x

Пакс Глобалика (Pax Globalica)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяртай хийсэн шинэхэн ярилцлагыг хүргэж байна.

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улс НҮБ-ын 101 дэх бүрэн эрхт гишүүн болж, тусгаар тогтнолоо дэлхий дахинд баталгаажуулан тунхагласны 65 жилийн ой тохиолоо. НҮБ-д Монголын Улсын зүгээс оруулж буй хамгийн том үнэ цэн юу вэ?

НҮБ-ын гишүүн болсноор Монгол Улсын тусгаар тогтнол олон улсын эрх зүйн хүрээнд бүрэн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ жилийн НҮБ-ын ерөнхий ассемблейн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч “НҮБ бол бид юм. Энэ засгийн газар хоорондын байгууллага учраас бид өөрсдөө НҮБ-ээс байнга юм “гуйх” ёсгүй. Иймээс гишүүн орон бүр эзний сэтгэлээр хандаж, бид өөрсдөө энэ том байгууллагын цөм юм шүү” гэдэг санааг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын гишүүн орон болгоны идэвхтэй оролцоо энэ байгууллагыг хүчирхэг болгох бөгөөд энэ хэрээр гишүүн орнууд үнэ цэнээ хүртэнэ буюу даян дэлхийн амар амгаланг хамтдаа цогцлоох боломжтой гэдэг санаа. Энэ бол НҮБ-ын индэр дээр очоод зүгээр нэг популизм хийсэн хэрэг огт биш. Яагаад гэвэл монголчууд ийм үг хэлэх бүрэн эрхтэй улс.

history_1482053408

Эмэгтэйчүүдийн аж байдлын тухай НҮБ-ын ерөнхий ассемблэйн тогтоолыг Монгол Улс анх санаачлан батлуулж байв. Бүх нийтээр бичиг үсэгтэй болох НҮБ-ын тогтоолыг мөн бид батлуулсан түүхтэй. Хоршоодын холбооны жилийг НҮБ-ээр зарлуулж, хоршоолол буюу хоршин ажиллаж амьдрах нь улс орны хөгжил дэвшил, эдийн засагт ямар ач холбогдолтойг таниулах ажлыг олон улсад түүчээлэн хийсэн. Энэ ажлыг НҮБ-ээр хүлээн зөвшөөрүүлж батлуулж, энэ асуудлыг олон улсын түвшинд гаргаж ирсэн. Нэмээд жендерийн асуудлаар маш олон ажлыг Монгол Улс НҮБ-ын түвшинд хийсэн. Энэ мэтээр олон зүйлийг хэлмээр байгаа ч гол гурван зүйл дээр базаж би таны асуултанд хариулмаар байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 онд Монгол Улсад айлчилсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны албан айлчлалаа 2021 онд НҮБ-ын Ерөнхий ассемблэйгээс эхэлсэн. Энэ айчлалын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монголд айлчлахыг урьсан. Тэр айлчлалын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид илгээсэн захидлын талаар би дурдмаар байна. Тэр захидалд дараах гурван шалтгаанаар Монголд айлчилж буйгаа дурдсан.

Нэгт, 2022 онд Монгол Улс өөрийгөө цөмийн зэвсэггүй бүс болгон зарласны 30 жилийн ой тохиосон. Цөмийн зэвсэггүй статус дэлхийн энхтайвны хамгийн том билэгдэл, олон улсын аюулгүй байдлын чухал санаачилгад тооцогддог. Хоёр жил тутам Монгол Улс НҮБ-ын Ерөнхий ассемблэйгаар энэ статусаа баталгаажуулж тогтоол гаргадаг юм. Тэр нь өөрийн газар нутаг дээр цөмийн зэвсэг байрлуулахгүй, дамжуулан тээвэрлэхгүй, хэзээ ч эх орондоо үйлдвэрлэхгүй гэдэг баталгаа гэсэн үг. Энэ нь НҮБ-ын эрхэм зорилготой агаар нэг учраас энэ талбарт Монгол Улс дэлхийд манлайлдаг гэж хэлж болно. Даян дэлхийн энхтайвныг бэхжүүлэх энэ манлайллыг тань үнэлж хүндлэн тэмдэглэх ёстой учраас би Монгол Улсад айлчлах үүрэгтэй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн байдаг.

Хоёр дахь шалтгаан нь манай энхийг сахиулагчид байсан. Өдгөөгөөс 20 гаруй жилийн өмнөөс Монгол Улс 23 мянга гаруй энхийг сахиулагчдыг дэлхийн халуун цэгүүдэд илгээсээр ирсэн. Афганистан, Баруун Сахарын улс орнууд, Ирак, хамгийн сүүлд Хаити улсад манай энхийг сахиулагчид болон гэмт бүлэглэлийн эсрэг тэмцэх баг олон улсад манлайлан ажиллаж байна. Нэмээд нийт бие бүрэлдэхүүний 15%-ийг эмэгтэйчүүд байлгах амлалтаа бид бүрэн дүүрэн биелүүлж буй. Үүнийг би Монголд айлчлахдаа дэлхий даяар алдаршуулахыг хүсч байна гэдгээ захидалдаа онцолсон.

865140260_10165758733323980_6898368656858008179_n

Гурав дахь шалтгаан нь далайд гарцгүй орнуудын хүндрэл бэрхшээл ба эрх ашиг байсан. Монгол Улс энэ талбарт түүчээлэн оролцсоор ирсэн бөгөөд 1990-ээд оны эхээр “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлэг”-ийг НҮБ-ын дэргэд албан ёсоор байгуулж, тус бүлгийг Монгол Улсын Засгийн газар даргалж байв. Мөн түүнчлэн Монгол Улсын санаачилгаар байгуулагдсан, Улаанбаатар хотод төвтэй “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв” дээр очиж танилцах нь миний үүрэг юм гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дурдсан байдаг.

Эндээс дүгнээд хэлбэл, Монгол Улс НҮБ-ын идэвхитэй бөгөөд хариуцлагатай түнш нь байсаар ирсэн. Дэлхийн энхтайван, аюулгүй байдал, хүйсийн тэгш эрх, хүүхдийн эрх, боловсрол, соёл, шинжлэх ухаан, түүх, архелогийн чиглэлээр НҮБ-ын хүрээнд маш идэвхтэй ажилладаг. Энэ бол бидний НҮБ-д элссэн өнгөрсөн 65 жилийн хугацаанд бүтээсэн өв юм. Монгол Улс энэ бүхнээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж хүндлэгдэж чадсан. Гэхдээ энэ өв үүгээр зогсох учиргүй, цаашаа улам өргөжин бэхжих ёстой.

Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг энэ жил зарласан. Энэ ямар учиртай билээ?

НҮБ дотор маш олон бүтэц байдаг. Үүний хамгийн том буюу чухал нь Аюулгүйн зөвлөл гэж бий. Энэ зөвлөлд ОХУ, БНХАУ, Франц, Их Британи, АНУ гэсэн таван байнгын гишүүн улс байдаг бөгөөд тус бүр нь вето буюу нэг шийдвэрийг дангаараа хүчингүй болгох онцгой эрхтэй. Үүнээс гадна байнгын бус буюу нэг жилээр сонгогддог гишүүн орнуудын бүтэц бий. Энэ сонгуульд Монгол Улс нэр дэвшсэн гэсэн үг. Яг үүнтэй зэрэгцээд НҮБ-ын реформын асуудал гишүүн орнуудын дунд хүчтэй яригдаж байна. Учир нь НҮБ-ын шийдвэр дэлхий даяар улам хүртээмжтэй, улам нөлөөтэй, илүү олон улсын төлөөллийг хамарсан болох ёстой гэдэг санаа явж буй. Энэ утгаараа яагаад заавал дээрх таван улс л голлох тоглоомын дүрмийг тогтоох ёстой билээ, энэ нь хэр зохистой вэ гэдэг асуулттай тулсан. Улмаар НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн гишүүнчлэлийн тоог нэмэгдүүлэх ёстой гэдэг санал гарч хэлэлцэгдээд явж буй ч бодит ажил хэрэг болж чадаагүй. Гэтэл Өмнөд Америкийн бүс тэр чигээрээ, дэлхийн хамгийн их хүн амтай Энэтхэг гээд том гүрэн, НҮБ-ын хамгийн том хандивлагч улсууд болох Герман, Япон улсууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд ямар ч төлөөлөлгүй байх учиргүй. Иймээс зэрэгцээд БРИКС гээд том фракц үүслээ, нэмээд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага үүсээд улам бүр хүчирхэг болж байна. Сүүлд С5 буюу Төв Азийн хамтын ажиллагааны байгууллага үүсчихлээ. Ийм учраас Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд 2048 болон 2049 онд нэрээ дэвшүүлэн өрсөлдөнө гэдгээ энэ жил дэлхийд зарласан. Яагаад ийм хожуу юм бэ гэхээр тэрнээс өмнөх бүх жилүүдийн сонгуулийн нэр дэвших квот дүүрээд дуусчихсан гэсэн үг. НҮБ-ын дүрмийн дагуу энэ зөвлөлийн нээлттэй сонгуульд оролцох боломж нь ингэж таарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч гадаадад хийж буй бүх айлчлалдаа үүнийг дурдаж, тухайн орнуудаас энэ сонгуульд Монгол Улсыг дэмжихийг хүсэн ажиллаж байгаа.

НҮБ тэртээ 2005 онд буюу одоогоос 21 жилийн өмнө Монголын тулгар төрийн 800 жилийн ойг албан ёсоор хүлээн зөвшөөрч, бүр тогтоол гаргасан байдаг. Хүмүүс тэр болгон мэддэггүй, анзаардаггүй боловч энэ бол та бидний үнэт өв, түүх, соёлыг дэлхийн бөмбөрцөг хүлээн зөвшөөрүүлсэн бодит бөгөөд түүхэн баримт. Энэ тогтоол 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр НҮБ-ын Ерөнхий ассемблэйн 60 дугаар чуулганы 52 дугаар бүгд хуралдаанаар батлагдсан бөгөөд тогтоолын дугаар нь А/RES/60/16 гэж бий. Ганц хуудас мэт боловч асар өргөн агуулгатай, онцгой ач холбогдолтой энэ тогтоол ямар ч хэлэлцүүлэггүйгээр бас санал хураалтгүйгээр НҮБ дээр шууд батлагдсан бөгөөд НҮБ-ын бүх хэлээр буюу англи, испани, франц, герман, орос, араб, хятад хэлүүдээр гарсан байдаг. Энэ талаар дэлгэрүүлж асуумаар байна.

Энэ маш чухал тогтоол буюу Монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр, гавъяа зүтгэл, урлаг, соёлын солилцоо, Евразийг холбосон торгоны зам буюу өнөөгийн дэлхийн чөлөөт гадаад худалдааны систем, өртөө буюу шуудан, харилцаа холбоо, Гэрэгэ бүхий дипломат буюу гадаад харилцааг анхлан хөгжүүлсэн систем, Pax Mongolica буюу Их Монголын амар амгаланг Их Засаг хуулийн дор тогтоож байсныг анх удаа дэлхийн түүхэнд хүлээн зөвшөөрч НҮБ-ын Ерөнхий ассемблэй буюу 192 улс хамтдаа нэгэн зэрэг батлан гаргасан албан ёсны тогтоол юм.

HLYgkpcbAAAEcOm

Яг энэ үг, өгүүлбэрээр ийм тогтоол НҮБ дээр гаргуулна гэдэг бол гайхамшиг юм шүү. Энэ бол бидний өвөг дээдсийн дэлхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг орчин цагийн олон улсын эрх зүйн хэм хэмжээнд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, акт гарган баталгаажуулсан гэсэн үг. Үүнийг Монгол Улсын НҮБ-д оруулсан бас нэг том хувь нэмэр буюу үнэ цэн гэж хэлж болно.

Дэлхийн олон улсууд олон туйлт ертөнцөөс олон тулгуурт харилцаа руу аажмаар шилжиж байна. Дэлхийн улс төр болон гео стратегийн шилжилт, Монгол Улсын гадаад харилцааны бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуулийн дагуу улсын тэргүүн дипломатчийн үүрэг хүлээдэг. Орчин цагийн дэлхий олон туйлт систем руу явж байна. Саяхныг хүртэл Америк гэдэг байсан бол хүйтэн дайны дараагаас Орос хүчний туйл болж гараад ирсэн. Үүнтэй зэрэгцээд Хятад улс бас нэг том хүчний туйл болж чадлаа. Өмнө зүгт Энэтхэг гээд том гүрэн бий болчихлоо. Хажууд нь байдаг Пакистан улс цөмийн зэвсэгтэй болсон. Арабын орнууд зэрэгцэн улам хүчирхэг болж байна. Иймээс олон улсын судлаачид дэлхий ертөнц нэг буюу цөөхөн туйлаас олон туйлт систем рүү шилжиж байна гэж дүгнэж буй бөгөөд ийм олон туйлт ертөнцөд дэлхийн улс орнууд хэрхэн зохицон орших ёстой вэ гэж ярьж байна.

856155807_10165720723353980_6869562766654726420_n

Энэ асуудал дээр Монгол Улсын үзэл баримтлал шал өөр өнцөгтэй байдаг. Энхийг эрхэмлэсэн, бие даасан бодлогоо олон улсын хэм хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд НҮБ-ын системийн олон талт механизмыг идэвхтэй бөгөөд ухаалгаар ашигладаг. Түүхээс харахад туйлууд хэзээ ч бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй буюу мөнхөд хоорондоо өрсөлддөг. Энэ нь гаарвал үл ойлголцол, үл хүлээн зөвшөөрөл, үл хүндлэл, цаашлаад дайн дажин болдог. Дэлхий ертөнц нэгэнт ийм болсон юм бол бид энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Монгол олон тулгуурт энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой улс.

Иймээс олон туйлт биш ээ, харин олон тулгуурт дэлхий ертөнцийн системийг үүсгэж, даян дэлхийн амар амгаланг цогцлооё гэдэг саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч олон улсад дэвшүүлсэн юм. 2023 онд гаргасан энэ санаачилгаа бид Pax Globalica гэж нэрлэсэн.

Дөнгөж 3,5 сая хүнтэй Монгол Улс яагаад энэ том санаачилгыг дэлхийд дэвшүүлэх эрхтэй юм бэ гэхээр та бидний өвөг дээдэс, Их Монголын эзэнт гүрний түүхтэй холбогддог. 13 дугаар зуунд монголчууд Pax Mongolica буюу Их Монголын амар амгаланг Евразийн нутаг дээр утгаар нь цогцлоож чадсан. Дэлхийн түүхэнд ердөө гурван улс л дэлхий даяар ийм том хүрээнд энхтайвныг цогцлоож байсан бөгөөд эдгээр улсууд бол Ромын эзэнт гүрэн, Их Британийн эзэнт гүрэн ба Монголын эзэнт гүрэн юм.  

Монгол Улсын гадаад бодлого олон тулгуурт зарчим дээр суурилдаг. Бидний өмнөх үе яагаад ийм ухаалаг шийдвэр гаргасан бэ гэдэг нь учиртай. Олон тулгуур гэдэг нь олон найзтай байх бас бүгд тэгш эрхтэй байх, олон талт механизмаа хүндлэх, олон улсын эрх зүйн дүрмийн дагуу тоглолтоо хийх,  тусгаар улсын дотоод асуудал руу дайрахгүй байхын нэр юм. Нэг тулгуур нугарах үед бусад нь тулсан хэвээр байдаг. Иймээс дэлхий ертөнцийг олон туйлаас олон тулгуурт систем руу шилжээч ээ гэж уриалаад байгаа юм. Дараагийн том дайн, зэвсэгт мөргөлдөөн, цар тахал, үйл ойлголцол тохиох нөхцөлд хоёр багана хоорондоо зөрчилтэй байхад бусад багана нь ирээдүйгээ мөрлөөд аваад явна гэсэн үг. Харин олон туйлт системийн үед зөрчил гарахаар тэр туйлуудад хуваагдсан улсууд систем дотроо туйлшран хоорондоо зөрчилдөөд дэлхий нийтийг хямралд оруулах эрсдэлтэй.

Монгол Улс бие даасан гадаад бодлогынхоо хүрээнд энэ дэлхийн дуртай улстайгаа нөхөрлөх, түншлэх бүрэн эрхтэй.

Энэ олон тулгуурт системийн тухай энэ санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч зөвхөн НҮБ дээр яриагүй. ШХАБ, КОП зэрэг олон улсын бүхий л байгууллагууд дээр ярьж яваа. Энэ бол Монгол Улсын байр суурь! Энэ санаачилга, стратегийг судлахаар “Монгол Улсын гуравдагч хөршийн гадаад бодлогыг судлах төв” хүртэл Япон Улсад байгуулагдан ажиллаж буй юм билээ. Украины дайн эхэлснээс хойш Төв Ази болон Зүүн Өмнөд Азийн орнууд манай улсын гадаад бодлогыг илүү ихээр судлан сонирхох болсон. Манай улс энэхүү тэнцвэртэй гадаад бодлогоо сүүлийн 30 жилийн турш тууштай бөгөөд амжилттай хэрэгжүүлж буй.

Үеийн үед Монгол Улсын гадаад бодлогын амин сүнс нь ТЭНЦВЭР байсан.

Энэ тэнцвэр манай улсын аюулгүй байдлын баталгаа болдог. Хоёр хөршийн тэнцвэр, хоёр хөрш болон гуравдагч хөршийн тэнцвэр, олон талт хамтын ажиллагааны тэнцвэр гэх мэт. Аливаа улсын ерөнхийлөгч сонгогдсоны дараа аль улсад хамгийн эхэлж төрийн айлчлал хийх нь судлаачдын дунд маш чухал байдаг. Учир нь үүгээрээ тухайн хүн гадаад харилцааны бодлогоо дэлхийд зарладаг. У.Хүрэлсүх ерөнхийлөгч анхны айлчлалаа 2021 онд НҮБ-ын Ерөнхий ассемблэйд оролцохоос эхэлсэн. Үүний араас ОХУ болон БНХАУ руу айлчилсан.

Сүүлийн таван жилд Монголд айлчилсан гадаадын төр, засгийн тэргүүн, Монгол Улсын төрийн тэргүүний гадаад хийсан айлчлалуудыг анзаарвал тэнд зөвхөн тэнцвэр л харагдана. Жишээ нь, Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн жилийн таван сард фашизмтай хамтран тэмцсэн ОХУ руу Ялалтын баярт нь оролцохоор явсан. Үргэлжлүүлээд тухайн оны есөн сард БНХАУ-д айлчлал хийж, Хятадыг Японы имперализмаас хамтран чөлөөлсөн дайны ялалтын парадны хүндэт зочноор оролцсон. Үүний дараа манай гуравдагч хөрш буюу Австралийн амбан захирагчийг эх орондоо урьж хүлээн авч, Энэтхэг, Номхон далайн бодлогын хэрэгжилтээ дэлхийд бататгасан. Нэмээд Японы Эзэн хааныг Монголдоо ёслол төгөлдөр гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авсан. Эдгээр айлчлалын дундуур НҮБ руу бид албан айлчлал хийхийн сацуу Ромын Пап ламыг эх орондоо хүлээн авч, зөрөөд Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага руу ажиглагчийн статусаар оролцоод явсан.

Нэмээд стратегийн түнш болох Энэтхэг улсаас гадна Төв Азийн бүх улсын төрийн тэргүүнийг Монголдоо хүлээн авч, Монгол Улсын төрийн тэргүүн Төв Азийн таван улсад хариу айлчлал хийн түүхэн үр дүнг гаргаснаас гадна Вьетнам, Лаос зэрэг Зүүн Өмнөд Азийн харилцаагаа дараагийн түвшинд гаргах ажлыг амжилттай эхлүүлсэн. Энэ бол хоёр талт биш гуравдагч хөрш болон олон талт харилцааны тэнцвэрээ барьж хангаж буйн илрэл юм. Аливаа айлчлалыг гадаад харилцааны салбарт зүгээр нэг буюу санаандгүй байдлаар хэзээ ч төлөвлөдөггүй. Ирж байгаа, явж байгаа төрийн айлчлал болгоны цаана манай улсын гадаад бодлогын цөм зангидагдаж байдаг бөгөөд үүнийг Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, номлолд маш тодорхой заасан байдаг.

Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд “Ерөнхийлөгч бол Монгол Улсын төрийн тэргүүн, Монгол Улсыг гадаад харилцаанд төлөөлнө” гэж заасан. Монгол Улсын төрийн тэргүүний гадаад харилцаанд баримталж буй бодлого юу вэ?

Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал нь улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт байх зарчимд тулгуурладаг. Хоёр том мөнхийн хөрштэй учраас энэ бодлогын хүрээнд “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг дэлхий даяар идэвхтэй хэрэгжүүлдэг. Энэ бодлогоо Монгол Улс ТЭНЦВЭРТЭЙ гадаад харилцааны стратегиар хэрэгжүүлдэг. Улсын гадаад харилцаа хүн хоорондын харилцаанаас эхэлдэг. Монгол Улсын дэлхийн улс орнуудтай харилцах харилцааг дараах байдлаар эрэмбэлдэг. Үүнд:

1. Иж бүрэн стратегийн түншлэл (Comprehensive Strategic Partnership). Энэ нь хоёр улсын хооронд байж болох хамгийн дээд түвшин бөгөөд бүх салбарыг хамардаг. Энэ дээд хэмжээний харилцааг Монгол Улс хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-тай бий болгон түншилдэг. Үүн дээр өөр улс нэмэгдэх нь юу л бол.

2. Тусгай стратегийн түншлэл (Special Strategic Partnership). Энэ нь онцгой ач холбогдолтой улсууд хооронд байгуулагдах бөгөөд Монгол Улс энэ түншлэлийг Япон Улстай энхтайван, хөгжил цэцэглэлтийн төлөө агуулгын хүрээнд байгуулсан. Мөн АНУ-тай Гуравдагч хөршийн тусгай стратегийн түншлэлийг хэрэгжүүлдэг.

3. Стратегийн түншлэл (Strategic Partnership). Улс төр, эдийн засаг, аюулгүй байдал гээд голлох үндсэн салбарт стратегийн хүрээнд түншилдэг. Энэ харилцааг монголчууд АНУ, БНСУ, Энэтхэг, Турк, ХБНГУ, Итали, Казакстантай байгуулсан.

4. Иж бүрэн түншлэл (Comprehensive Partnership). Энэ стратегийн түвшинд хараахан хүрэхгүй боловч бусад салбарыг өргөн хүрээгээр хамардаг. Энэ харилцааг Монгол Улс эхлээд БНСВУ-тай, дараа нь Узбекстан, Киркизстантай ийм харилцааг албан ёсоор тогтооосон. Одоо Австрали Улсын харилцааг энэ түвшинд хүргэхээр хоёр талаасаа нэлээд сайн ажиллаж буй.

5. Хамтын ажиллагааны түншлэл (Partnership). Үүгээр тухайн салбарын хамтын ажиллагааг дэмждэг. Монгол Улс Канад, Их Британитай энэ түншлэлийг хэрэгжүүлдэг.

6. Найрсаг харилцаа (Friendly Relations and Cooperation). Энэ нь дипломат харилцааны суурь бөгөөд Монгол Улс НҮБ-д бүртгэлтэй дэлхийн бүх улстай дипломат харилцаа тогтоож чадсан.

wecpb94c

Дээрх жагсаалтаас харвал Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого зөвхөн АНУ, Япон, Солонгос, Европоор хязгаарлагдахгүй Төв Ази болон Энэтхэг-Номхон далайн бүсийн орон зайд амжилттай өргөжиж буй нь харагдана. Франц Улстай тусгай эрхт түншлэл (Privileged partnership) байгуулснаас гадна одоо хүчин төгөлдөр буй Монгол Улс ба Европын Холбооны түншлэл ба хамтын ажиллагааны хэлэлцээр амжилттай хийсэн. Эдгээрээс гадна Чех, Польш, Австрали Улсуудтай харилцаагаа дараагийн түвшинд гаргах хэлэлцээнүүд ч эрчимтэй хийгдэж буй. Стратегийн түншлэлд хүртэл ажиллах ёстой гэж үздэг улсуудын жагсаалт гэж бий. Энэ бүх бодлого ямар стратегиар хэрэгжиж байна вэ гэвэл нэгт хүн хоорондын харилцаа, хоёрт олон улсын эрх зүй, гуравт манай улсын гадаад харилцааны үзэл баримтлалын тууштай бөгөөд хариуцлагатай хэрэгжилт юм.

Товчхондоо хэлэхэд өнгөрсөн таван жилийн хугацаанд явуулсан идэвхтэй гадаад харилцааны бодлогын хүрээнд Монгол Улсын гадаад харилцааны үзэл баримтлалд заасан бүс нутгийн улс орнуудтай бүгдтэй нь Монгол Улс стратегийн холбоо тогтоож чадсан.

Энэ бодлогын хүрээнд сая төрийн тэргүүн ХБНГУ, БНФУ, БНБУ-уудад тус тус айлчиллаа. Гурван улсад нэг дор хийсэн энэ айлчлалын зорилго ба үндсэн дизайн нь юу байсан бэ? Хүссэн үр дүндээ хүрч чадсан уу?

Зорилго биелсэн эсэхийг хэмжих гол зүйл үр дүн байдаг.

Гадаад харилцаа болон түүний үр дүнг дан ганц зоосны нүхээр хэмжиж болдоггүй, зоосны нүхээр харах боломжгүй байдаг.

Гэхдээ ямар ч улс ашигтай байхын тулд гадаад харилцаагаа хэрэгжүүлдэг. Бизнесийн талаас нь хэлбэл энэ төрийн айлчлалын үеэр гурван улстай хамтарсан бизнес форумыг зохион байгуулж, аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны олон гэрээ хэлэлцээр байгууллаа. Тухайлбал, Герман-Монголын бизнес форумын хүрээнд зургаан гэрээ, санамж бичиг байгуулж, нийт 35.5 сая ам.долларын үнийн дүнтэй гэрээг байгууллаа. Финланд-Монголын бизнес форумын хүрээнд нийт 10 сая ам.долларын үнийн дүн бүхий зургаан гэрээ, санамж бичиг байгууллаа. Беларусь-Монголын бизнес форумын хүрээнд нийт 17 баримт бичигт гарын үсэг зурлаа. Хамтран ажиллах гэрээнүүдийн нийт үнийн дүн нь 50 сая ам.доллар болов.

Бизнесийн нууцад хамаарахгүйгээр нийтэд зарласнаар нийтдээ 95.5 сая ам.доллар буюу 350 тэрбум орчим төгрөгийн хэлцэл бүхий гэрээг манай хувийн хэвшлийнхэн байгуулсан.

Энэ бол зөвхөн мөнгөн үр дүн.

Энэ гурван улсын айлчлалыг маш удаан бодож төлөвлөн зохион байгуулсан. Тэрнээс биш Германы ерөнхийлөгч уриад байна, эсвэл Финланд руу очиж байгаагүй шүү дээ, Беларусийн ерөнхийлөгч ирсэн юм чинь хариу айлчлал хийх ёстой гэж ажилладаггүй. Нэгт, энэ бүх айлчлал харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчим дээр суурилсан буюу төрийн тэргүүн гадаадад айлчлал хийхээрээ бадар барьж, гуйлга гуйх ёстой мэт хандлагыг бид эвдээд таван жил хагас боллоо. Хоёрт, “Монголыг дэлхийд, Дэлхийг Монголд” гэдэг зарчмыг барьж байгаа. Энэ зарчмын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад айлчлалын тоо эх орондоо гадаадын төрийн тэргүүнүүдийг авч ирэх тооноос бага байх ёстой. Айлын хүмүүсийг гэртээ авч ирээд ярих нь хамаагүй үр дүнтэй байдаг. Герман, Беларусийн ерөнхийлөгчид хоёр жилийн өмнө Монголд айлчилсан. Ийм учраас хариу айлчлал хийх хүсэлтийг айлын талаас манайд байнга тавьж ирсэн. Хоёр жилийн дотор хоёр улсын төрийн тэргүүн нар харилцан айлчлал хийх нь тухайн хоёр улс ямар нягт, дотно харилцаатай гэдгийг олон улсад нотолж буй хэрэг юм. Финландын ерөнхийлөгч Монголд айлчлах урилгатай, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн байсан хэдий ч шинээр сонгогдоод удаагүй байгаа учраас Монгол Улсын төрийн тэргүүнийг эхэлж гэртээ ирэхийг тусгайлан хүссэн.

857156729_1671860781271222_7368500782764998901_n (1)

Герман, Финланд улсууд бол манай гуравдагч хөрш бөгөөд НАТО-гийн гишүүнээс гадна Европын холбооны ардчилсан улсууд. Энэ хоёр улсын дараа ОХУ-тай ахан дүүсийн харилцаатай Беларусь улсад төрийн айлчлал залгуулан хийсэн. Энэ улс олон улсын цөөнгүй санкц дор орон, барууны улсуудад гадуурхагдаж буй орон. Монгол Улс энэ гурван улстай бүгдтэй нь уламжлалт сайхан найрсаг харилцаатай.

Энэ улсууд хоорондоо таарамжгүй байх нь тэдний асуудал. Монгол Улс өөрийн бие даасан гадаад харилцааны бодлогоо хэрэгжүүлж, энэ хүрээнд зөвхөн улс төр, аж үйлдвэр, хувийн хэвшил, эдийн засаг гэлтгүй соёл, боловсрол, урлаг, спорт гээд бүх салбарыг хамруулан олон улстай ажиллаж, бие биенээсээ суралцан, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлдөг.

Айлчилсан улс болгон дээр энэ мэт нарийн асуудлуудыг цогцоор нь хөндөж ярилцсан. Энэ бүхэн дээр хэлсэн ОЛОН ТУЛГУУРТ, ТЭНЦВЭРТЭЙ гадаад бодлогын үр дүн юм.

Монгол Улс аль улсад төрийн айлчлал хийх вэ, аль улсын тэргүүнийг гэртээ урих вэ гэдгээ хэзээ ч хэнээр ч заалгахгүй!

Улс орнууд бие биенийхээ дотоод асуудалд оролцохгүй байх нь олон улсын хэм хэмжээнээс гадна ардчилсан зарчмын нэг тулгуур байдаг. Нэмээд НҮБ дээр Монгол Улс түтгэлзсэн, татгалзсан, дэмжсэн санал өгөх нь бүрэн эрхт гишүүний хувьд манай улсын онцгой эрхийн асуудал байдаг. Том ба жижиг улсуудыг тэгш эрхтэй байлгахын тулд НҮБ дээр санал хураахдаа дэмжсэн, татгалзсан шийдвэрээс гадна хорвоогийн бүх асуудлыг зөвхөн хар эсвэл цагаанаар шийдэх боломжгүй учраас түтгэлзэх гэдэг сонголтыг бий болгосон түүхтэй. Дээр олон удаа хэлсэнчлэн Монгол Улс бие даасан бөгөөд энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлоготой улс. Бид дайн байлдааныг эсэргүүцэж байгаа. Үүнийгээ нээлттэй олон улсад хэлж байгаа. Учир нь бид уужуу ухаантай, 2300 жилийн төрт улсын түүхтэй улс. Ийм учраас манай улсын гадаад бодлого илүү алсыг харсан, идэвхтэй байдлаар хэрэгжиж явах ёстой. Үүний тулд бид дотооддоо улам сайн цэгцэрч, хариуцлагатай байх учиртай. Энэ гадаад бодлогынхоо үр дүн, бодит өгөөжийг хүртэхээс гадна улам өргөжүүлж, олон улсын түншлэлээ батжуулах хэрэгтэй. Иймээс ойрын гурван жилийн дотор Монгол Улс нижгээд улсуудтай стратегийн түншлэл байгуулах, найрсаг харилцаатай орнуудыг түншлэл эсвэл иж бүрэн түншлэлийн түвшинд авч ирэх бүрэн боломжтой.

Европын холбооноос хамгийн түрүүнд Германтай Стратегийн түншлэл тогтоосон учир шалтгаан юу вэ? Нордикийн улсуудаас яагаад Финландтай эхэлж дипломат харилцаа тогтоосон бэ?

Германтай боловсролын салбарт Монгол Улс 100 жилийн өмнөөс хамтран түншилж эхэлсэн. Тэр үед Германд суралцахаар явсан 30 гаруй монгол оюутнуудтай энэ харилцаа шууд холбоотой. Энэ залуус оюуны боловсрол, хүн хоорондын харилцааны бат бөх гүүрийг хоёр улсын хооронд барьсан түүхтэй.

photo_2026-11-02_09-42-52

Ийм учраас эдгээр оюутнуудын суралцаж байсан Саксони мужид Монгол Улсын Ерөнхийлөгч тусгайлан айлчилж, энэ мужтай Монголын их, дээд сургуулиуд хамгийн олон гэрээг зурсан. Хэдий бид 2300 гаруй жилийн төрт ёсны түүхтэй ч орчин цагийн гадаад харилцаанд 100 жилийн түүх гэдэг бол уртдаа орно.

Герман улс Монголтой стратегийн түншлэл тогтоохоосоо өмнө биднийг “Werte Partner” буюу үнэт зүйлс дээр суурилсан түнш гэж нэрлэдэг байсан.

Нэмээд Герман ба Монгол улсуудын хооронд харилцах найман механизм байдаг. Тэдгээр нь батлан хамгаалах, ХАА, боловсрол, хөгжлийн бодлого, соёл, нийгмийн хамгаалал, консул гэх мэт. Иймээс Европын холбооны 27 улс дундаас Стратегийн түншлэл байгуулъя гэхэд хамгийн түрүүнд дэмжин хамтрах нь Герман улс байсан. Нэмээд Герман Европын үндсэн хөдөлгүүр болсон улс шүү дээ.

Үүний дараа Итали улстай стратегийн түншлэл байгуулсан. 2025 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Италид төрийн айлчлал хийсэн. Энэ айлчлалын хамгийн анхны уулзалтын үеэр Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн манай улсад хийж буй төрийн айлчлал бол зүгээр нэг айлчлал гэж би харахгүй байна. Энэ бол дэлхийн түүхэнд ул мөрөө үлдээсэн хоёр том эзэнт гүрний үр сад өвөг дээдсээсээ үлдээсэн том өвийг залгамжлан үргэлжлүүлж хэрэгжүүлж буй үүрэг хариуцлагатай айлчлал юм. Олон туйл руу хөлбөрч буй өнөөгийн дэлхий ертөнц дээр мянга мянган жилийн төрт ёсны түүхтэй цөөхөн орон байна. Манайх Ромын эзэнт гүрэн байсан. Танайх Их Монгол улс байсан. Иймээс та бид дэлхийн энхтайван, харилцан итгэлцэл, харилцан хүндлэлийн учир шалтгааныг ойлгуулах үүрэгтэй улсууд юм”

гээд их гоё үг хэлсэн. Энэ бол улс орнуудын бие биенээ хүлээн зөвшөөрөх асуудал зөвхөн НҮБ дээр биш бас түүхээр хийгдэж болдог гэдгийг харуулсан бодит факт юм. Эндээс тухайн төрийн эрхэмсэг оршихуй харагддаг. Үүний цаана Монголын санаачилсан “PAX GLOBALICA”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, КОП17 зэрэг ажлууд хийгдэж байгаа.  

858596282_1795780411574848_5462164468894206582_n

Финландын хувьд бид адилхан хүн ам цөөтэйгээс гадна Орос гэдэг хөрш улстай буюу том гүрнүүдтэй хиллэдэг. Сөрөн тэсвэрлэх бодлого нь Монголтой төстэй. Антропологи талаасаа Финландын хойд нутгаар бөө, тэнгэр үзэлтэй уугуул иргэд, цаатнууд амьдардаг. 1900 оны эхээр финландын судлаачид Монголоор аялан багагүй судалгаа хийсэн байдаг. Монголыг илүү мэддэг, зовлон жаргал адилхан болохоор Нордикийн орнуудаасаа биднийг хамгийн анхлан хүлээн зөвшөөрч, харилцан бие биенээ илүү ойлгож түншилсэн түүхтэй.

НАТО-гийн эвслийн нөгөө талд зогсож буй Беларусь улс руу Финландаас шууд зорьж очсон төрийн өндөр дээд хэмжээний айлчлалаар дэлхийд ямар мессеж өгөхийг зорьсон бэ? Хоёр улсын харилцааны онцлог юу вэ?

Харилцан итгэлцэл, харилцан хүндлэл болон харилцан ашигтай хамтын ажиллагаа. Ялангуяа ХАА-н салбар дээр онцлог харилцаатай.

received_1639552981147395-1024x682

Дэлхийн улс орнууд Hard power-оос Soft power буюу зөөлөн хүчний бодлого руу шилжээд, одоо зарим нь дараагийн түвшинд гарсан буюу Smart power гэдэг бодлого хэрэгжүүлж байна. Монгол Улс энэ шилжилтийн хэрхэн хийж байна вэ?

Монгол Улс сүүлийн зургаан жил зөөлөн хүчний болон ухаалаг хүчний бодлогыг хослуулан хэрэгжүүлж байна. Яагаад төрийн айлчлалд Үндэсний урлагийн их театр, Морин хуурын найрал яваад байгаа юм бэ? Яагаад бид шүүмжлүүлэн шүүмжлүүлэн 30 гаруй бүжигчин, 20 гаруй хөгжимчин, дуурийн болон орчин үеийн урлагийн дуучин авч яваад байна вэ? Яагаад бид дэлхийн улс орнуудад Чингис хааны болон  Монголын түүхээ сурталчлан музей, урлаг соёлын үзэсгэлэн гаргаад яваад байна вэ? Яагаад бид гадаадын төрийн тэргүүнийг эх орондоо хүлээн авахдаа хүндэтгэлийн хүлээн авалт дээрээ урлагийн номер тоглуулж, Чингисийн музейгээ үзүүлдэг юм бэ? Энэ бүхэн өв соёл, уламжлал, зан заншил, эрхэмсэг оршихуйгаа таниулах, ойлгуулах асуудал.

Бидний энэ үнэт зүйлийг ойлгохгүй хүмүүстэй харилцахад хэцүү шүү дээ. Эсвэл тэд буруугаар ойлгох магадлалтай.

Иймээс бид бусдад танигдахаас гадна хүлээн зөвшөөрөгдөж, ойлгож мэдрэгдэн, орчин цагийн Монголоо тодруулахын тулд ухаалаг дипломат бодлого явуулахаас өөр аргагүй. Тийм учраас бид жил бүр Наадам дипломаси явуулж байна шүү дээ. Үндэснийхээ их баяр наадмаар аль нэг улсын төрийн тэргүүн, хаад хатдыг авч ирдэг уламжлалтай болсон. Учир нь наадам бол ЮНЕСКО-д бүртгэгдсэн монголчуудын соёлын дархлаагаас гадна тусгаар тогтнолын маань билэг тэмдэг. Нэмээд спорт болон хүн хоорондын дипломат бодлогыг манай улс идэвхтэй хэрэгжүүлдэг. Ард иргэдээ боловсролтой, өндөр мэргэжлийн ур чадвартай болгосон нөхцөлд хүний нөөц буюу мэдлэг, оюунаа экспортлох боломжтой болдог. Үүний тулд бид “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын 330 сум болон нийслэлийн хороо бүрээс ЭЕШ-ийн оноогоор тэргүүлсэн шилдэг төгсөгчдийг шалгаруулан дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад суралцуулдаг. Одоогийн байдлаар дэлхийн 20 гаруй улс руу 1,000 гаруй оюутнууд явж суралцаад, эхнээсээ төгсөж ирээд аймаг сумандаа амжилттай ажиллаж байна.

Монгол Улсын гадаад харилцаанд тулгамдаж буй хамгийн том сорилтыг та юу гэж харж байна вэ?

Улсын гадаад харилцаа ямагт дотоод бодлогынхоо үргэлжлэл байдаг.

Дотоод бодлогогүй гадаад бодлого гэж үгүй!

Төрийн тэргүүн гадаадын бодлогынхоо хүрээнд гадаадын улс орнуудтай хамгийн өндөр түвшинд гэрээ хэлэлцээрээ тохирон байгуулж, харилцан хүлээн зөвшөөрөгдөж, ирэх 10 жилд юу юун дээр төвлөрч хамтран ажиллах замын зургуудаа гарган баталсан. Жишээ нь, Япон улстай ирэх 10 жилд ажиллах бүх зүйлээ нарийвчлан тохироод хамтран ажиллах гэрээ зурчихсан. Хамгийн чухал зүйл бол одоо та бид дотооддоо цул, нэг монгол байж, эв нэгдэлтэй, хариуцлагатай, залгамж чанартай, тогтвортой бодлогоо үргэлжлүүлж, гадаадад нэр нүүрээ алдахгүй буюу гадаад түншүүдээ гомдоохгүй, хуурч мэхлэхгүй, итгэл үнэмшлийг нь алдахгүй байх нь хамгийн эрхэм зүйл юм. Энэ бүхэн бидний аюулгүй байдалд шууд нөлөөлнө. Энд ярьж тохирсон бүх асуудлыг гүйцэтгэх засаглал хариуцлагатай, тууштайгаар хэрэгжүүлэх ёстой. Дараагийн ерөнхийлөгч хэн байхаас үл хамааран бодлого үргэлжлэх учиртай.

Гадаад харилцаа буюу алтан аргамжаа харилцан тохиролцсон асуудлуудаа хариуцлагатай хэрэгжүүлэхээс эхэлдэг.

Дарга солигдохоор байгууллага, улсын залгамж бодлого алдагдахгүй ёсгүй. Энэ бидний хамгийн том сорилт байх болов уу!

Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хийсэн төрийн айлчлалуудын дараалал ба бодлого, үр дүн хийгээд бүрэн эрхийнхээ хугацаанд хийхээр төлөвлөж буй улсуудын талаар мэдээлэл өгнө үү.

Олон улсын горимын дагуу энэ нууцлалтай мэдээлэлд тооцогддог буюу Венийн конвенцоор тохирсон журамтай. Хоёр тал төрийн айлчлалын харилцан тохиролцсоны үндсэн дээр нэгэн зэрэг олон нийтэд зарладаг буюу урьдчилж мэдээлдэггүй. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс бүс нутгийн тэнцвэрийг хангасан гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүллээ. Орхигдсон байсан Төв Азийн бүх улсуудын төрийн тэргүүнийг Монголдоо авч ирэхээс гадна хариу айлчлал хийсэн. Хоёр хөрштэйгээ тэнцвэртэй гадаад бодлогоо хэрэгжүүлж байна. НҮБ болон бусад олон улсын байгууллага, зөвлөлдөх механизмууд, ШХАБ (Шанхайн хамтын ажиллагааны байгууллага), ФЭАЛАК (Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум), АПЕК (Ази, Номхон Далайн эдийн засгийн хамтын ажиллагаа), АСЕАН (Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага), Давост болдог Дэлхийн Эдийн Засгийн чуулган гээд бүгдэд нь оролцоотой тэнцвэрийг нь хангаж ажилласан.

Европоос гадна Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу Монгол Улс бодлогоо чиглүүлсэн.

Тухайлбал, Япон, Солонгос, Энэтхэг, Австралийн төрийн тэргүүнүүдийг хүлээн авсан. Харин одоо Зүүн Өмнөд Ази руу чиглэсэн гадаад бодлого хэрэгжих ёстой байгаа. Энэ бодлого Лаос, Вьетнам улсуудаар эхэлсэн байгаа бөгөөд Австралийн хариу айлчлал, Шинэ Зеланд, Филиппин, Индонези улсад айлчлал хийх урилгатай байгаа. Мөн энэ бүс нутагт байдаг хоёр чухал орон бидний хувьд Тайланд болон Бутан улс байдаг. Зарим хүмүүс Африк, Өмнөд Америкийн бүс нутаг орхигдлоо гэж ярьж магадгүй. Өнөөдрийн байдлаар энэ хоёр бүс нутгийн улсуудтай Монгол Улс нийгэм, эдийн засаг, бизнес, соёлын солилцоо тун бага. Бид прагматик гадаад бодлого явуулж буй учраас зүгээр нэг зугаалаад байж болохгүй. Иймээс эдгээр бүс нутагт итгэлцэл, хүндлэл байгаа хэдий ч нэмээд ашиг сонирхлын суурь эхлээд босох ёстой. Дээр дурдсан бодлогуудаа тухайн бүс нутгуудад амжилттай хэрэгжүүлж дуусгасны дараа дараагийн ерөнхийлөгч энэ шинэ бүс нутаг руу харилцаагаа өргөжүүлэн явах нь зүйтэй болов уу.

Бид дэлхийн бүх улстай дипломат найрсаг харилцааг байгуулж чадсан.

Аль улсын харилцааг дараагийн түвшинд гаргах нь тусдаа яригдана.

Далайд гарцгүй, том хүчирхэг хөршүүдтэй улсууд нийтлэг асуудалтай байдаг ч үүнийгээ давуу тал болгосон улсууд олон бий. Тухайлбал, Сингапур, Швейцар, Казакстан, Узбекстан гэх мэт. Монгол Улс өнөө цаг үед өөрийн өгөгдлөө олон улсад хэрхэн давуу тал болгох боломжтой байна вэ?

Зарим асуудлыг нээлттэй ил ярьж болдоггүй болохоос биш бид олон ажил хийж буй. Энд дурдаж болох нь Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын талаарх “Улаанбаатарын диалог” юм. Монгол бол энэ яриа хэлэлцээг жил бүр хийж буй цорын ганц улс. Энэ хэлэлцээг дараагийн түвшинд гаргах ажлыг бид яг одоо ярьж байгаа. Манай улсын гадаад бодлогын шийдвэр гаргах механизмд нэг том зарчим байдаг. Тэр нь Монгол Улсын язгуур эрх ашигт нийцэх ёстой гэдэг зарчим.

Олон улсад ПР-ийн тоглолт хийх зорилгоор гадаад бодлогын шийдвэрийг хэзээ ч гаргаж болдоггүй.

Харин урлаг, соёлын багаа авч яваад манайд ашигтай аль нэг улсад концерт тоглуулах нь хамаагүй үр дүнтэй. Олон улсад урлаг, соёлоо аль болох сайн таниулах тусмаа бидэнд ашигтай. Би олон орноор явж үзсэн. Манай улсын шиг баялаг түүхтэй, өвөрмөц соёлтой, урлагийн өвтэй улс ховор шүү. Би нэг жишээ хэлэх гэсэн юм.

858346022_1548555140648265_1466698408504215145_n

Төрийн айлчлалаар олон хүн дагуулж явлаа гэдэг шүүмжлэл тасардаггүй. Энэтхэг улсад төрийн айлчлал хийхдээ бид Үндэсний урлагийн их театрын хамт олныг авч явсан. 75 хүнийг авч явах нийт зардал нь 240 сая төгрөг болсон. Энэ бол нэг Ланд круйзер машины мөнгө байх, тийм үү? Олон улсад хийсэн олон гэрээнээс нэгийг л би дурдмаар байна. Энэтхэгтэй олон гэрээ хийснээс нэг нь Богд хааны өвлийн ордон музейг сэргээн засварлах төслийн гэрээ байсан. Энэ гэрээг Энэтхэгийг Засгийн газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалд зориулан таван сая ам.долларын хандив өгч санхүүжилтийг нь шийдсэн. Одоогийн ханшаар бараг 20 тэрбум төгрөг гэсэн үг.

Өөрөөр хэлбэл 240 сая төгрөгөөр урлагийн багаа авч яваад Монголынхоо соёл урлагийн салбарт 20 тэрбум төгрөг авч ирсэн гэсэн үг.

Ийм учраас гадаад харилцаа, өв соёлыг зөвхөн зоосны нүхээр харж болдоггүй. Манай сайхан ёс заншил, өв соёлтой танилцсан хүн ямар ч байсан Монголыг муу нүдээр харахаа больдог. Ийм бизнесмен хүн манайд хөрөнгө оруулахдаа илүү итгэлтэй бас сэтгэлтэй болдог юм шүү гэдгийг эцэст нь хэлмээр байна.

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой 59 мин Пакс Глобалика (Pax Globalica) 1 цаг 10 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна 1 цаг 33 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ 2 цаг 9 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ 2 цаг 13 мин УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо 2 цаг 26 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна 2 цаг 36 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 3 цаг 17 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 3 цаг 21 мин А.Меркель: Эмэгтэй хүн дараагийн ерөнхийлөгч болох ёстой 3 цаг 26 мин “Мэдлэ” цахим сургуулиар дамжуулан гадаадад амьдарч буй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэв 3 цаг 31 мин Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ 3 цаг 37 мин Шатрын УАШТ-д олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнзул нар түрүүллээ 3 цаг 42 мин Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүллээ 3 цаг 53 мин Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ 4 цаг 58 мин Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ 5 цаг 6 мин Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв 5 цаг 31 мин Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баасан гаригт гарчээ… 6 цаг 12 мин МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 07 мин Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ Уржигдар 13 цаг 16 мин
iИх уншсан
НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ...
Top