Испанийн нийслэл Мадрид хотыг тус улсын өмнөд нутгийн Андалус мужтай холбодог төмөр замд өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алдсан тухай уг чиглэлийн төмөр замын оператор компани болох “Adif” өнөөдөр мэдээлжээ.
Есөн сарын өмнө яг энэ чиглэлийн замд өндөр хурдны галт тэрэгнүүд мөргөлдөж, 46 хүн амиа алдаж байсан юм. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард Кордова мужийн Адамус хотын ойролцоо галт тэрэг замаасаа гарч, эсрэг чиглэлд ирж явсан галт тэрэгтэй мөргөлдсөн ослын дараа төмөр замын засвар үйлчилгээ, арчлалтад сүүлийн жилүүдэд хангалттай хөрөнгө оруулсан эсэх талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнөхөд хүргэсэн билээ.
“Мадрид-Андалусын чиглэлийн өндөр хурдны төмөр замд хоёр галт тэрэг араасаа мөргөлдсөний улмаас хөдөлгөөнийг түр зогсоогоод байна” гэж “Adif” компани лхагва гарагт X нийгмийн сүлжээнд мэдээлжээ.
Кастилья-Ла-Манча мужийн захиргааны төлөөлөгчийн мэдээлснээр, орон нутгийн цагаар өглөөний 09:00 цаг өнгөрч байхад “Renfe” болон “Iryo” компанийн галт тэрэгнүүд мөргөлдөж, “Iryo”-гийн галт тэрэгний хоёр вагон замаасаа гарсан байна. Ослын шалтгаан болон гэмтэж бэртсэн хүмүүсийн тоог тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
Мужийн захиргааны эх сурвалжийн мэдээлснээр, ослын улмаас доод тал нь 10 хүн амиа алджээ.
Испанийн Засгийн газрын цахим хуудсанд мэдээлснээр, осол болсонтой холбогдуулан Ерөнхий сайд Педро Санчес өнөөдөр товлосон бүх уулзалтаа цуцалсан байна. Сөрөг хүчний Ардын нам мөн сонгуулийн сурталчилгааны бүх үйл ажиллагаагаа цуцалсныг тус намын төлөөлөгч мэдэгджээ.
Reuters



