Ерөнхий сайд Н.Учрал намын эв нэгдлийг хамгаалах тал дээр сайн ажиллаж байгаа аж. Нам бол бүүр орой дээрх ганц нэг хүнээс бусад нь эв гавдаа орж харилцан ойлголцсон байна. Үүн дээр сайдын дэргэдэх зөвлөл ч ихээхэн хүчин чармайлт гаргажээ.
Уг зөвлөлд намын дарга болон ерөнхий сайд байсан хүмүүс голлон багтдаг. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ч залуу Ерөнхий сайдын ажлыг дэмжиж “элдэв хэрүүл шуугианд би оролцохгүй” гэсэн сурагтай. Дээрх зөвлөл фракцаараа дамжуулан зөрчилтэй хүмүүсээ эвлэрэхийг ятгах, хоорондох зөрчлийг шийдвэрлэх гэх мэтчилэн ажилладаг байна. Ингээд бараг МАН эв гавдаа орсон гэнэ.
Харин энэ цаг дор Ерөнхий сайд асан Г.Занданшатар УИХ-ын гишүүн УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалантай муудалцаад байгаа. Ерөнхий сайд асан Г.Занданшатарын өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ: "Г.Занданшатарын нэр хүндэд халдаж, түүнийг авлига, албан тушаалын хэрэг болон хар тамхины сүлжээтэй холбон мэдээлсэн УИХ-ын нэр бүхий таван гишүүний асуудлаар АТГ болон хууль хяналтын байгууллагад хандах"-аа мэдэгдэв.
Тодруулбал, тэрбээр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Шадар сайд асан С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Э.Болормаа, П.Сайнзориг, Х.Булгантуяа нарыг АТГ-т шалгуулна гэдэг мэдээлэл хэд хоногийн өмнө тарсан. Хүмүүс Г.Занданшатарыг “гариг андуураад” байна. АТГ нэр төр сэргээх ажил хийдэггүй гэцгээж байгаа. Гэхдээ шууд цагдаад өгөхөөр авах авахгүй ч бий. Гарч ирээд авчихдаг хүнтэй болохоороо л АТГ-т өгсөн. Тэрийг нь прокурор шүүх рүү явуулах байх гэж таамагласан. Бас ингэх “нүхтэй” болоод л тэгж жүжиж байгаа хэрэг гэцгээж байна.
Тэгвэл Г.Занданшатар Д.Амарбаясгалантай яагаад муудав. Дээр бичсэн ерөнхий сайдын дэргэдэх зөвлөл дээр Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарыг уулзуулжээ. Г.Занданшатар “ерөнхийлөгчид нэр дэвшихийг дэмжээч” гэсэн агуулгатай хүсэлт тавьж. Д.Амарбаясгалан харин “дэмжихгүй” гэдгээ шулуухан хэлсэн гэнэ. Түүнд намын дарга болчихоод байхад нь олонхоороо түрий барьж намын даргаас нь мулталсан үйл явдал мартагдаагүй бололтой. Яг энэ хоёрын тэр өрсөлдөөнөөс болж нам нь хоёр хуваагдахаа дөхсөн юм.
Д.Амарбаясгалан дэмий ч “Манай хүн орон гаран шүү дээ” гэж үг алдаагүй бололтой. ”Саяхан л намайг намын даргаас мулталж, намайг дэмжсэн хүмүүсийг эх орноосоо урвасан гэж явснаа марчихаа юу” гэсэн утгаар тэгж хэлэв бололтой. Ер нь бол МАН-ын нэр дэвших гол хүн Г.Занданшатар бөгөөд Б.Жавхлан хоёр дахь сонголт байсан юм байна. Бас Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар бол далд байгаа сонголтууд гэнэ. Гэвч Б.Жавхланг гэрэл цохиулчихсан учир бусдаас нь сонголт хийх бололтой.
Г.Занданшатар бол одоо бараг горьдоод хэрэггүй л болох шиг. Яагаад гэвэл Д.Амарбаясгалан бол намдаа нэр нөлөө ихтэй, хүрээлэл томтой гишүүн юм. Тийм гишүүн ингэж эрсхэн “үгүй” гэж байхад зөрөөд нэр дэвшвэл юмны гарз болоод дуусах байлгүй.
Д.НАЦАГ /Өдрийн сонин/



