Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоожээ.
Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн-Ам” (аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км) гэдэг газарт малчин айлын эзэгтэй 2026 оны аравдугаар сарын 15-ны өглөө 07:00 цагийн орчим малаа хайхаар гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд мөн өдрийн 16:50 цагт онцгой байдлын албанд дуудлага иржээ.
Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд болон ар гэрийнхэн хамтран иргэн А-г эрэн хайх ажиллагааг 16 хоногийн турш зохион байгуулсны эцэст ар гэрийнх нь хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоожээ.

Эрэн хайх ажиллагааны явцад тухайн бүс нутагт цасан бүрхүүл ихтэй байгаагаас ажиллахад хүндрэлтэй нөхцөл үүссэн талаар ОБЕГ-аас мэдээлж байв.



