Хээрийн томоохон түймэрт өртсөн Монголын газар нутгийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олон улсын хөгжлийн тусламжийн байгууллагынхаа ой хамгааллын мэргэжилтнүүдийг илгээнэ гэж Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги мягмар гаригт мэдэгджээ.
“Түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, түймрийн хор уршгийг арилгах, байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр хүний нөөцийг бэлтгэх зэрэг хамтын ажиллагааны цогц арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллана” гэж Т.Мотэги хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын /ЖАЙКА/ мэргэжилтнүүд түймрийн улмаас учирсан хохирлын талаар тайлан гаргах төлөвтэй байна. Японы харилцаа холбооны компанийн охин компани тухайн бүсэд үйл ажиллагаа явуулж байх үеэр түймэр гарчээ.
Японы харилцаа холбооны томоохон компани болох “KDDI” өнгөрсөн баасан гаригт мэдээлэхдээ, аравдугаар сарын 8-нд Монголын зүүн нутгийн Нөмрөгийн дархан цаазат газарт тус компанийн охин компани болох “Мобиком”-ын ажилтнууд сууж явсан автомашины доод хэсгээс утаа гарч, улмаар гал эргэн тойрны өвсөнд тархсан гэж мэдэгдсэн байна.
Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснээр, түймэр 530 мянган га талбайг хамарсан бөгөөд Монгол, Хятадын хилийн ойролцоох дархан цаазат газрын 80 орчим хувь нь өртсөн байна.
Kyodo



