Аваргуудын лигийн тэмцээний IV тойргийн тоглолтод Италийн “Комо” багийн хөлбөмбөгчид Францын “Ланс” багийг талбайд нь 9:1-ээр бут ниргэлээ.
Италичуудаас Анастасиос Дувикас (7, 32, 57 дахь минут), Николас Пас (40), Лукаш да Кунья (47), Марк-Оливер Кемпф (54), Маттия Либерали (62), Мартин Батурина (69), Маттео Папаччоли (90+2) нар оруулсан бол Францын багийн цорын ганц гоолыг Рубен Агилар оруулсан байна.
Аваргуудын лигийн үндсэн шатны тэмцээнд анх удаагаа оролцож буй “Комо” баг 1992 оноос хойших тус тэмцээний орчин цагийн түүхэнд өрсөлдөгч багаа талбайд нь хамгийн олон гоолоор хожлоо. Өмнө нь 2010 оны 11 дүгээр сард Францын “Марсель” баг Словакийн “Жилина”-г, Украины “Шахтер” баг Беларуссийн БАТЭ багийг 2014 онд, Английн “Ливерпүүл” баг Словенийн “Марибор”-ыг 2017 онд тус тус 7:0-ээр хожиж байжээ.
Харин Аваргуудын лиг нь “Европын аваргуудын цом” гэдэг нэртэй байх үед буюу 1971 оны 9 дүгээр сард Нидерландын “Фейенорд” баг Грекийн "Олимпиакос" багийг 9:0 харьцаагаар хожиж байв. Тус тэмцээний түүхэнд хамгийн олон гоолын зөрүүтэй тоглолт бол 1973 оны 10 дугаар сард Бухарестийн “Динамо” баг талбайдаа Хойд Ирландын “Крусейдерс” багийг 11:0-ээр хожсон тоглолт юм.
Одоогийн байдлаар “Комо” баг 9 оноотойгоор тэмцээний хүснэгтийн 4 дүгээрт бичигдэж байгаа бол “Ланс” баг 3 оноо авч, 33 дугаарт жагсаж байна.
Аваргуудын лигийн үндсэн шатны тэмцээнд 36 клуб оролцож байна. Эхний шатанд бүх баг 8 тоглолт хийхээс 4-ийг нь талбайдаа, 4-ийг нь өрсөлдөгчийнхөө талбайд хийх юм. Ингээд авсан оноогоор нь бүх багийг жагсааж, эхний 8 баг шөвгийн 16-д шууд шалгарах бол 9-өөс 24 дүгээр байр эзэлсэн багууд нэмэлт тоглолтын дүнгээр 1/8-д шалгарна.
Өмнөх хоёр улирлын тэмцээнүүдэд Францын ПСЖ баг дараалан түрүүлсэн билээ.
ТАСС



