Жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдрийг “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.
Олон улсад 2006 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн бол Монголд 2009 оноос хойш энэ өвчнийг таниулах ажлыг хийж байгаа юм. Дэлхий даяар жилд 12-13 сая хүн тархины харвалтаар өвчилдөг. Үүнээс 5.0 сая орчим нь нас бардаг бол 4.5 сая гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй болж, үлдсэн нь эрүүл амьдралдаа буцаж ордог гэсэн тоон үзүүлэлт байдаг аж.
Харин Монголд 100 мянган хүнээс дунджаар 200 нь харвалтаар өвчилдөг аж. Харвалтаар шаналж буй монгол иргэдийн дундаж 59 нас байдаг нь бусад улстай харьцуулахад 10 насаар залуу байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Мөн дэлхийд эмэгтэйчүүд илүү өвчилдөг бол Монголд эсрэгээрээ юм байна. Харвалтын улмаас нас барж байгаа иргэдийн дийлэнх хувийг эрчүүд эзэлж буй талаар өнөөдөр Тархины харвалтын нийгэмлэгээс онцлов.
Тархины харвалтын өдрийн тухай хэвлэлийн хурлын үеэр Анагаах ухааны хүрээлэнгийн Мэдрэлийн эмгэг судлалын секторын эрхлэгч Б.Чимэглхам “Энэ жилийн харвалттай тэмцэх өдрийг “Every M1nute Counts” буюу “Минут бүр үнэ цэнтэй” уриан дор өрнүүлнэ. Мөн энэ жил Монгол Улс анх удаа үндэсний хэмжээнд тархины харвалтын судалгааг хийж байгаа. Урьдчилсан дүгнэлтээр Архангай, Хөвсгөл аймагт тархины харвалт улсын дунджаас их байгааг тогтоосон. Энэ судалгааг бүтэн жил үргэлжлүүлсний эцэст илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой” хэмээн ярилаа.
Тархины харвалтын нийт тохиолдлын 80-90 хувьд урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзсэн байдаг. Улаанбаатар хотын хүн амын дунд 2019-2021 онд хийсэн судалгаагаар хүйтний улиралд тархины харвалт нэмэгддэг болохыг тогтоожээ. Агаарын бохирдол нь тархины харвалт үүсэх гол хүчин зүйл гэдгийг олон улсад хийсэн судалгаагаар батлагдсан асуудал аж. Тиймээс хүйтний улиралд артерийн даралтаа өглөө, оройдоо хэмжиж хэвших, амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах зэрэг энгийн байдлаар урьдчилан сэргийлэхийг мэргэжилтнүүд зөвлөлөө.



