УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.10.29/ хуралдаанаар Засгийн газраас 2026 оны долоодугаар сарын 2-нд өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хуулийн төслийн үзэл баримтлалын талаар танилцууллаа.
Т.Аубакир:
-"Өнөөдрийн байдлаар нийгмийн халамжийн чиглэлийн 6 хуулийн хүрээнд эх, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өрх толгойлсон эх, эцэг болон нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд Нийгмийн халамжийн сангаас 12 төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Нийгмийн халамжийн сангаас 2025 онд нийт 2.4 их наяд төгрөг зарцуулсан байна. Нийгмийн халамжид зарцуулсан хөрөнгийн ДНБ-д эзлэх хувь 2025 онд 2.7 байна. Монгол Улсын хувьд нийгмийн халамжийн зардал эдийн засгийн хувьд ойролцоо улсуудтай харьцуулахад өндөр байна.
Одоогийн байдлаар, бэлэн мөнгөний хөтөлбөрүүд халамжийн сангийн нийт зардлын 90 гаруй хувийг эзэлж байна. Улс орнуудын нийгмийн халамжийн тогтолцоонд бэлэн мөнгө олгохоос гадна чадавхжуулах, хөгжүүлэх, дэмжин туслах үйлчилгээ давамгайлдаг. Харин манай улсад хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж байгаа үйлчилгээнд халамжийн зардлын 1 хүрэхгүй хувийг зарцуулж байна. Хуулийн төсөлд хувийн хэвшил, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх шинэ төрлийн үйлчилгээг тусгасан.
Хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн халамжийн өнөөгийн тогтолцооны хамрах хүрээ нь оновчтой, зорилтот бүлэгт чиглэсэн, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байж, үйлчилгээ нь иргэдийн идэвх сонголтод тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдсан, уян хатан, чанартай, хүртээмжтэй болно. Нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулж байгаа нийт зардлыг огцом бууруулахгүйгээр, одоогийн халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийх зарчим баримтлах тул хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ачаалал үүсгэхгүй, халамжийн зардлын үр ашиг сайжирна" гэв.



