“Марвел” студид бүтээсэн "Өшөө авагчид" киноны гол дүр болох Тони Старкийн “Acura NSX Roadster” автомашиныг дуудлага худалдаанд оруулжээ. Ингэснээр тус киноны шүтэн бишрэгчид супер баатруудын түүхтэй холбоотой ховор эд зүйлийг эзэмших боломжтой болж байна.
2012 онд дэлгэцнээ гарсан "Өшөө авагчид" кинонд зориулан тусгайлан бүтээсэн уг автомашиныг “Cars & Bids” цахим дуудлага худалдааны платформоор үнэ хаялцуулна. “Acura” компаниас мэдээлснээр, дуудлага худалдаа аравдугаар сарын 31-ний өдөр Номхон далайн цагаар 14:00 цагт дуусна.
Лос-Анжелес дахь “Acura” компанийн загвар зохион бүтээх студид бүтээсэн уг автомашиныг 1991 онд гаргасан анхны “NSX” загварт суурилан бүтээжээ. Харин их биеийг нь хоёр дахь үеийн “NSX Concept” загвараас санаа авч, гар аргаар хийсэн бөгөөд кинонд гардаг “STARK 33” дугаарыг үлдээсэн байна.
Дээд тал нь нээгддэг, улаан өнгийн уг автомашиныг аравдугаар сарын 31-нд Лас-Вегаст болох “Concours” автомашины үзэсгэлэнд үзүүлэх бөгөөд сонирхогчид дуудлага худалдаа дуусахаас өмнө үзэх боломжтой ажээ.
Дуудлага худалдаанаас олсон орлогыг худалдагч, худалдан авагч хоёрын харилцан тохиролцож сонгосон буяны байгууллагад хандивлана. Мөн “Acura” компани бие даасан уран бүтээлчид болон залуу авьяастнуудыг дэмжих зорилгоор “Sundance Institute” байгууллагад хандив өргөхөө мэдэгдсэн байна.
Kazinform
Уг автомашин нь киноны зураг авалтад ашигласан эд хэрэглэл болон үйлдвэрлэгчийн туршилтын загвар учраас улсын бүртгэлд бүртгүүлэх, нийтийн эзэмшлийн замд жолоодох боломжгүй гэж дуудлага худалдааны мэдээлэлд дурджээ.



