УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ирэх оны төсвийн төслийг ид хэлэлцэж байна. Таны хувьд энэ удаагийн төсвийг хэр болсон гэж бодож байна вэ?
- Бид чинь мөнгөгүй, мөнгө олоод ир гээд баахан зовлон ярьдаг байсан. Харин энэ удаагийнх бол мөнгөтэй төсөв болж байна. Оюу толгойгоос авч чадахгүй байсан ногдол ашгаа авахаар боллоо. Төрийн өмчит компаниуд ч өмнө нь төсөвт ингэж долоон их наяд төгрөг төвлөрүүлж байгаагүй. Энэ мөнгийг тэгэхээр төрийн өмчит компанийн дарга нар, эрх барьж байгаа нөхдүүдийн улс төрийн хамаарал бүхий хүмүүс идэж уудаг л байсан байна. Харин энэ мөнгийг улсын төсөвт оруулж ирээд, цалин тэтгэврээ нэмсэн нь сайн хэрэг. Тиймээс ер нь дажгүй төсөв боллоо гэж үзээд дэмжиж байгаа.
-Мөнгөтэй төсөв гэж байна. Тэгвэл дараа дараагийн жилүүдэд ийм орлоготой байж чадах уу. Бид чинь зарлагаа маш ихээр нэмчихсэн шүү дээ?
-Болгоомжлол хаа хаанаа байгаа. Бидний хувьд алдагдалтай төсөв баталж огт болохгүй. Тэр алдагдлаа нөхөхийн тулд татвараа л нэмдэг. Ирэх жилийн төсвийг одоо байгаагаар нь баталчихаар дараагийн жилүүдэд тийм хэмжээний орлого орж ирэх үү, үгүй юу гэдэг асуудлыг олон гишүүн хөндөж байгаа. Тэгэхээр ирээдүйд ийм байдалд орохгүйн тулд төсөвт орлого оруулах эх үүсвэрүүд маань л баталгаатай байх ёстой. Нэг ёсондоо төрийн өмчит компаниуд улам сайн ажиллах хэрэгтэй. Өмнө нь оруулж ирдэггүй байсан орлогыг үүнээс хойш оруулж ирдэг болно л гэж төлөвлөж ийм төсөв өргөн барьсан байж таараа шүү дээ. Ер нь бид байнга л байхгүй, болохгүй гээд суухын оронд байлгах гэж, болгох гэж л явах ёстой.
Улсын төсөв дээр хэлсэн долоон их наяд төгрөгөөс ч илүүг төвлөрүүлэх боломжтой. Нийтдээ 100 их наяд төгрөгийн мөнгөний эргэлт төрийн өмчит компаниуд дээр явдаг. Үүнээс нь долоо гэдэг бол бага л хувь.
-Улсын төсвийг бүсчилж зориулах шаардлагатай гэж үзсэн учраас сонгуулийг бүсчилсэн хэлбэрээр хийсэн. Тэгэхээр таны сонгогдсон хангайн бүс төдийгүй бусад бүсийг хөгжүүлэх ажлууд улсын төсөвт хэр туссан бэ?
-Тун аятайхан төсөв болсон гэдгийг түрүүнд хэлсэн. Өмнө нь ихэнх хөрөнгө оруулалтыг хот, томоохон суурин газруудад хийдэг. Ингэхээр хөдөөгийн хүн ам хөгжил дагаж хот хүрээ газар руу нүүдэг. Үүний үр дүнд нийслэлийн түгжрэл, утаа нэмэгдэж, хүн амьдрахад улам л хэцүү болж байгаа шүү дээ. Энэ бүхнээс харахад бид эхнээсээ л төлөвлөлт их муутай явж иржээ. Дан ганц хот төлөвлөлт гэлтгүй санхүүгийн төлөвлөлт ч муутай л явж ирсний гор нь өнөөгийн байгаа байдал. Тиймээс таны асуусан “Бүсчилсэн хөгжил” гэдгийг бид эрт хийх ёстой байсан. Тэгж байж хөдөө орон нутагт ард иргэдээ ажиллаж, амьдрах боломж бололцоог бүрдүүлэх ёстой.
Одоо чинь нийт хүн амын бараг 50 хувь нь нэг дороо төвлөрчихсөн байна. Тэгэхээр энэ том газар нутгаа эзэнтэй байлгах, мал аж ахуйгаа орхигдуулахгүй цаашид авч явах, өв соёл, зан заншлаа хадгалж авч үлдэх, тусгаар тогтнолоо баталгаатай байлгахын тулд бүсчилсэн хөгжлийн бодлогоо ерөөсөө алдаж болохгүй. Энэ хүрээнд томоохон ажил, хөрөнгө оруулалтууд сүүлийн жилүүдэд нэлээд хийгдэж байна. Дандаа үгүйсгээд болж бүтэхгүй байна гээд шүүмжлээд байж болохгүй л дээ.
-Оюу толгойн ногдол ашиг дээр нэлээд маргаан гарч, улмаар Засгийн газраас эргүүлэн татаж, иргэдийн нэрийн дансанд байршуулахаар боллоо. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Олон хүн иргэн бүрд өгөх ёстой гээд яриад байна. Тэгж ярьж байгаа УИХ-ын гишүүн ч олон байна. Харин би анхнаас нь үүний эсрэг саналтай байсан. Ерөөсөө Үндэсний баялгийн санд байгаа мөнгийг бэлнээр тараах хуулийн ямар ч зохицуулалт байхгүй. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад л зарцуулна гээд хуульчилсан. Эсвэл энэ мөнгөөр хөрөнгө оруулалт хийж, ард түмэн хувь эзэмшиж болно гээд заачихсан. Гэтэл хүн бүрд бэлнээр өгөх тухай яриад байгаа нь Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөнтэй л холбоотой. Ард иргэдэд таалагдах гэсэн оролдлого. Дараа нь та бүхэнд мөнгө өгөх гэсэн чинь өгүүлсэнгүй гэж хэлэх нь л дээ.
Дээрээс нь ард түмний саналыг хэдэн төгрөгөөр хуураад авчихна гэсэн ойлголттой байгаа учраас л ийм зүйл яриад байна. Тиймээс үүнийг би популист улс төр л гэж харж байгаа. Үнэхээр эх орноо боддог байсан бол арай өөрөөр шийдэх боломжтой байлаа. Өнөөдөр бид эрчим хүчний ямар байдалтай байгаа билээ. Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууж байна гэдэг чинь хэддүгээр зууны амьдрал юм бэ. Энэ бол үнэхээр гутамшиг. Одоо чинь бүх зүйл цахилгаанаас бүрэн хамааралтай. Тийм болохоор Үндэсний баялгийн сангийн мөнгөөрөө үүнийгээ шийдчих хэрэгтэй.
Бид чинь гаднаас маш их мөнгөөр эрчим хүчээ авч байна. Мөнгөө гадагш нь өгч байхаар өөрсдөө эх үүсвэрээ барьчих нь зөв зүйтэй асуудал. Тийм болохоор миний хувьд Засгийн газрын оруулж ирсэн саналыг дэмжиж байсан.
-Таны яриад байгаа популист улс төрийн танай Ардчилсан намын бүлгээс эхлүүлсэн юм биш үү. Мэдээллийнхээ цаг дээр бүгдээрээ гарч ирээд бэлнээр өгөх хэрэгтэй л гээд яриад байсан шүү дээ?
-Бүлэг дотроо ч би энэ асуудал дээр зөрчилтэй байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө бэлэн мөнгө тараавал юу болох вэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Бидэнд ийм гашуун тийх бий. Нэг нь сая төгрөг өгнө гэхээр нөгөөх нь 1.5 саяыг өгнө гээд юу боллоо. Энэ мөнгийг өгөх гэж тавьсан Чалко компанийн нүүрсийг бид одоо л төлж дуусч байна шүү дээ. Тэгэхээр ийм популист улс төрөөс болж л буруу шийдвэрүүд гардаг. Дээрээс нь эрх баригчид “Ардчилсан намын шахалтаар л бэлэн мөнгө өгсөн” гээд дараа нь хэлээд сууна шүү дээ.
Уг нь бид чинь мөнгө тараадаг сонгуулийг болих хэрэгтэй гэж яриад байгаа. Эрүүлээр, шударгаар сонгуулиа хийхгүй бол энэ улс орон ямар болж байгааг бүгд л харж байна. Сая, тэрбумаар хулгайгаа ярьдаг байсан бол одоо чинь их наядаар ярьдаг болчихлоо. Гэвч тэр ярьсан хулгай дээрээ ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тиймээс би мөнгө тараах асуудлыг эрс эсэргүүцэж байгаа. Намынхаа бүлэг дээр ч зөндөө хэлсэн.
-УИХ дахь Ардчилсан намын бүлэг шинэ даргатай болсноосоо хойш хуралдаж чадалгүй 14 хонолоо. Чухам юу болоод байна. Дотроо хагаралтай болчихсон байгаа юм уу?
-Долоо хоног бүрийн даваа гаригт намын бүлэг хуралдах ёстой байдаг. Гэвч хоёр долоо хоног болчихлоо. Шинэ даргатай болсон бүлгийн эхний хуралд 21 хүн ирсэн. Асуудлаа яриад шийдсэн. Миний хувьд тэр хурал дээр бүтээн байгуулалт буюу Монгол Улсад тулгарч байгаа асуудлаа нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй. Төсөв рүү оруулж ирж байгаа эрчим хүчний төслүүдээ явуулах нь зөв гэсэн саналаа хэлсэн. Гэтэл манай зарим нөхөд Баялгийн сандаа байж байг, дараа нь шийдье гэдэг зүйлийг ярьцгаасан.
Харин энэ долоо хоногийн хурлын хувьд ихэнх гишүүн маань гадаад, дотоод ажилтай байна. Ерөнхийлөгчийн гадаад айлчлалд Ардчилсан намын 4-5 гишүүн явсан. Дээрээс нь Австралийн уул уурхайн үзэсгэлэн болж байгаа. Үүн рүү манайхан бас явсан байгаа. Шинээр сонгогдсон бүлгийн даргыг 25 хүн дэмжсэн. Энэ чинь 42 гишүүнтэй бүлгийн хувьд их хол зөрүүтэй санал. Түүнээс биш бүлгийн даргыг хүлээн зөвшөөрөхгүй, хагаралтай байгаа асуудал байхгүй.
Бид асуудлуудаа яриад хэлэлцээд шийдээд л явдаг. Яах вэ, дэмжиж байсан хүн нь ялагдсанд сэтгэл дундуур байгаа хүмүүс янз бүрийн юм ярьсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ шинээр сонгогдсон бүлгийн дарга бол тодорхой байр сууриа илэрхийлсэн шүү дээ.
Өдрийн сонин



