос төрийн авах хувь багасна. Энэ бол ажил олгогч цалин нэмэхээс илүү анхаарал татахаар үр дагавартай. Цалин нэмэхэд компанийн зардал өсдөг. Татвар буурсан ч ажил олгогчийн зардал нэмэгдэхгүйгээр ажилтанд илүү мөнгө үлдэнэ.
Өөр нэг өөрчлөлт бол олон гэрээгээр ажилладаг хүмүүсийн НДШ-тэй холбоотой. Монголд хүн үндсэн ажлаасаа гадна гэрээгээр ажиллаж, зөвлөгөө өгч, сургалт явуулж, бүтээл туурвиж, нэмэлт орлого олох нь түгээмэл. Гэрээ тус бүрээс НДШ суутгадаг тогтолцоо нь нэмэлт хөдөлмөрийн өгөөжийг багасгадаг. Нэг хүн хэдэн газарт ажилласнаараа хэд хэдэн хүн болчихдоггүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогын суурь, тэтгэвэр бодох аргачлал тусдаа асуудал боловч давхар гэрээ бүрээс шимтгэл суутгах нь олон хүний бухимдлыг төрүүлж ирсэн.
Хойтонгоос иргэн өөрийн сонгосон нэг гэрээгээр шимтгэл төлж, бусад гэрээний орлогоос давхар шимтгэл суутгуулахгүй зохицуулалт хэрэгжихээр танилцуулагдсан нь энэ гажгийг засах алхам. Ингэснээр багш хичээлийнхээ хажуугаар ном бичих, инженер өөр төсөлд ажиллах, эмч өөр байгууллагад зөвлөгөө өгөх, орчуулагч хэд хэдэн захиалга авахад илүү шимтгэл төлөхгүй.
Гэхдээ татвар бууруулахын цаана нэг том асуудал бий. Төрийн орлого багасахад зарлага нь яах вэ? Н.Учралын танилцуулсан төсвийн төсөөлөлд 2027-2029 онд төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 31.9-өөс 28.6 хувь болгон бууруулахаар тусгажээ. Зорилт нь зөв өө. Гэхдээ ДНБ өсөхөд зарлагын эзлэх хувь буурах магадлалтайг мартаж болохгүй. Төсвийн бодит зарлага, төрийн өмчит компаниудын өр, татаас хэрхэн өөрчлөгдөхийг хамтад нь харах шаардлагатай.
Татварын шинэчлэлийн амжилт иргэдийн халаасанд үлдэх мөнгөөр хэмжигдэнэ. Харин төсвийн шинэчлэлийн амжилт төр зардлаа хэрхэн хазаарласнаар хэмжигдэнэ.
Суурь тэтгэвэр ба ирээдүйн хуримтлал
Тэтгэвэр бол Монголын төрийн толгойны өвчин. Ахмадуудын тэтгэвэр амьжиргаанд нь хүрэлцэхгүй, шимтгэл төлж буй ажиллагчдын тоо болоод тэтгэвэр авагчдын харьцаа өөрчлөгдөж, Тэтгэврийн сангийн санхүүжилтэд төсвөөс дэмжлэг үзүүлэх шаардлага үргэлж гардаг. Ийм нөхцөлд “Суурь тэтгэвэр”-ийн санаа цагаа олсон шийдэл мөн.
Суурь тэтгэвэр гэдэг ойлголтын цаана өндөр настай иргэн бүрийн амьжиргааны наад захын баталгааг хангах асуудал бий. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн орлогоос хамаарах тэтгэвэртэй зэрэгцэн суурь баталгааг хэрхэн бүрдүүлэх, хэнд ямар нөхцөлөөр олгох, ямар эх үүсвэрээр санхүүжүүлэхийг шийдэх шаардлагатай байсан.
Монголд олон жил хөдөлмөрлөсөн хүн бага тэтгэвэр авч байхад, шимтгэл төлөөгүй эсвэл бага төлсөн хүний тэтгэврийг төсвөөс нэмдэг гэдэг маргаан гардаг. Суурь тэтгэврийн шинэчлэл энэ зөрчлийг хэрхэн зохицуулах гарц.
Нөгөө талаар хувийн нэмэлт тэтгэврийн сан, хагас хуримтлалын тогтолцоонд шилжих тухай ярьж байна. Ингэвэл иргэдийн ирээдүйн орлого тухайн үеийн Засгийн газрын төсвөөс хамаарахгүй болох боломжийг бүрдүүлнэ. Гэхдээ иргэний нэр дээр хуримтлал бүртгэх, бодитоор хөрөнгө хуримтлуулах хоёр ялгаатай. Тэтгэврийн дансанд мөнгө бичигдсэн ч тэр хөрөнгө хаана байрлаж, ямар өгөөж олж, ямар эрсдэл хүлээж байгааг иргэд мэдэхгүй бол шинэ тогтолцоо нэрээ сольсноос цаашгүй гэсэн үг.
Хэн баялгийн эзэн бэ?
Н.Учралын шинэчлэлийн нэг чухал хэсэг бол “Хуримтлалтай Монгол” бодлого. Түүний танилцуулснаар Ирээдүйн өв сангийн хөрөнгө 6.9 их наяд төгрөгт хүрсэн, 2030 он гэхэд 25 их наяд төгрөг болгохоор зорьжээ. Энэ 25 их наяд нь одоогийн бодит хуримтлал биш, хүрэх зорилт юм. Монголчууд уул уурхайн орлогоо ирээдүйд зориулан хуримтлуулах ёстой гэдэгт итгэх хүн цөөсөөр байна. Өмнөх засгийн газруудын “Мега төсөл”-ийн идлэг уулгын мөр иргэдийн итгэлийн хугалчихсан.
Төрийн баялгийн сангийн хөрөнгө өсөх нь улсын санхүүгийн чадавхыг нэмэгдүүлж болно. Гэвч тэр мөнгө иргэний хувийн дансанд орсон хөрөнгөтэй адилгүй. Сангийн хөрөнгө оруулалтын шийдвэрийг төрөөс томилогдсон удирдлага гаргаж, өгөөжийг нь хуулиар тогтоосон зориулалтаар ашиглана. Эндээс Оюутолгойн ногдол ашгийн тухай өнөөгийн маргаан урган гарч байна.
Монголын иргэд байгалийн баялгийн өгөөжөөс хувь хүртэх ёстой гэдэг дээр улстөрчид санал нийлдэг. Харин өгөөжийг иргэдэд бэлнээр олгох уу, боловсрол, эрүүл мэнд, орон сууц, хуримтлалын санд зарцуулах уу гэдэг дээр маргалддаг.
Оюутолгойгоос улсын төсөвт орох боломжтой гэж яригдаж буй гурван их наяд төгрөгийг 3.5 сая иргэнд хуваавал нэг хүнд ойролцоогоор 857 мянган төгрөг ногдоно. Ийм тооцоо нийгмийн анхаарлыг татаж, бэлэн мөнгө олгохыг шаардсан иргэдийн өргөдөл, хэлэлцүүлэг өрнөсөн. Гэвч энэ гурван их наяд нь одоогоор баталгаажсан бодит орлого биш, хэлэлцээрийн үр дүнд үндэслэсэн төсөөлөл хэвээр байна.
Гэхдээ энэ тооцоонд нэг том болзол бий. Гурван их наяд төгрөг яг ямар орлого вэ? Улсын төсөвт төвлөрөх татвар, төлбөр үү, төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашиг уу, эсвэл төслийн ирээдүйн нийт өгөөжийн төсөөлөл үү? Эдгээрийг хольж хутгаж болохгүй. Түүнчлэн орлого бодитоор орж ирсэн эсэх, ямар хуулийн дагуу хуваарилах, иргэдэд олгохдоо инфляцад хэрхэн нөлөөлөхийг тооцох шаардлагатай.
Иргэдэд бэлнээр тараахын эсрэг талд ирээдүйн хуримтлал, улсын хөрөнгө оруулалт, төсвийн тогтвортой байдлын тухай үндэслэл бий. Харин бэлнээр олгохыг дэмжигчид баялгийн өгөөжийг иргэн өөрөө захиран зарцуулах эрхтэй гэж үзэж байна.
Энэ маргаанд нэг сонирхолтой зүйл ажиглагддаг. Төр иргэдэд мөнгө өгөх тухай болохоор мөнгөө зөв зарцуулах эсэхэд нь эргэлздэг. Харин төр өөрөө мөнгө зарцуулах болохоор стратегийн бодлого, үндэсний хөгжил, ирээдүйн хөрөнгө оруулалт гэдэг сүрлэг нэрс гарч ирдэг. Монголын төр мөнгийг иргэдээсээ ухаалга зарцуулж ирсэн гэж хэн батлах вэ?
Нөгөө талаар иргэдэд нэг удаа бэлэн мөнгө тарааснаар тогтвортой орлого, ажлын байр, бүтээмж бий болчихгүй. Үүнийг ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Тиймээс Оюутолгойн ногдол ашгийн маргаан мөнгө тараах эсэхээс илүү том асуудал хөндөж байна. Байгалийн баялгийн өгөөжийн талаар шийдвэр гаргах эрх мэдэл төр, иргэдийн хооронд хэрхэн хуваарилагдах вэ гэдэг асуудал.
Н.Учралын 1072 хувьцааг иргэдийн жинхэнэ өмч болгох тухай санаа энэ утгаараа онцгой анхаарал татна. Иргэн хувьцаагаа зарах, шилжүүлэх, өвлүүлэх, арилжих боломжтой болох нь өмчийн эрхийг бодитоор өргөжүүлнэ. Гэхдээ компанийн засаглал, санхүүгийн тайлан, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх, зах зээлийн үнэлгээний нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай.
Хувьцааны эзэн болсон иргэн хөрөнгөө яаж захиран зарцуулахаа өөрөө шийдэх боломж өгөх ёстой. Төр өмнөөс нь шийдвэр гаргасаар байвал хувьцаа нэртэй ч өмчийн эрх нь хязгаарлагмал үлдэнэ.
Төр бизнес хийхээ болих уу?
Х.Учралын хэлсэн “Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг хатуу баримтлах ёстой” гэдэг санаа эдийн засгийн шинэчлэлийн хамгийн чухал амлалт нь. Монголд төрийн өмчит компаниуд эдийн засгийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Төрийн компанийн алдагдлыг төсвөөс нөхөх, хөрөнгө оруулалтыг нь улс төрийн шийдвэрээр санхүүжүүлж ирсэн. Хувийн компани ийм эрх ямба эдэлдэггүй.
Төрийн компаниудыг нэгтгэх, бүтцийг нь өөрчилбөл захиргааны зардал хэмнэгдэх биз. Таван компанийг нэгтгэлээ гээд зах зээлд өрсөлдөөн нэмэгдэнэ гэдэг баталгаа байхгүй. Харин ч эсрэгээрээ төрийн монополь улам томорч мэднэ.
Нөгөө талаар Н.Учралын Засгийн газар гангийн үйлдвэр, зэс боловсруулах цогцолбор, нүүрс-пиролизийн үйлдвэр, хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк зэрэг том төсөл дэмжихээр төлөвлөжээ. Бүр 15 мянган шууд, 63 мянган шууд бус ажлын байр бий болно гэсэн тооцоо танилцуулсан.
Үйлдвэр байгуулах нь хэрэгтэй. Гэхдээ үйлдвэр бүр ашигтай ажиллах баталгаа байхгүй. Зэс боловсруулах үйлдвэр барихад эрчим хүч, ус, тээвэр, технологи, санхүүжилт шаардагдана. Түүхий эдээ дотооддоо боловсруулдаг болох зорилгоор алдагдалтай үйлдвэр байгуулбал үндэсний баялгийг нэмэгдүүлэх бус, хороох эрсдэлтэй. Стратегийн гэдэг тодотгол тухайн төслийн үр ашгийн батлагаа болохгүй. Төслийн ашиг, алдагдал, эрсдэлийг хэн хүлээх нь чухал. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй төсөлд ашиг гарвал хувийн хөрөнгө оруулагч хүртэж, алдагдал гарвал татвар төлөгчид төлөхөөр зохицуулсан бол энэ нь шударга өрсөлдөөний зарчимд нийцэхгүй.
Н.Учралын төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэдэг амлалтыг шалгах бодит хэмжүүр нь төр эдийн засгийн ямар салбараас гарч, ямар эрх мэдлээсээ татгалзаж байгаа явдал юм.
Зөвшөөрөл гуйдаг эдийн засаг
Бизнес эрхлэхэд тулгардаг зөвшөөрөл, шалгалт, хяналтын тогтолцоог өөрчлөх тухай санаа ч анхаарал татна. “Хориглоогүй бол зөвшөөрнө” зарчим хэрэгжвэл иргэн, бизнес эрхлэгчийн төртэй харилцах харилцаанд том өөрчлөлт орно. Өнөөдөр бизнес эрхлэгч шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, үйлдвэрлэл эхлүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд олон байгууллагын зөвшөөрөл, дүгнэлт, гэрчилгээ шаарддаг. Зарим нь аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хамгаалалтад зайлшгүй хэрэгтэй. Харин зарим нь хүнд суртал, авлига, зах зээлд нэвтрэх саад болж хувирсан.
Н.Учралын танилцуулсан бодлогод 7029 төлөвлөгөөт шалгалтыг цуцалж, 146 төрлийн бизнесийн үйл ажиллагааг мэдэгдлээр эхлүүлэх боломж бүрдүүлсэн тухай дурдсан байна. Хэрэгжих аваас бизнес эрхлэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэнэ. Авчиг энэ шийдвэр маргааш өөрчлөгдөх эрсдэл хэвээрээ. Монголын бизнес эрхлэгчид төрийн тусламж дэмжлэгээс илүү тогтвортой дүрэм журамтай орчинд ажиллах нөхцөл хүсдэг. Хууль ойр ойрхон өөрчлөгдөж, зөвшөөрөл нь улс төрийн шийдвэрээс хамаараад байвал урт хугацааны хөрөнгө оруулалт хийхэд хүндрэлтэй.
Гадаадын банк оруулж ирэх, санхүүгийн салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх санал ч ийм логиктой. Монголд банкны зээлийн хүү өндөр байгааг ганц банкуудын өрсөлдөөн дутмаг гэдгээр тайлбарлах боломжгүй. Инфляц, валютын эрсдэл, зээлийн эргэн төлөлт, гэрээний хэрэгжилт, хуримтлалын хэмжээ зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. Гадаадын банк орж ирснээр өрсөлдөөн нэмэгдэх боломжтой. Харин зээлийн хүү хэдэн нэгжээр буурахыг урьдчилан баттай амлахад хэцүү. Санхүүгийн зах зээл дээрх эрсдэл хэвээр байхад хүү автоматаар хямдрахгүй.
Оюутолгойн өгөөж ба төрийн наймаа
Оюутолгойн хэлэлцээрт зээлийн хүүг 6.6-аас 4 хувь болгон бууруулах, зардлыг багасгах, ногдол ашгийн хугацааг урагшлуулах зэрэг асуудлаар тохиролцсон, нийт 10 тэрбум ам.долларын үр дүн гарна гэж Засгийн газар мэдэгдсэн. Энэ мөн адил хэлэлцээрийн үр дүнд үндэслэсэн төсөөлөл бөгөөд бодитоор хэмнэгдсэн зардал, ирээдүйн мөнгөн урсгалын тооцоо хоорондоо ялгаатай. Энэ бол нягтлахаас аргагүй том тоо. Үүний хэд нь бодитоор хэмнэгдсэн зардал, хэд нь ирээдүйн мөнгөн урсгалын тооцоо, хэд нь хэлэлцээрийн үр дүнд бий болох боломжит өгөөж вэ гэдгийг ялгах хэрэгтэй.
Монголын талын өгөөжийг 53 хувьд хүргэх зорилт ч нийт төслийн үнэ цэнтэй хамт үнэлэгдэх ёстой. Хувь хэмжээ өсөхийн зэрэгцээ цаашдын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэмжээ, эрсдэлийн хуваарилалт хэрхэн өөрчлөгдөх нь чухал. Энд нэг зүйлийг мартаж болохгүй. Монгол Улс Оюутолгойгоос илүү их өгөөж хүртэх нь сайн хэрэг. Гэхдээ хөрөнгө оруулагчидтай байгуулсан гэрээний тогтвортой байдал, өмчийн эрхийн баталгаа нь ирээдүйн бусад хөрөнгө оруулалтад ч нөлөөлнө. Өнөөдөр нэг төслөөс илүү их орлого авахын тулд маргаашийн арван төслийг үргээж болохгүй.
Чөлөөлөөд төрд юу үлдэх вэ?
Н.Учралын эдийн засгийн шинэчлэлийг бүхэлд нь харахад хоёр өөр чиглэл зэрэгцэж байна. Нэг талд татвар, шимтгэлийн дарамтыг бууруулах, бизнесийн зөвшөөрлийг цөөлөх, гадаадын банк оруулж ирэх, 1072 хувьцааны өмчийн эрхийг өргөжүүлэх бодлого бий. Эд иргэдийн эдийн засгийн сонголтыг нэмэгдүүлэх боломжтой. Нөгөө талд төрийн баялгийн санг томруулах, стратегийн үйлдвэрүүдийг сонгон дэмжих, хөрөнгө оруулалтыг чиглүүлэх, эдийн засгийн тодорхой үр дүнг урьдчилан төлөвлөх бодлого байна.
Энэ хоёр чиглэл хоорондоо зөрчилдөх албагүй. Гэхдээ төр хувийн хэвшилд орон зай гаргаж өгнө гэж амлачихаад өөрөө эдийн засгийн гол тоглогч хэвээр үлдвэл шинэчлэлийн үр дүн хязгаарлагдана. Монголын эдийн засгийн асуудал мөнгө дутагдсандаа байдаггүй. Мөнгө, хөрөнгө, боломжийг хэн, хэрхэн ашиглах шийдвэрийг төр гаргаж байгаад оршдог.
Төрийн эрх мэдэл төвлөрөх тусам улс төрийн нөлөө, үр ашиггүй зарцуулалт, хариуцлагын асуудал дагалддаг. Нөгөө талаар иргэдийн өмчийн эрхийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн орлогоос нь бага татвар авах, бизнесийн зөвшөөрлийг цөөлөх нь эдийн засгийн шийдвэрийг олон хүний гарт шилжүүлж байгаа хэрэг. Эндээс Н.Учралын шинэчлэлийн жинхэнэ шалгуур тодорно.
Монголын төр олон жил эдийн засгийг хөгжүүлэх билээ гэж хөрөнгө оруулалтаа нэмэх, олон үйлдвэр байгуулах, мега төсөл хэрэгжүүлэх юм ярьж ирсэн. Харин иргэдийнхээ хөдөлмөрлөж олсон мөнгөнөөс бага хумаслах, өмч хөрөнгөө зарцуулах эрхийг нь нэмэх, хувийн хэвшилд өрсөлдөх боломж олгох бодлого харьцангуй бага хэрэгжүүлжээ. Н.Учралын дөрвөн чөлөөлөлт энэ хандлагыг өөрчилж чадах эсэх нь одоогоор нээлттэй асуулт хэвээр байна.
Татвар бууруулна, зөвшөөрөл цөөлнө, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэж амласан нь сайн эхлэл. Харин эдгээр амлалтыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын эрх мэдэл, төсвийн зарлага, төрийн өмчит компаниудын ашиг сонирхол, улс төрийн шийдвэр гаргах хуучин зуршилтай нүүр тулах нь гарцаагүй. Н.Учралын хамгийн хэцүү ажил чухам эндээс эхэлнэ. Төр иргэддээ илүү их эрх чөлөө олгохын тулд өөрийнхөө зарим эрх мэдлээс татгалзах хэрэгтэй болно. Гэтэл эрх мэдэлтэй хүн эрх мэдлээ сайн дураараа хязгаарлах явдал улс төрд элбэг үзэгдэл биш.
Монгол Улсын Засгийн газар иргэдээ чөлөөлөхөөр шийджээ. Одоо Ерөнхий сайд Н.Учрал өөрөө эрх мэдлээс салах зоригтой эсэхийг харах үлдлээ.
Д.Батбаяр /baabar.mn/



