“Тавантолгой” ХК-ийн нэрэмжит говийн бүсийн математикийн олимпиад энэ сарын 2, 3-нд Даланзадгад суманд болж, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 750 гаруй сурагч, 40 багш оролцлоо.
Говийн бүсийн дөрвөн аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарыг хамруулсан тус олимпиад өнөөдөр дүнгээ гаргаж, ангилал тус бүрийн шилдгүүдээ тодруулан шагнал гардуулсан байна.
Олимпиадын багийн нийлбэр дүнгээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билиг” сургуулийн баг тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо. Харин Өмнөговь аймгийн Даланзадгад сумын улсын тэргүүний 3 дугаар сургуулийн баг дэд байр, тус сумын улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн баг гутгаар байрт шалгарчээ.
Сурагчид D, E, F гэсэн гурван ангилалд хуваагдан өрсөлдөж, ангилал тус бүрд шилдгүүдийг тодрууллаа.
D ангилал буюу 7, 8 дугаар ангийн тэргүүн байрт Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн сурагч А.Гантөр, дэд байрт тус сургуулийн сурагч Б.Наранчимэг, Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билиг” сургуулийн сурагч П.Раднаабазар, гутгаар байрт Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн сурагч С.Аргабилэг, Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн сурагч М.Сэцэнбэхи, Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн сурагч М.Энхжин нар эзэлжээ.
Харин E ангилал буюу 9, 10 дугаар ангийн тэргүүн байрт Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билиг” сургуулийн сурагч С.Тувааннайдан, дэд байрт Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн сурагч А.Мөнхзаяа, Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билиг” сургуулийн сурагч М.Энхтүвшин, гуравдугаар байрт Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билиг” сургуулийн сурагч Ц.Цэлмүүн, Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн сурагч Ч.Маргад-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Сэврэй сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Цэлмүүнцаг нар орлоо.
F ангилал буюу 11, 12 дугаар ангийн тэргүүн байрт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн сурагч Э.Эрхэс, дэд байрт Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн сурагч Э.Тэргэлсаран, Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Сүхбаяр, гутгаар байрт Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Ананд, Э.Энхсүлд, Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Мишээл тодорчээ.
Багш нарын ангилалд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Л.Өсөхбаяр тэргүүн байр, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн багш З.Мөнх-Эрдэнэ дэд байр, тус сургуулийн багш Б.Анхмаа гутгаар байрт шалгарч, алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Олимпиадыг “Тавантолгой” ХК ивээн тэтгэж, Өмнөговь аймгийн ЗДТГ, МУИС-ийн Математикийн тэнхим, Монголын Математикийн хороо, Өмнөговь аймгийн Боловсролын газар болон Даланзадгад сумын улсын тэргүүний 3 дугаар сургуулийн хамт олон хамтран зохион байгууллаа.

Говийн бүсийн математикийн олимпиад нь сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх, багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бүсийн боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.
МУИС-ийн Математикийн тэнхимийн багш, профессор Г.Баярмагнай:

-"Говийн бүсийн математикийн анхдугаар олимпиад өргөн хүрээг хамарч, олон сурагч, багшийн оролцоотой амжилттай боллоо. Энэ удаагийн олимпиадын нэг онцлог нь 7, 8 дугаар ангийн сурагчдын мэдлэг, чадвар, шалгалтын гүйцэтгэл сайн байлаа. Эдгээр ангийн сурагчдын шалгалтын дундаж оноо, үзүүлэлт сайн байсан нь хүүхдүүдийн математикийн мэдлэг, чадвар бага наснаасаа эхлэн төлөвшиж, хөгжиж байгааг илтгэж байна. Үүнийг комиссын гишүүд ч онцлон тэмдэглэж сайшаалаа.



