Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогттой ярилцлаа.
-Монголбанкны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ алдагдал хаанаас, ямар шалтгаанаар бий болсныг тайлбарлахгүй юу?
-2025 оны эцэст хуримтлагдсан алдагдал 6.9 их наядад төгрөгт хүрч, Монголбанк 4.8 их наяд төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдалтай буюу нэрлэсэн ДНБ-ий 4.2 хувьтай тэнцэх хэмжээний сөрөг баланстай болсон. Энэ алдагдал нь гурван суурь шалтгаанаас үүдэж хуримтлагдсан. Нэгдүгээрт, төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг төв банкнаас санхүүжүүлсэн. Монголбанк болон Хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн төсвийн шинж чанартай бусад хөтөлбөрүүд нь алдагдал өсөх шалтгаан болсон. Тоон мэдээллээр авч үзвэл, Монголбанк 2012 оноос хойш ипотекийн зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөр, цар тахлын үеийн санхүүжилт зэрэг төсвийн шинж чанартай олон арга хэмжээг хэрэгжүүлж, нийт 15.8 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон байна. Эдгээр хөтөлбөрүүд нь Засгийн газрын ажил бөгөөд Төв банк өөрт байхгүй мөнгийг хэвлэж, үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй эдгээр хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлыг эхлүүлж цаашид өсөх шалтгаан болсон.
Хоёр дахь том шалтгаан бол өнгөрсөн хугацаанд Монголбанк валютын зах зээлд зохицуулагч биш, тоглогчын үүрэг гүйцэтгэж ирсний төлөөс юм. Тодорхой цаг хугацаанд төсвийн шинжтэй хөтөлбөр хэрэгжүүлж их хэмжээний мөнгө зах зээлд нийлүүлснийхээ төлөөсөөр төгрөгийн ханшаа алдах нөхцөл үүсгэсэн. Улмаар ханшаа унагахгүйн тулд Төв банк гаднаас их хэмжээний валют зээлж валютын захад интервенц хийсэн. Үүнийхээ төлөөсөнд сүүлийн 14 жилийн турш жилд дунджаар 188 тэрбум төгрөгийг зөвхөн зээлийн хүүд төлсөн, одоо ч үргэлжлүүлэн төлж байна. Мөн банкуудтай хийсэн валютын урт хугацаат своп хэлцлээс 1.6 их наяд төгрөгийн бодит алдагдал хүлээсэн. Өөрөөр хэлбэл, ханшийн уналтын эрсдэлийг зах зээл биш, Төв банк ганцаараа үүрч, тэнцэл дээрээ алдагдал хүлээж байгаа гэсэн үг.
Гурав дахь нь банкны системд байнга илүүдэл нөөц мөнгө хуримтлагдаж байгаатай холбоотой. Харин энэ илүүдэл нөөц мөнгө хаанаас үүсч байна вэ гэвэл, нэг томоохон эх үүсвэр нь манай эдийн засгийн суурь бүтцээс хамаардаг. Мөчлөг дагасан экспортын орлого нэмэгдэх, үүнийг дагасан эдийн засгийн идэвхжил илүүдлийг үүсгэдэг. Мөн төсөв орлогоосоо давсан хэмжээгээр зардал гаргаж, алдагдлаа нэмэгдүүлээд байвал эдийн засагт шинэ мөнгө, эх үүсвэр нэмэгдэнэ. Ингэж бий болсон илүүдэл мөнгийг шингээх зөв механизм ажиллаж байх ёстой. Ийм механизмаа бүрдүүлэхгүй зөвхөн Монголбанк ТБҮЦ гаргах замаар банкны системээс татан авч байгаа өнөөгийн нөхцөлд төв банкны бодлогын зардал ихээхэн нэмэгдэж байна. Нөгөө талдаа энэ илүүдэл эх үүсвэрийг эдийн засгаас татахгүй орхивол зах зээл дэх мөнгөний хэмжээ хэт нэмэгдэж төгрөгийн худалдан авах чадвар огцом доройтно.
-Монголбанкны нийт хуримтлагдсан алдагдлын 74 хувийг хүүгийн зардал эзэлж байгаа гэж мэдээлжээ. Хүүгийн зардал ийм өндөр түвшинд хүрсэн шалтгаан юу вэ?
-Өмнө хэлсэнчлэн илүүдэл нөөцийг зөвхөн Монголбанк ТБҮЦ гарган, банкуудад өндөр хүү төлөх замаар буцааж татдагаас болоод бодлогын зардал тогтмол өсөж байна. ТБҮЦ-ны үлдэгдэл 2012 онд 0.75 их наяд байсан бол 2025 оны эцэст 11.0 их наяд болж, 14.6 дахин өссөн. Зогсолтгүй эргэлттэй ажиллаж эхэлсэн энэ механизмыг зогсоохгүй бол алдагдал улам нэмэгдэнэ. Ийм учраас 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцийг бий болгож буй бүх сувгийг хаах бодлогыг шийдлүүдийг эхлүүлэх арга хэмжээнүүд тусгагдаад байна.
-Уг асуудалтай холбогдуулан зарим УИХ-ын гишүүн "Ипотекийн зээлийн хүүгийн зөрүүг өөр дээрээ үүрснээс болоод алдагдал хүлээсэн бол төв банк өөрөө Засгийн газрын кассын машины үүргийг гүйцэтгэсэн” гэсэн байр суурь илэрхийлжээ?
-Монголбанк 2013 оны зургадугаар сараас хойш Засгийн газартай хамтран орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь дундаж орлоготой өрхүүдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг саармагжуулахад чиглэсэн буюу нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Гэхдээ энэ хөтөлбөр Засгийн газарт бүрэн шилжих зайлшгүй шаардлагатай.
Ер нь төрөөс нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой төсөл, хөтөлбөр, бодлогын шийдвэрийг хэрэгжүүлэхдээ санхүүжилтийн схемийг зөв, оновчтой төлөвлөж дунд, урт хугацаандаа нийт нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө хамгийн багатай байх ёстой юм. Цаашид Монголбанк төсвийн шинжтэй хөтөлбөрт шууд болон шууд бусаар оролцохгүй байх эрх зүйн шинэчлэлийг хийхээр дунд хугацааны стратеги болон Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлдөө холбогдох заалтаар оруулсан байгаа.
-Монголбанкны тооцооллоор алдагдал цаашид нэмэгдэх эрсдэл бий юу?
-Монголбанкны бодлогын гол зардал нь ТБҮЦ-ны хүүгийн зардал бөгөөд алдагдалд томоохон хувь нөлөө үзүүлж байгаа. Макро хүчин зүйлсээ харвал хөрөнгийн орох урсгал болон төсвийн тэлэлтээр бий болсон илүүдэл нөөцийг татах зэргээр ТБҮЦ-ны хэмжээ төдийлөн буурахааргүй байна. Нөгөө талаас инфляци өндөр байвал бодлогын хүү өндөр байна, илүүдэл нөөц өндөр байвал ТБҮЦ-ны хэмжээ нэмэгдэж, бодлогын зардал өндөр байх нөхцөл болно гэсэн үг. Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдал болон хуримтлагдсан алдагдлыг төв банкны балансын стресс тестийн загвар ашиглан тооцоход ирэх жилүүдэд нэмэгдэх хандлага үргэлжлэхээр байна. Тухайлбал, 2030 он гэхэд Монголбанкны хуримтлагдсан алдагдал одоогийн түвшнээс 40 орчим хувиар өсөж 10 их наяд төгрөгт хүрэх тооцоолол гарч байна. Төв банкны дахин хөрөнгөжүүлэлтийн төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэх, цаашид алдагдлыг нэмэгдүүлэх бүх сувгийг хаагаагүй тохиолдолд төв банк бодлого хэрэгжүүлэх орон зай хязгаарлагдаж, инфляци, ханшийн томоохон эрсдэл нэмэгдэж, улмаар төсөв ачааллаа дийлэхгүй нөхцөл үүсэх, ард иргэдийн амьдралын чанарт дарамт ирэх эрсдэлтэй.
-6.9 их наяд төгрөгийн алдагдлыг хэрхэн барагдуулах төлөвлөгөөтэй байна вэ?
-2027 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгагдсан зорилт арга хэмжээнүүд нь бүхэлдээ нэг талдаа инфляци, нөгөө талдаа төв банкны алдагдлыг бий болгож буй сувгуудыг хаахад чиглэж байгаа юм. Энэ арга хэмжээнүүдийг бүгдийг нь хамтад нь хэрэгжүүлж байж дунд хугацаанд бодитой үр дүн гарна. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 38¹ дугаар зүйлд зааснаар төв банкны пассив нь актив хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар үнэт цаас гаргах замаар уг зөрүүг нөхөх боломжтой. Энэ хүрээнд жил бүр 1.5 их наяд төгрөгийн хэмжээтэй, эхний таван жилд хүү болон үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх 25 жилийн хугацаатай тусгай үнэт цаас гаргаж зах зээл дээрх илүүдэл нөөцийг зардал багатай, үр ашигтай удирдах боломж байна.
Гэхдээ энэ арга хэмжээг төсөвт ачаалал болж төсвийн алдагдлыг нэмэгдүүлнэ гэдэг болгоомжлол гарах нь зүй ёсны асуудал мөн. Энэхүү тусгай үнэт цаас нь GFS 2014 аргачлалын дагуу зөвхөн эх үүсвэрийн хэсэгт бичигдэж төсвийн тэнцэлд нөлөөлөхгүй байх, мөн Засгийн газрын өрийн хязгаарт тооцохгүй байхыг Сангийн яамтай нэгдсэн ойлголцолд хүрэх, шаардлагатай тохиолдолд эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай.
Түүнчлэн энэ арга хэмжээ дунд урт хугацаандаа төсвийн зардалд ачаалал нэмэхгүй, харин ч ирээдүйд төсөвт бий болох нэмэлт зардлыг бууруулахаар байх ёстой. Бидний боловсруулсан тооцооллоор 2032 он хүртэл төсвөөс ямар нэг зардал гарахгүй 2032 оноос тодорхой хугацаанд 500 орчим төгрөг (төсвийн зардлын нэг хувь орчим) төлөхөөр байгаа, харин үнэт цаасыг гаргаагүй тохиолдолд өндөр инфляцийн нөлөөгөөр төсвийн урсгал зардал жил бүр дунджаар 1.3 их наяд төгрөг буюу төсвийн нийт зардлын ойролцоогоор 3 хувиар нэмэгдүүлэх тооцоолол хийгдсэн. Өөрөөр хэлбэл, ирээдүйд төсөвт ирэх нууц зардлаа хэмнэх, улс орны макро тэнцвэрийг хадгалахад илүү ач холбогдолтой арга хэмжээ гэж ойлгох ёстой. Мэдээж тусгай бонд гаргах тохиолдолд тусгай бондын бүртгэл, нарийвчилсан нөхцөлүүдийг Сангийн яам болон Монголбанк техникийн түвшинд ойлголцож нэгдсэн байр суурьтай хийгдэнэ.
Өдрийн сонин



