16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал энэ оны нэгдүгээр сард Баянгол, Хан-Уул, Сонгинохархан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгаж, хоёр хүний амь насыг хөнөөсөн Ц.Дагвадоржид бүх насаар хорих ял оноолоо билээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд уг хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх өнгөрсөн хоёр өдөр хэлэлцэж, өчигдөр шийдвэрээ гаргажээ.

Хяналтын шатны шүүхээс өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг өөрчилж, шүүгдэгч Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан заалтуудыг хүчингүй болгожээ. Мөн тэдэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
Шүүх хуралдааныг даргалагч, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ шийдвэрийг танилцуулахдаа шүүгдэгч Ц.Дагвадоржийг онц харгис хэрцгий аргаар, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг мэдсээр байж хоёр хүний амь насыг хөнөөсөн, мөн 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон, бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, бодит байдлыг нуух замаар залилсан гэмт хэрэг үйлдсэн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэнийг мэдэгдэв.
Харин Ц.Дагвадоржийн үйлдсэн залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэх хүндрүүлэх шинжээр зүйлчилснийг өөрчилж, энгийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэжээ. Улмаар түүнд бүх насаар нь хорих ял оногдуулсан байна.
Мөн шүүгдэгч Э.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн цагаатгасан өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй хэмээн дүгнэж, хэвээр үлдээжээ.
Харин Э.Номин-Эрдэнэд холбогдох хэргийн тухайд өмнөх шатны шүүхүүдийн гаргасан дүгнэлт хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж Улсын дээд шүүх үзсэн байна.
Тодруулбал, прокуророос Э.Номин-Эрдэнийг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч өмнөх хоёр шатны шүүх түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан юм.
Гэвч түүний үйлдэл, эс үйлдэхүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шүүхүүд дүгнээгүй орхигдуулсан нь хууль хэрэглээний алдаа болсон гэж хяналтын шатны шүүх үзжээ.
Улсын дээд шүүх энэ асуудлаар нөхөн дүгнэлт хийх боломжгүй тул Э.Номин-Эрдэнэд холбогдох өмнөх шатны шүүхийн шийдвэрийн заалтуудыг хүчингүй болгосон байна.
Түүнчлэн Х.Энхсайханд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлэх, хуулийг тайлбарлан хэрэглэхдээ алдаа гаргасан гэж дүгнэжээ.
Прокуророос Х.Энхсайханыг 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэн байхад өмнөх шатны шүүхүүд хэргийн үйл баримтыг буруу тогтоож, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзсэн байна. Иймд түүнд холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох заалтуудыг мөн хүчингүй болгожээ.
Ингэснээр 16 настай охины амь насыг онц хэрцгийгээр хохироосон хэрэгт Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оногдуулсан шийдвэр гарч, Э.Ган-Эрдэнийг цагаатгасан шийдвэр хэвээр үлдлээ. Харин Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийн холбогдох заалтууд хүчингүй болж, тэдэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгосон нь тэднийг гэм буруутайд тооцсон гэсэн үг биш бөгөөд холбогдох асуудлыг хуульд заасан журмын дагуу дахин шийдвэрлэх үндэслэл болж байна.



