Польшийн Үндсэн хуулийн шүүхийн дарга, хэт барууны үзэлтэй улс төрийн холбоотныг нь албан тушаалаас нь чөлөөлсний дараа тус улсын Ерөнхийлөгч Кароль Навроцкий баасан гаригт Сенегалыг зорьж явахдаа замаасаа эх орон руугаа буцжээ. Энэхүү явдал нь Төв Европын тус улсын Ерөнхий сайд Дональд Тускийн засгийн газар ба Ерөнхийлөгчийн хоорондох шүүх засаглалын эрх мэдлийн төлөөх тэмцлийг улам хурцатгалаа.
Үндсэн хуулийн шүүхэд хамгийн олон жил ажиллаж буй шүүгч Анна Корвин-Пиотровска шүүхийн дарга Богдан Свенчковскийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай баасан гаригийн өглөө мэдэгджээ. Ингэснээр шүүхийн удирдлага одоо Анна Корвин-Пиотровскад шилжжээ. Б.Свечковский нь Тускийн өмнөх Засгийн газрын үед томилогдсон хэт барууны үзэл баримтлалтай хүн юм.
Баасан гаригийн орой Үндсэн хуулийн шүүхийн байрны гадна олон зуун хүн цуглан эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд цагдаагийн хүч нэмэгдүүлэн байрлуулжээ. Жагсагчдад хандан үг хэлсэн барууны үзэлтэй улстөрчид Д.Тускийн Засгийн газрыг Үндсэн хуулийн шүүхийн эсрэг төрийн эргэлт хийхийг оролдож байна хэмээн буруутгасан байна.
“Ийм үед Ерөнхийлөгч эх орондоо байх ёстой. Би Сенегалд хийх айлчлалаа зогсоож, Польш руу буцаж байна” гэж К.Навроцкий X нийгмийн сүлжээнд бичжээ.
Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан хурцдав
Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн улс төрийн маргаан нь тус байгууллагын үйл ажиллагаа үндсэндээ саатахад хүргэжээ. Европын талыг баримтлагч Засгийн газар болон үндсэрхэг үзэлтэй Ерөнхийлөгч нөгөө талынхаа санал болгосон шүүгчдийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байгаа аж.
Тус улсын Ерөнхий сайд Д.Туск X нийгмийн сүлжээнд бичихдээ, түүний Засгийн газар хууль дээдлэх зарчмыг сэргээхийг зорьж байгааг онцолжээ. Өмнө нь Европын Холбооноос түүний өмнө засгийн эрхийг барьж байсан “Хууль ба шударга ёс” намыг уг зарчмыг алдагдуулсан хэмээн буруутгаж байв.
“Энэхүү үйл явц амаргүй, зарим үед бүр ч хүнд хэцүү байх бөгөөд шийдэмгий арга хэмжээ авах шаардлагатай. Үүнээс өөр арга зам байхгүй” гэж Д.Туск мэдэгджээ.
Үндсэн хуулийн шүүхийг тойрсон маргаан 2015 оноос эхтэй. Тухайн үед үндсэрхэг үзэлт “Хууль ба шударга ёс” нам өмнөх Засгийн газрын үед шүүгчдийг нь аль хэдийн томилсон орон тоонд өөрийн хүмүүсийг томилохыг оролдож байжээ. Улмаар тус намаас нэр дэвшүүлсэн шүүгчид Үндсэн хуулийн шүүхэд олонх болсон бөгөөд Польшийн дотоодод төдийгүй гадаадад ихээхэн шүүмжлэлд өртөж, Үндсэн хуулийн шүүхийг хуулиар тогтоосон хараат бус, шударга шүүхийн шаардлагыг хангахаа больсон гэж үзэх болжээ.
Д.Тускийн тэргүүлсэн эвслийн Засгийн газар 2023 оноос эрх барьж эхэлснийхээ дараа хууль дээдлэх зарчмыг сэргээж, Үндсэн хуулийн шүүхэд шинэчлэл хийхээ амласан юм. Гэвч “Хууль ба шударга ёс” намын холбоотон К.Навроцкий 2025 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш эдгээр шинэчлэлийг хэрэгжүүлэхэд саад учруулсаар иржээ.
Энэ оны эхээр К.Навроцкий парламентаас нэр дэвшүүлсэн зургаан шүүгчийн гурвыг нь тангараг өргүүлэхээс татгалзсан байна. Харин “Хууль ба шударга ёс” намын Засгийн газрын үед Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан Б.Свенчковский одоогийн парламентын олонхын сонгосон шүүгчдийг албан тушаалд нь томилохоос татгалзжээ.
Өнгөрсөн сард парламент Д.Тускийн хамтран зүтгэгч Мачей Берекийг Үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр томилсон байна. Гэвч энэ шийдвэр нь эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрийг сэргээх тухай Засгийн газрын өөрийнх нь дэвшүүлсэн зорилготой харшилж байна гэж шүүмжлэгчид үзжээ.
Reuters



