Европын 32 улсын нийт өрийн хэмжээ 2026 оны эхний хагас жилийн байдлаар 95 их наяд ам.доллароос давж, түүхэн дээд түвшинд хүрсэн тухай Олон улсын санхүүгийн хүрээлэн /IIF/ пүрэв гаригт мэдээлжээ.
Тус байгууллагаас гаргадаг “Дэлхийн өрийн мониторинг” тайланд дурдсанаар, зээлийн өртөг өсөж, улс төрийн тодорхойгүй байдал даамжирч байгаа нь тус бүс нутгийн өрийг тогтворжуулахад улам их хүндрэл учруулж байна.
Оны эхний зургаан сарын байдлаар Европын орнуудын нийт өрийн хэмжээ дэлхийн өрийн 25 орчим хувийг эзэлсэн бол өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 325 орчим хувьтай байна. Энэ нь еврогийн бүсийн өрийн хямралын эхэн үед бүртгэгдсэн түвшнээс 45 орчим нэгж хувиар доогуур үзүүлэлт юм. Улс орнуудаар авч үзвэл, Франц 15.5 их наяд ам.долларын өртэйгээр Европт тэргүүлсэн бол Их Британи 14.7 их наяд, Герман 13.5 их наяд, Итали 7.2 их наяд ам.долларын өртэй байна.
Эдийн засгийн салбараар нь ангилбал, санхүүгийн байгууллагуудын өр 30.4 их наяд ам.долларт хүрч, хамгийн өндөр хувийг эзэлсэн байна. Харин санхүүгийн бус компаниудын өр 26.4 их наяд, засгийн газруудын өр 22.5 их наяд, айл өрхүүдийн өр 15.7 их наяд ам.долларт тус тус хүрчээ.
Энэ онд Европын Холбооны гишүүн орнуудаас Францад зээлийн эрсдэлийн өртөг хамгийн их нэмэгдсэн байна. Тус улсын таван жилийн хугацаатай зээлийн эрсдэлийн свопын /credit default swap буюу CDS/ зөрүү 100 суурь нэгжээс давж, 2012 оны сүүлчээс хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн бол Италийнх 75 орчим суурь нэгж байжээ.
Төсвийн алдагдал тогтмол өндөр хэвээр байгаа, зээлийн өртөг нэмэгдэж, санхүүгийн нөөц боломж хумигдаж байгаа нь улс төрийн хүндрэлтэй нөхцөлд Европын засгийн газруудын өрийн өсөлтийг тогтворжуулахад улам хүндрэл учруулж байгааг тайланд анхааруулсан байна.
Anadolu



