Үндсэн хуулийн Цэцийн 2026 оны аравдугаар сарын 26-ны өдөр 07 дугаар дүгнэлт гарсантай холбогдуулан судлаач, Бээжин их сургуулийн Хуулийн сургуулийн докторант Д.Бадамхандтай ярилцлаа.
-Үндсэн хуулийн Цэцийн 2026 оны 07 дугаар дүгнэлтээр ямар асуудлыг шийдвэрлэсэн бэ?
-Үндсэн хуулийн Цэцийн 2026 оны аравдугаар сарын 26-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7 дахь хэсэгт “Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.” гэж заасны “... түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэжээ.
-Та уг дүгнэлтийн ямар үр дагаварт анхаарал хандуулж байна вэ?
-Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл нь зөрчлийн хуульд заасан хариуцлагыг оногдуулах механизм юм. Иймд Улсын Их Хурлын тухай хуульд заасан Шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулахыг хориглох зохицуулалтыг хүчингүй болгосноор ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах улсын их хурлын гишүүний институцийн хувьд эрх зүйн байдлыг нь дордуулах үр дагавар гарч болзошгүйг анхаарах шаардлагатай. Баривчлах арга хэмжээ бол хүний эрх чөлөөнд бодитоор хязгаарлалт тогтоож буй Эрүүгийн шинжтэй шийтгэлийн хэлбэр юм. Иймээс Зөрчлийн хуульд заасан баривчлах шийтгэлийг “УИХ-ын гишүүнд шүүхийн журмаар хариуцлага оногдуулах”-аас тусгаарлан ойлгох боломжгүй. Хүнийг багш, барилгачин, малчин, парламентын гишүүн хэн байхаас нь үл хамааран “баривчлах шийтгэл”-ийг шүүхийн журмаар шүүгч оногдуулдаг. Гэтэл Цэцийн дээрх шийдвэр нь өргөн утгаараа Улсын Их хурлын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөлийг бүрдүүлэх үр дагаварыг үүсгэх эрсдэлтэйг онцолж байна.
-УИХ-ын гишүүний бүрэн эрхийн баталгааг иргэдийн төлөөлөлтэй холбож үзэхийн учир юу вэ?
-Улсын Их Хурал бол ард түмэн бид өөрсдөө сонгон байгуулдаг төлөөллийн байгууллага.
Иргэд төлөөллийн байгууллагаараа уламжлан төрийн үйл хэрэгт оролцох эрхээ хэрэгжүүлдэг. Улсын Их Хурлын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд гишүүдийн үйл хэрэгт иргэд үнэлэлт, дүгнэлт өгч, дахин сонгох эсэхээ шийддэг. Дахин сонгохгүй байх нь иргэдээс парламентын гишүүдэд оногдуулах улс төрийн хариуцлага гэж үзэж болно.
Гэтэл зарим улстөрчийн ёс зүйгүй, хууль бус үйлдэлд хариуцлага тооцох нэрийдлээр ардчилсан сонгуулиар сонгогдсон ард түмний элч, парламентын гишүүн бүрэн эрхээ саадгүй хэрэгжүүлэх баталгааг ганхуулах нь "Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох"-той адил. Учир нь парламентын гишүүний бүрэн эрхийн баталгаа нь Улсын Их хурлын гишүүний хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх биш, харин ард түмний элч болохынх нь хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх институцийн баталгаа юм.
-УИХ-ын гишүүнд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэх ямар зохицуулалтууд одоо үйлчилж байна вэ?
-Улсын Их хурлын гишүүнд ёс зүйн болоод хуулийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт хангалттай бий. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм зэрэг материаллаг хууль, тэдгээрийн процессын хууль журам, түүнийг хэрэгжүүлэх төрийн эрх бүхий байгууллага зэрэг бүхэл бүтэн механизм ажиллаж байна.
-Нэр дэвшигчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчлийн асуудалд улс төрийн намууд ямар хариуцлага хүлээх ёстой вэ?
-Ёс зүйтэй, ашиг сонирхлын зөрчилгүй хүнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх нь улс төрийн намын хариуцлага, дотоод зохион байгуулалтын асуудал. Нэгэнт сонгогдсон Улсын Их хурлын гишүүнийг нь баривчлах зэргээр түүний халдашгүй байдалд халдах, төлөөллийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болдог, бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй байхад эгүүлэн татаж, нөхөн сонгуулиар эрх баригчдын таалалд нийцсэн хүнийг нэр дэвшүүлэх зэргээр улсын төсвийг үрэн таран хийж, иргэдийн сонголтыг үгүйсгэдэг тоглоомын тогтолцоо ардчилсан улсад байж болохгүй.
-Баривчлах шийтгэл парламентын гишүүний төлөөллийн бүрэн эрхэд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Баривчлах нь хүний эрх чөлөөнд бодитой хязгаарлалт тогтоож буй Эрүүгийн шинжтэй шийтгэлийн хэлбэр. Иймд Улсын Их Хурлын гишүүнийг 7-30 хоног баривчилбал тухайн хугацаанд хуралдаанд оролцох, санал өгөх, парламентын хяналт хэрэгжүүлэх боломж бодитоор хязгаарлагдана. Гишүүнийг баривчлахаас гарах үр дагавар зөвхөн хувийн халдашгүй байх, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх тухай асуудал биш, парламент дахь ард түмний төлөөллийн оролцоо, Улсын Их хурлаас нийт иргэн, улсын ашиг сонирхлыг хамгаалах асуудал шийдвэрлэхэд өгөх саналын харьцаа, цөөнхийн оролцоо, интитуцийн бүтэн эрхээ хэрэгжүүлэх баталгаатай холбогдох асуудал юм. Шийтгэлийг шүүхийн журмаар оногдуулах нь мөн адил дээрх үр дагаврыг үгүйсгэхгүй. Парламентын гишүүний халдашгүй байдал нь түүнийг аливаа гэмт хэрэгт татахгүй гэсэн үг биш, зөвхөн бүрэн эрхийнх нь хугацаанд ард түмнийг төлөөлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байх тухай ойлголт мөн. Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хууль зэрэгт Улсын Их Хурлын гишүүнийг гэмт хэрэгт татах, шийтгэл оногдуулахтай холбогдох хангалттай олон зохицуулалт бий. Иймд Цэцээс шийдвэр гаргахдаа парламентын гишүүний халдашгүй байдлын зорилго, хүрээг бүхэлд нь үнэлэх ёстой. Тухайлбал, Зөрчлийн тухай хуульд заасан торгох болон баривчлах шийтгэл нь парламентын гишүүний төлөөллийн бүрэн эрхэд үзүүлэх нөлөөлөл адилгүй. Баривчлах нь хүний эрх чөлөөнд бодитой хязгаарлалтыг бий болгодог тул Эрүүгийн шийтгэлийн шинжийг агуулдаг. Иймд УИХ-ын тухай хуулийн 41.7-д “... түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах”-ийг хориглосон зохицуулалт нь хэт өргөн эсэхийг шалгах шаардлагатай.
-Парламентын гишүүний халдашгүй байдлыг хамгаалах талаар олон улсын ямар шалгуур үзүүлэлт байдаг вэ?
-Олон улсын парламентын холбооны 2023 оны “Ардчилсан парламентын шалгуур үзүүлэлтүүд”-ийн 1.2.2 дахь хэсэгт гишүүнийг баривчлах, саатуулах, Эрүүгийн журмаар мөрдөн шалгахад парламентын зөвшөөрөл авахыг онцолсон байна. Энэ нь парламентын гишүүний халдашгүй байдлыг хамгаалахдаа түүнийг хариуцлагаас чөлөөлөх хэрэгсэл болгохгүй, мөн улс төрийн дарамтад ашиглах боломжийг хязгаарлах шаардлагыг харуулж байна. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүд олонхоороо үндэслэл бүхий гэмт хэргийг хаацайлах ёсгүй. Үүнтэй адил парламентын гишүүний халдашгүй байдалд үндэслэлгүйгээр халдахгүй байх нь бас чухал.
-Энэ асуудлыг олон улсын шүүхийн практикт хэрхэн авч үздэг вэ?
-Европын хүний эрхийн шүүхийн Их танхимын шийдвэрт нэгэнт сонгогдон гарсан парламентын гишүүн бүрэн эрхээ бодитоор хэрэгжүүлэх боломжийг чухалчилсан. Шүүхээс цагдан хорих ажиллагааг бүх тохиолдолд буруутгаагүй боловч баривчлах, цагдан хорих нь төлөөллийн эрхээ хэрэгжүүлэхэд үзүүлэх сөрөг нөлөө, түүнтэй холбогдох ашиг сонирхлын тэнцвэрийг хангах, гишүүний эрх чөлөөнд хамгийн бага хэмжээгээр халдах өөр аргыг хэрэглэх боломжийг үнэлэх шаардлагатай гэж үзсэн байдаг.
-Парламентын гишүүдийн эрх зөрчигдөх тохиолдол олон улсад байдаг уу?
-Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хороо 2025 онд 58 улсын 1027 парламентын гишүүнд холбогдох хүний эрх зөрчигдсөн хэргийг хянан үзсэн байдаг. Тэдгээрийн 83 хувь нь сөрөг хүчний намын гишүүн байсан. Эндээс нэгэнт сонгогдон гарсан парламентын гишүүний халдашгүй байдал хэр чухал болохыг харж болно. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүдийн олонх нь иргэн таны сонгон гаргасан цөөнхийн төлөөлөл болох гишүүний эрхэд халдах эрсдэл байдгийг ойлгож болохоор байгаа биз.
-Үндсэн хуулийн Цэцийн вэбсайтад тус дүгнэлттэй холбоотой гаргасан мэдээг уншихад их богинохон, тайлбар багатай харагдсан. Цэцийн ажиллах зарчим, төсөв, хүний нөөц ямар байдаг юм бол?
-Судалгаанд үндэслэх зарчим бол Үндсэн хуулийн Цэц үйл ажиллагаандаа баримтлах үндсэн зургаан зарчмын нэг мөн. Энэ хүрээнд Цэцийн гишүүн бүр туслах, судлаач хоёр албан хаагч, судалгааны төв гэх хэлтэс, нийт 70 гаруй орон тоотойгоор чиг үүргээ хэрэгжүүлдэг. Үндсэн хуулийн Цэцийн бүтээмж бол Цэцийн шийдвэр буюу дүгнэлт, тогтоол юм. Цэцээс 1992 оноос эдүгээ хүртэл 34 жилийн хугацаанд нийт 330 гаруй шийдвэр гаргасан. Олон жилийн дунджаар тооцвол, жилд ердөө 10 хүрэхгүй шийдвэр гаргажээ. Гэтэл Үндсэн хуулийн Цэц өөрийн албан ёсны вэб сайтаараа 2025 онд нийт 287 өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдол, тогтоолын статистик том тоог мэдээлсэн байна. Энэ том тоо нь бие даасан ажил, түүний бүтээмж биш, харин Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны процесст хамаарах дотоод зохион байгуулалтын ажил юм. Тухайлбал, Цэц 2025 онд ердөө 49 удаагийн хуралдаан хийсэн байх бөгөөд тэдгээрээс ердөө хоёр удаагийн Их суудлын, 14 удаагийн Дунд суудлын хуралдаанаас гарсан шийдвэр бол Цэцийн бүтээмж мөн. Үндсэн хуулийн цэцээс УИХ-д өргөн мэдүүлсэн 2027 онд зарцуулах урсгал зардлын дүнг 2022 оны батлагдсан урсгал зардлын төсөвтэй харьцуулахад 155.74 хувиар өссөн байна. Харамсалтай нь ард түмний халааснаас төлөгдөх татвараас бүрдэх ийм өндөр төсвөөр үйл ажиллагаагаа явуулж буй Цэцийн 2026 оны 07 дугаар дүгнэлтийг хангалттай судалгаанд үндэслээгүй, үндэслэл муутай гэж үзэж байна. Иймд Цэцийн шийдвэрийн үндэслэл, чанар төсөв мөнгө, хүний нөөцийн хүртээмжтэй хамааралгүй, харин Цэц болон түүний ажлын албаны чадамжийн асуудал гэж бодож байна.
-Цэцээс гаргасан энэ шийдвэр шууд хэрэгжих үү, УИХ-аар хэлэлцэх үү?
-Цэцийн Дунд суудлын хуралдаанаас гарсан дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөхгүй бол Цэц дахин хянаж эцсийн шийдвэр тогтоол гаргана. Харин УИХ Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрвөл хүчин төгөлдөр болно.
-Тэгвэл Цэц уг дүгнэлттэй холбоотойгоор ямар тайлбар өгөх шаардлагатай гэж та үзэж байна вэ?
-Үндсэн хуулийн Цэцээс парламентын бүрэн эрхийн баталгааг хөндсөн шийдвэрийн үндэслэлд тэгш байдлын шаардлага, парламентын гишүүний халдашгүй байдлын зорилго, шийтгэлийн төрөл, төлөөлөх эрхэд учирч болох сөрөг үр дагаврыг хэрхэн харгалзан үзсэн талаараа тодорхой тайлбар гаргах хэрэгтэй.
-Та Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байна. Таныхаар Цэцийн шийдвэр, түүний ажлын албаны бүтээмжийг яаж сайжруулах вэ?
-Юуны өмнө Цэцийн тухай хууль болон Цэцийн процессын хуульд нэн яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Цэцийн гишүүнээр “Улс төр, хууль зүйн өндөр мэргэшилтэй” хүнийг Цэцийн гишүүнээр зургаан жилийн хугацаатай томилохоор заасан. Гэтэл “Улс төр, хууль зүйн өндөр мэргэшилтэй” гэдэгт яг юуг авч үзэх тухай тодорхой шалгуур байхгүй. Эрх зүйн зохицуулалт нь ийнхүү тодорхойгүй байдлаас үүдэн Цэцийн гишүүнээр хуульч ч биш, улстөрч ч биш янз бүрийн хүмүүс томилогдож байна. Жишээ нь “Улс төрийн өндөр мэргэшилтэй” гэдэгт ядахдаа Улсын Их Хурлын гишүүнээр томилдогдон ажиллаж байсан гэх шалгуур тавьж болно шүү дээ. “Хууль зүйн өндөр мэргэшилтэй” гэдэгт хуульчийн мэргэшлийн шалгалтад тэнцэж хуульчийн эрх авсан, хууль хэрэглээний практиктай прокурор зэрэг албан тушаал эрхэлж байсан зэрэг шалгуурыг тавьж болно шүү дээ. Тэгэхгүй бол муугаар хэлэхэд яамны албан хаагчид, хууль хэрэглээний туршлагагүй зөвхөн онол зааж байсан багш нар, хуульч нэртэй намын хуульч зэрэг янз бүрийн хүмүүс Цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж, эрх зүйн өргөн хүрээний бөгөөд нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь асар их Үндсэн хуулийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд мэргэжлийн ур чадвар, хуульчийн итгэл үнэмшил, туршлага дутагдана шүү дээ.
-Таныг гишүүдэд хуульчийн итгэл үнэмшил дутагдана гэж бодоход хүргэсэн ямар шалтгаан байна вэ?
-Ингэж бодох олон шалтгаан надад олон байна. Тэдгээрийн заримаас нь дурдъя. Цэц бол нийтийн эрх зүйн хүрээний шийдвэр гаргадаг шүүх байгууллага. Гэтэл албан тушаалтны хүсэлтийг нэн яаралтай горимоор хянан шийдвэрлэсэн зарим жишээ олон нийтийн ой санамжид бэлхэн байж байгаа. Жишээ нь, 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн Их суудлын Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн 08 дугаар дүгнэлт. Цэц өөрөө процессын хуулиа зөрчөөд зургаан хоногийн дотор дүгнэлт гаргасан байдаг. Гэтэл иргэнээс ирсэн өргөдөл, гомдлыг хэдэн жилээр ч дарж, шийдвэрлэхгүй байх тохиолдол байдгийг олон нийт мэднэ. Энэ тэгээд шударга ёс уу. Мөн Цэцээс гаргасан 330 гаруй шийдвэр болон иргэдээс гаргасан олон мянган өргөдөл, мэдээллийг судалж үзвэл энэ мэт олон баримт гарах байх.
Өдрийн сонин



