Эрдэмтэд хиймэл оюуны тусламжтайгаар гарган авсан вирусүүдийг антибиотикт тэсвэртэй нянгийн халдвартай өвчтөний эмчилгээнд ашигласан нь анагаах ухааны салбарт анх удаа тохиолдож буй үйл явдал боллоо.
Эдгээр вирус нь бактерийг халдварлуулж, устгах чадвартай Бактериофаг гэдэг вирусүүд ажээ. Антибиотикоос ялгаатай нь тодорхой төрлийн нянг онилон устгадаг тул хүний биед байдаг ашигтай бактериудыг устгадаггүй байна.
Эмчилгээний энэ аргыг биологийн тогтолцоог судлах, загварчлахад хиймэл оюуныг ашигладаг “Radical Numerics” компани боловсруулжээ. Тус компанийн “Omnii-1” хиймэл оюуны загвар өвчтөнд халдвар үүсгэсэн нянг онилох зориулалттай вирусийн хувилбаруудыг гарган авахад тусалсан байна.
Хиймэл оюуны тусламжтайгаар гарган авсан бактериофагийн холимог нь өвчтөний нянг устгаж чадсан нь лабораторийн туршилтаар батлагджээ. Үүний дараа эмч нар өөр үр дүнтэй эмчилгээний сонголтгүй, биеийн байдал нь хүнд байгаа өвчтөнүүдэд туршилтын эмчилгээ хэрэглэх тусгай зөвшөөрлийн хүрээнд уг аргыг хэрэглэсэн байна.
Өвчтөний хувийн мэдээллийг хамгаалах үүднээс эмчилгээний дараах биеийн байдал болон бусад нарийн мэдээллийг компани дэлгээгүй байна. Түүнчлэн уг эмчилгээг өргөн хүрээнд хэрэглэхийг хараахан зөвшөөрөөгүй байгааг, мөн ганц өвчтөнд хийсэн эмчилгээний үр дүнд үндэслэн аюулгүй байдал, үр нөлөөг нь тогтоох боломжгүйг онцолжээ.
Цаашид энэхүү арга нь антибиотикт тэсвэртэй халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх өөр нэг боломж болж магадгүй гэж судлаачид үзэж байна. Гэхдээ уг аргыг өргөн хүрээнд нэвтрүүлэхийн тулд тухайн хүний халдвар үүсгэгчид тохирсон эмчилгээний аргыг найдвартай боловсруулж, турших аргачлалыг цаашид боловсронгуй болгох шаардлагатай байна.
Kazinform



