ССАЖЗЯ /Соёл, спорт, аялал жуулчлал, "зугаа цэнгэлийн" яам/, Монголын аялал жуулчлалын холбоо, нийслэлийн АЖГ хамтран аялал жуулчлалын “ITM Монгол 2026” олон улсын үзэсгэлэнг Мишээл экспо төвд нээлээ.
Энэ жилийн үзэсгэлэнд 500 гаруй байгууллага оролцож, гурван өдрийн турш 300 гаруй B2B бизнес уулзалт, 150 гаруй гэрээ, хэлцэл хийхээс гадна 20 мянга гаруй зочин, үзэгчийг хүлээн авч, аялал жуулчлалын бизнес, санхүү, даатгал, технологи, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ боломжийг танилцуулна.
Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад гадаадын улс орны төлөөлөл, олон улсын байгууллагын оролцоо өргөжиж, олон улсын хамтын ажиллагаа, бизнесийн түншлэл хөгжүүлэх боломж нэмэгдэж байгаагаараа онцлог болохыг Аялал жуулчлалын холбоо мэдээллээ.

Тухайлбал, ОХУ, БНСУ, БНЭУ, Япон, Малайз, БНХАУ, АНЭУ -ын төлөөлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр оролцож байгаа юм. ОХУ-ын Буриад Улс, Эрхүү хотын байгууллагууд Байгаль нуурын бүс нутгийн аялал, байгаль, соёлд түшиглэсэн бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа бол бусад улсын төлөөлөл аяллын үйлчилгээ, эрүүл мэнд, тансаг зэрэглэлийн аялал, бүс нутгийн хамтын ажиллагааны боломжийг сурталчилж байна. Мөн БНХАУ-ын Өвөр Монголын хэвлэл мэдээлэл, бизнес, аялал жуулчлалын компаниуд оролцож, бүс нутгийн аялал жуулчлал, бизнесийн түншлэл, мэдээлэл сурталчилгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг ч сонирхуулж байна.
Түүнчлэн үзэсгэлэнгийн түншээр Дундговь аймаг оролцож, 2027 оныг “Дундговьд зочлох жил” болгон зарлаж буйгаа энэ үеэр тодотголоо. Говийн гайхамшигт байгаль, нүүдэлчин соёл, уламжлал, түүхэн дурсгалт газруудаараа онцлог тус аймаг аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ чиглэл, аяллын боломжуудаа сонирхсон олонд танилцуулж байлаа. “Дундговьд зочлох жил”-ийн хүрээнд говийн байгаль, соёлын өвд түшиглэсэн аяллыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэх, орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчдийн оролцоог өргөжүүлэхийг зорьж байгаа ажээ.

Салбарын хөгжил, инновац, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, борлуулалт нэмэх, хөрөнгө оруулалт татах, хүний нөөцийг хэлэлцэх, олон улсын сайн туршлага, шийдлийг хуваалцдаг тус үзэсгэлэнг 27 дахь жилдээ зохион байгуулж байна.




