Шатахууны үнэ огцом өссөний улмаас круиз аяллын Villa Vie Odyssey хөлөг онгоц дэлхийг тойрох аяллаа зогсоожээ. Энэ тухай ВВС мэдээлснийг Kazinform агентлаг дамжууллаа.
Одоо 200 орчим зорчигчид Камбожийн Сиануквиль хотод хөлөг онгоцноос буух гэж байна. Америкийн круиз аяллын оператор компаниас мэдээлснээр, энэ мөчид зорчигчдыг буулгах, тэднийг түр байрлуулах асуудлыг зохицуулж байгаа ажээ. Villa Vie Odyssey хөлөг онгоц 650 зорчигчийн багтаамжтай бөгөөд одоогоор түүн дотор 200 орчим зорчигч байгаа бололтой.
Уг хөлөг онгоц 2024 оны 10 дугаар сард Хойд Ирландын Белфаст хотоос дэлхийг тойрох аялалд гарсан юм. Гэтэл Ираны эсрэг АНУ, Израилын байлдааны ажиллагаа эхэлснээр түлш шатахууны үнэ эрс өссөн билээ. Оператор компанийн мэдээллээр, Азийн зарим бүс нутагт нэг кают буюу бүхээгт ногдох шатахууны үнэ сард 1800 доллароос 8000 доллар болж нэмэгдсэн байна.
Иймээс хөлөг онгоцны хурдыг багасгах, боомтуудад зогсох хугацааг уртасгах гэх мэт түлш хэмнэх арга хэмжээнүүдийг авсан боловч шатахууны үнийн хэт өсөлтийг нөхөхөд хангалтгүй байв. Тус оператор компани ойрын 60 хоногийн дотор хөрөнгийн бүтэц ба үйл ажиллагаагаа шинэчлэх алхмуудыг хийхээр төлөвлөж байгаа боловч эдгээр нь амжилттай болно гэсэн баталгаа үгүй юм.
Villa Vie Odyssey хөлөг онгоцны дэлхийг тойрох аялал нь гурван жил хагасын турш үргэлжилж, 150 орчим улс орныг хамрах ёстой. Мягмар гарагт аяллыг зогсоосон тухай зарлах үед круиз аялал 750 гаруй хоног үргэлжлээд байв.
Хэдийгээр дайны улмаас эдийн засгийн байдал тогтворгүйтэж, эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ өндөр байгаа боловч далайн круиз аяллын дэлхийн зах зээл улам бүр тэлсээр байна. Тухайлбал, 2025 онд 37 сая хүн круиз аялалд оролцсон бол энэ тоо 2026 онд 38 саяд, 2029 онд 42 саяд хүрнэ гэж Круиз аяллын компаниудын олон улсын холбоо таамаглажээ. Энэ нь хэрэглэгчийн зуршил өөрчлөгдөж буйтай холбоотой хэмээн эдийн засагчид тайлбарлаж байна.
Kazinform



