Бүгд Найрамдах Хаити Улсад үүрэг гүйцэтгэж буй “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин”-ий бүрэлдэхүүн дэх Чад Улсын цэргийн багийн дэмжлэгээр гурван хүүхэд АНУ-д амьдарч буй ээжтэйгээ есөн жилийн дараа эргэн уулзжээ.
Хүүхдүүдийн эцгийг нь баривчилж, асран хамгаалах хүнгүй болсон тул хүүхдүүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас Чадын цэргийн багийн хамгаалалтад шилжүүлсэн аж. Тус цэргийн баг хүүхдүүдийг Порт-о-Принс хот дахь “Вертиерес” баазад зургаан сар гаруйн хугацаанд асран хамгаалж, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлжээ.
Улмаар “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин”-ий удирдлага, АНУ-ын Элчин сайдын яам, Хаити Улсын Засгийн газар болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд хүүхдүүд АНУ-д зорчих визээ шуурхай авч, ээжтэйгээ уулзах боломжтой болсон байна. Чадын цэргийн багийн захирагч хурандаа Махамат Чахата Али энэхүү хүмүүнлэгийн ажиллагааг дэмжсэн холбогдох байгууллага, албан тушаалтнуудад талархал илэрхийлжээ.
Энэхүү үйл явдал нь “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ тусламж шаардлагатай энгийн иргэдэд хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлж, эх үрсийг есөн жилийн дараа эргэн уулзуулахад үнэтэй хувь нэмэр орууллаа.
Монцамэ



