Монгол Улсаас Италид суугаа Элчин сайд, хатагтай Дансрангийн Булган хоёр талын харилцаа, тус улсын "Гуравдагч хөрш"-ийн бодлого, Украинд дэгдсэн дайны нөлөөлөл, худалдаа, технологи, тогтвортой хөдөө аж ахуй, соёлын салбар дахь Монгол-Италийн хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар ярилаа.
Оршил
Дипломат харилцаа тогтоосноос хойш 56 жилийн дараа Монгол, Итали улсууд түншлэлийнхээ шинэ үе шатанд шилжин орж байна. 2025 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Италид хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэж, улс төрийн яриа хэлэлцээ, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцооны шинэ боломжийг нээж өгч буй түүхэн үйл явдал болсон юм.
Тусгаар тогтнол, олон талт байдал, "Гуравдагч хөрш"-ийн бодлогоор дамжуулан олон улсын түншлэлийг төрөлжүүлэх чиглэлд гадаад бодлогоо хэрэгжүүлдэг Монгол Улсын хувьд Итали бол Европ дахь чухал түнш юм. Геополитикийн гүнзгий өөрчлөлтүүд явагдаж буй энэ үед Улаанбаатар, Ром хоорондын харилцаа нь эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, технологийн инновацийг дэмжих, тогтвортой хөдөө аж ахуй, цэвэр эрчим хүчнээс эхлээд боловсрол, шинжлэх ухааны судалгаа хүртэлх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгож байна.
Итали улсад суугаа Монгол Улсын Элчин сайд энэхүү ярилцлагадаа хоёр талын харилцааны хөгжил, Украины дайны үр дагавар, Европтой хийж буй Монголын худалдаанд тулгарч буй бэрхшээлүүд, хоёр улсын хоорондын гүнзгий түншлэлийн хэтийн төлөвийг хөндлөө.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали улсад суугаа Элчин сайд, хатагтай Дансрангийн Булгантай ярилцллаа.
-Та Монгол-Италийн харилцааны өнөөгийн байдлыг хэрхэн үнэлэн дүгнэж байна вэ?
-Монгол Улс ба Бүгд Найрамдах Итали улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 56 жил өнгөрчээ. Орчин цагийн энэхүү түншлэл хагас зуу гаруй жил үргэлжилж байгаа бол хоёр ард түмний түүхэн харилцаа маш эртнээс улбаатай. 1245 онд тухайн үеийн Ромын Папын захидлыг Монголын Их Хаан Гүюгт хүргэсэн Италийн Францисканчуудын номлогч Жованни да Пиан дель Карпини зүүн зүгт аялсан анхны барууны элч байв. 1272 онд Венецийн эргээс ирээд Хубилай хааны дэргэд 17 жил алба хашсан Марко Полог дурдаж болно.
1990 онд Монголд өрнөсөн ардчилсан хувьсгал нь ардчилал, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлсийг бий болгосноор Монгол, Италийн харилцаанд шинэ хуудас нээгдсэн юм. Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн салбарт ихээхэн өргөжлөө.
Азийн зүрхэнд орших ардчиллын баян бүрд гэгддэг Монгол Улс энх тайвныг эрхэмлэдэг, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд тус улс бүс нутаг болон дэлхийн хэмжээнд, ялангуяа “гуравдагч хөрш”-ийн бодлогоороо түншлэлээ идэвхтэй бэхжүүлж байна. Итали бол энэ тал дээр чухал түнш юм. Мөн Монгол Улсын үнэ цэнэтэй “гуравдагч хөрш”-ийн нэг болохыг онцлон тэмдэглэхэд таатай байна. Хоёр улсыг хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, зах зээлийн эдийн засаг зэрэг ардчиллын үндсэн үнэт зүйлс нэгтгэдэг.
Хоёр талын харилцаанд тохиосон түүхэн үйл явдал бол Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны 12 дугаар сарын 1-нээс 3-ны хооронд Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сержио Маттареллагийн урилгаар тус улсад хийсэн төрийн айлчлал байв. Дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойтой давхацсан энэхүү чухал айлчлал нь Монгол, Италийн харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэснээр түүхэн алхам болсон юм. Айлчлалын үеэр улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх бат бөх үндэс суурийг тавьсан бөгөөд 10 гаруй гэрээнд гарын үсэг зурсан билээ. Энэхүү стратегийн түншлэл нь манай хоёр талын харилцааг ирээдүйд хөгжүүлэх хэтийн төлөвийг нээн өгч байна.
Монгол Улс Ром хотод Элчин сайдын яамаа нээснээс хойш яг 15 жил өнгөрч байна. Бид Италийн албаны хүмүүсийн халуун дотно зочломтгой харьцааг өндрөөр үнэлж байгаа бөгөөд энэ нь зорилгоо бүрэн хэрэгжүүлэхэд бидэнд чухал дэмжлэг болж байна.
-Украинд болж буй дайн Монгол-Италийн хоорондын яриа хэлэлцээнд хэр гүнзгий нөлөөлж байна вэ?
-Хүний амь эрсдэж байгаад Монгол Улс гүнээ харамсаж байна. Холбогдох талууд байлдааны ажиллагааг зогсоох, хурцадмал байдлыг яриа хэлэлцээ, дипломат арга замаар намжаахын төлөө ажиллах нь чухал гэж бид үздэг. Эл нөхцөл байдал нь Итали улстай хийсэн хоёр талын яриа хэлэлцээнд сөргөөр нөлөөлөөгүй. Бидний хамтын ажиллагаа тогтвортой хэвээр байгаа бөгөөд улс төр, эдийн засгийн солилцоо үргэлжилж, харилцан сонирхсон чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх бидний нийтлэг зорилт маань хэвээр байна. Энэхүү тасралтгүй байдлын тод гэрчлэл бол Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн2025 оны 12 дугаар сард Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлал байв. Дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойтой давхацсан энэхүү түүхэн айлчлал нь хоёр талын харилцаанд томоохон үйл явдал болж, бидний харилцаа Стратегийн түншлэлд хүрсэн билээ.
Монгол Улс энх тайванч, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулдаг. Энэхүү хандлагыг баримтлан бид олон улсын хэлэлцээрүүдийг даган мөрдөж, дэлхий дахинд тогтвортой бөгөөд аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бүтээлч оролцоо, дипломат яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийн төлөө тууштай зогсож байна.
-Саяхан Элчин сайдаар ажиллаж эхэлсэн таны хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол-Италийн харилцааг бэхжүүлэх гол зорилго болон тэргүүлэх чиглэлүүд юу вэ?
-Монгол, Италийн стратегийн түншлэлийг бэхжүүлэхийн тулд манай хоёр улс бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхийг зорьж байна. Итали бол тэргүүний технологитой, мэдлэгт суурилсан тэргүүлэгч эдийн засагтай орнуудын нэг юм. Бид экспортыг нэмэгдүүлэх, шинэ зах зээл нээх, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломжийг ашиглахад анхаарлаа хандуулах болно.
Монголын байгалийн баялаг, хөдөө аж ахуйн хөгжилд суурилсан хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээс гадна манай улс хиймэл оюун ухаан, биотехнологи, цэвэр эрчим хүч, мэдээлэл, харилцаа холбооны технологи, эрүүл мэнд зэрэг шинэ салбарт хамтран ажиллах сонирхолтой байна. Мөн бид соёл, боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, идэвхжүүлэхийн төлөө ажиллах болно.
Бид байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон тойрог эдийн засгийг дэмжихэд чиглэсэн бүх санаачилгыг дэмжих болно.
-Монгол, Италийн аль аль нь эртний соёл, уламжлалтай, эдгээр нийтлэг тал нь хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд хэрхэн нөлөөлөх бэ?
-Монголчууд ба италичууд бол баялаг түүхтэй, агуу соёл иргэншил бүхий цөөхөн тооны үндэстнүүд билээ. Ромын эзэнт гүрэн болон Их Монголын эзэнт гүрний түүх бол хүн төрөлхтний түүхийн салшгүй хэсэг. Бид энэ түүх, өв уламжлалаараа үргэлж бахархах ёстой. Энэхүү нийтлэг өв нь хоёр ард түмний бахархлын эх үүсвэр бөгөөд өнөөдөр ч бидний хамтын ажиллагаанд урам зориг өгсөөр байна.
Их гүрнүүд асуудлыг энх тайвны аргаар, яриа хэлэлцээгээр шийдвэрлэх нь улам бүр чухал ач холбогдолтой болж байна. Тиймээс энэхүү нийтлэг уламжлалыг хадгалж, ашиглах нь мөргөлдөөнийг шийдвэрлэх, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий дахинд бий болсон сорилтуудыг шийдвэрлэхэд үнэ цэнтэй удирдамж чиглэл болно хэмээн би үзэж байна.

-Европын орнуудтай харилцахад Монгол Улс, Монголын эдийн засагт юу саад болж байна вэ?
-Монголын хувьд Европын Холбоо бол гол худалдааны түншүүдийн нэг хэвээр байгаа боловч худалдааны харилцаа нь бүтцийн хувьд илт тэнцвэргүй хэвээр байна. Монголын Гаалийн байгууллагын 2025 оны мэдээллээр, Монгол-ЕХ-ны нийт худалдаа ойролцоогоор 1.016 тэрбум ам.долларт хүрсэн нь Монголын нийт гадаад худалдааны эргэлтийн 3.8 хувийг эзэлж байна. Европын Холбооноос экспортолж буй бараа бүтээгдэхүүн давамгайлж байгаа бол Монголын экспорт бага хэвээр байгаа нь Европын зах зээл дэх Монголын экспортын бүтэц одоо ч хязгаарлагдмал, хөгжөөгүй, төрөлжилт дутмаг байгааг нотолж байна.
Монголоос Европын Холбоонд экспортолдог гол бүтээгдэхүүнүүд нь голчлон ноолуур болон бусад амьтны гаралтай түүхий эдээс бүрддэг. Эсрэгээр Европын Холбооноос Монгол руу экспортолж буй бараа бүтээгдэхүүн нь машин механизм, барилгын материал, эм, хүнсний бүтээгдэхүүн гээд илүү олон төрөлжсөн байдаг.
Ерөнхийдөө Европын Холбоо-Монголын харилцаа уламжлалт хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнээс хамаагүй илүү хөгжсөн. Эдгээр нь одоо нийтлэг үнэт зүйлс болон стратегийн харилцан нөхөлт дээр суурилсан өргөн хүрээтэй улс төр, эдийн засгийн түншлэл юм. Европын Холбоотой тогтоосон харилцаанаасаа бүрэн хэмжээний үр өгөөж хүртэхийн тулд Монгол Улс экспортын чадавхаа бэхжүүлж, олон улсын стандартын шаардлагыг хангаж, нэмүү өртгийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх шаардлагатай байна.
Европын Холбоо бол Монголын Гуравдагч хөрш, стратегийн түнш бөгөөд тус холбооны улс төрийн дэмжлэг, зах зээлд нэвтрэх боломж, хөрөнгө оруулалтын боломж, зохицуулалтын туршлага нь Монголын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд тус дөхөм болж чадна.
Монголын гуравдагч хөрш болох Европын Холбоо нь Монголын экспортлогчдод Европын зах зээлд нэвтрэхэд нь туслах зорилго бүхий ITDM, TRAM зэрэг хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд Монголын компаниудад Европын Холбооны гаалийн хөнгөлөлтөөс ашиг хүртэх боломжийг олгодог REX систем багтаж байна.
-Европ болон Италитай тогтоосон Монголын улс төр, эдийн засгийн харилцаанд ахиц гаргах боломж бий юү?
-Европын Холбоо болон түүний удирдагчид Монгол Улсыг ардчилал, хууль дээдлэх ёс, хүний эрх, олон талт байдал, олон улсын хамтын ажиллагаанд тууштай ханддаг ижил төстэй үзэл бодол бүхий түнш гэж үздэг. Европын Холбоо нь Монголын "Гуравдагч хөрш"-ийн бодлогыг дэмжиж, Монголын олон талт байдалд тууштай үнэнч байгаа зүтгэлийг үнэлдэг.
ЕХ нь Монгол Улсыг бүс нутаг дахь чухал түнш гэж үздэг бөгөөд газар дээр нь бодит хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж ирлээ. Үүнд улс төрийн яриа хэлэлцээ, хөгжлийн хамтын ажиллагаа, худалдааг хөнгөвчлөх, засаглал, тогтвортой хөгжил, олон улсын тавцан дахь Монголын өргөн оролцоо зэргийг нэрлэж болно.
Монгол Улс болон Европын Холбоо хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг анх 1993 оны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрээр зохицуулж байсан бөгөөд үүний дагуу хоёр тал бие биедээ хамгийн тааламжтай нөхцөлийг бүрдүүлж, худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхээр тохиролцсон юм. Энэхүү тохиролцоо хожим нь 2017 оны 11 дүгээр сарын 1-нд хүчин төгөлдөр болсон Европын Холбоо-Монголын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрээр (PCA) солигдсоноор мэдэгдэхүйц өргөжсөн. Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр нь одоо Монгол Улс ба Европын Холбоо, түүний гишүүн орнуудын хооронд илүү өргөн хүрээтэй, гүнзгий, илүү үр дүнтэй харилцаа холбоо тогтоох хууль эрх зүй, улс төрийн үндэс суурийг тавьж байна.
Европын Холбооны үүсгэн байгуулагч гишүүн орны хувьд Итали улс бол Монголын үнэ цэнтэй түнш мөн. Европын Холбооны хүрээнд Итали улс Монголын санаачилгыг тууштай дэмжиж байгаад бид талархаж байна.
-Ирээдүйд Монгол, Италийн хооронд эрчим хүч, дэд бүтэц, технологи, боловсрол, соёл зэрэг салбарт хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг хөгжүүлэхэд аль салбар хамгийн их тохиромжтой гэж та үзэж байна вэ?
-Итали бол Европын Холбоон дахь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээр тэргүүлэгч улсуудын нэг бөгөөд нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуй, хөрсний эрүүл байдал, агроэкологи, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр өргөн хүрээтэй судалгаа, технологийн туршлагатай. Монголын хувьд нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуйн чиглэлээрх Италийн туршлагыг тус улсын уламжлалт нүүдлийн мал аж ахуйн тогтолцоонд нийцүүлэх ихээхэн боломжтой юм. Бэлчээрийн доройтлыг хиймэл дагуулын зураг, нисгэгчгүй онгоц, цаг агаар, уур амьсгалын мэдээлэл, мал сүргийн талаарх мэдээллийг ашиглан цахим хяналт хийх, малчдын мэдлэгийг орчин үеийн технологитой хоршуулах нь маш их үнэ цэнтэй байж болох юм.
Мөн энэ салбарын хамтын ажиллагааг боловсрол, судалгаатай холбох нь чухал. Бэлчээрийн нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой мал аж ахуй, хөдөө аж ахуйн технологи, хиймэл дагуулын мэдээллийг ашиглах зэрэг чиглэлээр Италийн их дээд сургууль, судалгааны байгууллагуудтай хамтарсан судалгааны төсөл, сургалтын хөтөлбөр, оюутан солилцооны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх боломж бий. Ийм хамтын ажиллагаа нь Монголын тогтвортой хөдөө аж ахуй, мал аж ахуйн менежментийн салбар дахь шинжлэх ухаан, технологийн чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмэр болж чадна.
montsame.mn



