Ардчилсан намыг МАН-ын “улс төрийн төсөл” болгон удирдахад ах нарт “элсний 13” гэх үр дүн нь амьдрал дээр нэгэнт батлагдсан загвар бэлхнээ байв. Харин утасных нь үзүүрт хөдөлдөг амьд “хүүхэлдэй” нар хэрэгтэй байх үед “арын өрөө” хэсэж явдаг нөхөд аяндаа тодроод гараад ирэв.
Ардчилсан намын бүлэг 2012-2016 оны парламентад Засгийн газрын гишүүдийн арын өрөөнөөс амин хувьдаа ажил бүтээдэг хоёр гишүүнтэй байсан нь “бидон” Д.Ганбат, Гарьдхүүгийн Баярсайхан нар. Арван жилийн дараа буюу 2026 онд энэ тоо арифметик прогрессоор дөрөв болж нэмэгдсэн нь нэдүгээрт, аанай бидон Ганбаа, араас нь жагсаалтыг үргэлжлүүлбэл Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар, Ц.Баатархүү нарын нэрс бичигдэнэ. Тэд МАН-ын Засгийн газрын гишүүдийн арын өрөөнөөс ажилладаг нь хүний, өөрийн намынханд өдгөө ил болсон зүйл.
Ардчилсан намын бүлгийн даргыг сая эрх барьж буй нам сонгож өглөө. Чухам яаж?! Энд л өнөөх дөрвөл үүргээ гүйцэтгэв. Бас л “Яаж?” гэдэг асуулт гарч ирнэ.
МАН-ын зүгээс гишүүн Б.Түвшинг “бэрс” гаргахаар бэлдсэн бөгөөд түүнтэй өрсөлдөх Х.Тэмүүжинд саналаа өгөх гишүүдийн тоо олонх болчихоод байсан тул өрөг дээр өнөөх дөрвөн хүүгээр нүүдэл хийлгэж эхэлснээр эцэст нь АН-ын дарга О.Цогтгэрэл, гишүүн Б.Пунсалмаа, С.Одончимэг нарын нэр бүхий хэдэн гишүүнийг “нөгөө талд” урвуулах ажиллагаа амжилттай хэрэгжжээ.
Б.Түвшин санхүүгийн салбарт даатгал болон банк бус санхүүгийн байгууллагын бизнес эрхэлж байгаад УИХ-д сонгогдон орж ирсэн намтартай. Түүний “цахим мөрийтэй тоглоом”-ын хэргийг дарж буй хүн нь О.Амгаланбаатар. Б.Түвшингийн санхүүгийн гэмт хэргийн шинжтэй байж мэдэх үйл ажиллагаагаар нь олсны үзүүрт гогцоо зангидаж, нөгөө үзүүрийг нь эрх мэдлийн ширээний хөлд уяж өгчихөөд олсыг хэзээ татах, хэзээ суллахыг шийдэх боломжийг дундаас нь “яаж ч юм бэ” олж авсан хүн нь О.Амгаланбаатар юм. Ганц түүний “хэргийг” ч бус “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, генсек С.Баярцогт нарын хувь тавилангийн шийдлийг атгаж буй. Энд нэр дурдагдаж буй хоёр эрхэм хэний талд улс төрийн тоглолт хийхийг шийдэх болно гэсэн үг.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж гишүүн Б.Пунсалмаагийн гэр бүлийн бизнесээс улс төрийн санхүүжилтээ авдаг. Б.Пунсалмаагийн нөхөр “M Oil” компанийг үүсгэн байгуулагч, эзэмшигч Р.Батбаяр гишүүн Б.Пүрэвдорж нар нутаг нэгтэй, Ховдынхон юм. Стратегийн бүтээгдэхүүн болох шатахууны импортын бизнес эрхлэх нь тусгай зөвшөөрлөөс эхлээд үнэ тарифын хувьд төрөөс үлэмж хамааралтай тул улс төрд дураар тонгочих эрх чөлөө байж чадах уу? Шатахуун шахах цоргыг нээх, хаах эрхийг улстөрийн эрх мэдэл л шийднэ. Цэг.
Нэгээр нь нөгөөг нь идүүлэх...
Монгол Улсын эдийн засгийн өгөгдөл маш товчхон. Мөнгөө гаднаас олдог суваг нь нүүрс, зэс, мөнгөө гадагш зарцуулдаг ганц том суваг нь шатахуун, дотоодоо хуваарилдаг сектор нь банк. Банкны сектороосоо том банк бусууд “далд эдийн засгийн” зүсийг хувиргагч. Энэ хэдэн сувгийг хэн атгаж байгаа нь улс төрд эрх мэдлийг эзэмшиж буйг монголоор бол “улс төр хийх” гэж хэлнэ.
Эдгээр сувгууд өнөөдөр бүгд МАН-ын гарт байна. МАН дотроо нэгээс нөгөө бүлэглэл рүү шилжих өрсөлдөөн, тэмцлийн үйл явц л өрнөх болсноос бус энэ дунд АН хэмээх хоёр үсэг орж ирэх амаргүй болсон нь үнэн. Гэхдээ “мөнгөний АТМ”-д картаа шургуулж амжсан цөөхөн тоглогч Ардчилсан намд байгаа ч тэд яг үүгээрээ барьцаалагдан мөнгөний эзэдтэй тохиролцох замаар өнөөхөндөө оршин тогтнож байна. Нэг л өдөр АТМ-д картаа уншуулахдаа шивдэг зургаан оронтой тоо хүчингүй болсон байхыг үгүйсгэх аргагүй учраас тэд Ардчилсан намын бүлгийн гишүүдийг МАН-д барьж өгөх нүүдлийг өрөг дээр гүйцэтгэдэг байна.
Ардчилсан нам руу ордог нүүрсний аман дээр сууж буй “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, шатахууны цорго дээр сууж буй АПУ П.Батчимэг, M Oil Б.Пунсалмаа, банкнаас том эдийн засаг болж байгаа банк бус дээр Б.Түвшин. Энэ хэдэн судсыг атгахад Ардчилсан намын зүрхний цохилтыг МАН шийднэ гэсэн үг.
“Ажнай”-н нүүрсний санхүүжилттэй С.Баярцогт бүлэг дотор Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь хоёрыг удирдаж, “Гранд Монгол” фракц буюу хуучны МҮДН угшлийнхан болон Эбигийн “Олуулаа” бүлгийнхнийг, дээр нь Monday фракц, ганц нэгээрээ сул яваа Ж.Баярмаа нарыг багцлан барихыг оролдож буй. Мөн мэдээж говийн бүсийнхэн Р.Сэддорж тэргүүтэй Р.Эрдэнэбүрэн, Ц.Мөнхбат нарыг бүрэн атгаж, тэндээс сонгогдсон “өндөр” Г.Ганбаатарыг санхүүгээр татахыг санаархаж байгаа ч энэ удаад лав чадсангүй. Товчхондоо бол том мөнгөний аман дээрээс санхүүжилттэй хэдхэн хүнээр дамжуулан Ардчилсан намын бүлгийн гишүүдийг нэгийг нь нөгөөгөөр нь бариулах замаар өрөг дээрх тоглолтыг МАН удирддаж байна.
АН-аас Ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэхийг ах захиална
Засгийн газрын гишүүдийн арын өрөөний хэд Ардчилсан нам доторх алив түвшний санал хураалтын үеэр яг дээрх зүй тогтлоор геометрийн прогрессоор үржиж, саналын тоог МАН-ын хүссэнд хүргэж өгөх нь саяхан болж өнгөрсөн бүлгийн даргын сонгуулиар батлагдчих шиг боллоо. Энэ нь Ардчилсан нам өвдөг шороодож өгөх нь ч тодорхой боллоо гэсэнтэй утга ижил юм. Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас хэнийг дэвшүүлэхээ эрх баригч захиална. Арын өрөөний дөрвөлөөс бидон Д.Ганбатыг “Чи нэр дэвших юм биш үү” гэж хөөргөдсөн бололтой, хэвлэлд яриа өгөөд зогсож байгаа харагдсан. Тийм тэнэг юм түүний толгойд багтаж байгаагаас үзвэл юу ч гэмээр юм бэ дээ, Ардчилсан намын галыг сэрээж мэдэх тул “Н.Алтанхуяг лав биш шүү” гэсэн мэссэжийг ах нар өгчээ гэсэн үг. Хэмжээнд нь тааруулаад “Ганбаа чи шүү” гэж хэлснээс биш ядахад тэдний санаа Б.Пүрэвдорж дээр байгаа байлгүй дээ. Тийм ч болоод УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Монгол Улсыг сум, сумаар нь тойрч яваа нь тэр.
З.Боргилмаа /baabar.mn/



