УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.
-Ардчилсан намын бүлэг сүүлийн хоёр ч долоо хоног хуралдаж чадахгүй байж байгаад өнөөдөр (өчигдөр) хурлаа хийлээ. Энэ удаагийн хуралдаанаараа ямар, ямар асуудлыг авч хэлэлцэв?
-Өмнөх долоо хоногуудад олон гишүүн гадаад томилолттой, бас хөдөө орон нутагт ажиллаж байсан. Тийм учраас ирц нь хүрээгүй. Харин өнөөдөр (өчигдөр) бүлгийн ирц бүрдээд хурлаа хийлээ. Энэ хурлаар бүлгийн дэд дарга нараа шинээр томиллоо. Хэвлэл мэдээллийн тухай хуулийн талаар ярилцлаа. Монголбанкны 2026 оны мөнгөний бодлогын талаар хаалттай сонслоо.
-Бүлгийн дэд дарга нар дунд танай Ардчиллын сэргэлт холбооноос хүн байхгүй байх шиг байсан. Бүлгийн дарга шууд дөрвөн хүний нэр оруулж ирээд, санал хураагаад л болчихсон юм уу?
-УИХ дахь Ардчилсан намын бүлэг сонгуулийн үр дүнгээр 42 гишүүнтэй ажиллаж байгаа. Өмнө нь гурван дэд даргатай ажилласан. Энэ хугацаанд сөрөг хүчнийхээ ажлыг боломжийн хийж, зохих хэмжээнд сайн ажиллалаа. Харин бүлгийн шинэ даргатай болсноор дэд дарга нараа шинээр томилж ажиллая гэж ярилцаж ойлголцоод ийм хүмүүс бүлгийн дэд дарга байх нь зүйтэй гэдгийг өмнө нь бид ярилцчихсан байсан. Тэр хүмүүс маань ч дэд даргаар ажиллахад татгалзах зүйлгүй гэдгээ хэлсэн. Тиймээс бүлгийн хурлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн, Г.Хосбаяр нарыг олонхын саналаар томиллоо.
-Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Их тэнгэрт уулзалт болж, Ардчилсан намыг засагт урих албан бус шийдвэр гарсан гэдэг мэдээлэл байна. ийм уулзалт болсон уу?
-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчинд тийм мэдээлэл явж байгааг харсан. Гэвч яг албан ёсоор тийм зүйл яригдаагүй байна. Ганц нэг гишүүн ийм зүйл ярьж байгаа.
Угаасаа Монгол Улсын эдийн засаг, гадна, дотны нөхцөл байдал, ард түмэнд ирж байгаа ачааллыг бууруулах, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гээд олон асуудал байна. Эдгээрийг хэрхэн зөв зүйтэй шийдэх юм гэдэг талаар олон хүмүүс саналаа хэлж байгаа. Хамтрах уу, эсвэл энэ чигээрээ явах уу гээд саналууд гардаг. Ер нь нийгмийн тавьж байгаа шаардлага бол хариуцлага тооцохгүй байна. Тийм учраас ийм л байдаг, ийм л байх ёстой гэсэн ойлголт бий болчихоод байна шүү дээ. Үр дүнд нь ард түмэн туйлдаж, бухимдаж байна. Урд хил дээр зам засварын ажил хийж байгаа, тэр ажил нь хугацаанаасаа хоцорч байна гээд байгаа чинь бас нэг зүйлийг хэлээд буй юм. Зам засварын ажлыг хугацаанд нь хийж болно. Гэхдээ ингэхгүй байна гэдэг чинь цаанаа асуудал болохгүй байна л гэсэн үг. Дээрээс нь одоогийн эрх барьж байгаа нам өөрсдийгөө хариуцлагажуулах асуудал байна. Улс орноо бодох, амлалтаа биелүүлэх, ард түмний амьдралыг өөд нь татах гээд олон зүйл яригдаж байна. Гэвч ямар сонголт хийх нь эрх барьж байгаа намын асуудал. Харин тэд зөв сонголт хийхгүй бол ард түмэн энэ бүхнийг хүлцэн тэвчихгүй байдалтай болж байна шүү дээ.
-Эрх барьж байгаа нам албан ёсоор хамтрах саналыг танай намд тавьбал хэрхэх ёстой юм бэ. Хамтраад явах уу, үгүй бол ирэх сонгуулиудыг хүртэл сөрөг хүчин хэвээрээ байх ёстой юм уу. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Мэдээж хэрэг тийм санал албан ёсоор тавьсан тохиолдолд манай нам шат шатны байгууллагуудаараа ярилцах ёстой. УИХ дахь бүлэг, Үндэсний бодлогын хороо гээд ярилцаж байж шийдвэрээ гаргаж таарна. Улс орны нөхцөл байдал одоо чинь өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Нэг, хоёр жилийн өмнө бол заавал засагт хамтраад байх шаардлагагүй, нэг нь эрхээ бариад нөгөө нь сөрөг хүчнээ хийгээд явахаар байсан. Харин одоо урд хил хаагдаад, шатахуун тос тасраад, барааны үнэ нэмэгдээд байгаа нөхцөлд судалгаа хийж байгаад Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьж шийдвэр гаргах ёстой л гэж бодож байна.
-Тэгэхээр таны хувьд ер нь хамтрах нь зөв, гэхдээ намынхаа олонхын шийдвэрийг л дагах хэрэгтэй гэж үзэж байгаа юм уу?
-Миний хувьд олонхоо л дагана. Мэдээж хэрэг асуудлаа тал талаас нь ярилцах ёстой. Өдөр өдрөөр асуудал өөрчлөгдөөд байна гэж хэллээ. Хоёр, гурван сарын өмнө л гэхэд улсын орлого хэвийн, хаанаас ямар ч үнээр хамаагүй шатахуун түлш худалдан авах боломжтой гэж л ойлгож байлаа. Гэтэл хэдийгээр төлөвлөсөн хэмжээгээрээ нүүрс, зэсээ гаргаж орлогоо оллоо гэж байгаа ч ирэх онд тийм байж чадах уу гэдэг эргэлзээтэй болчихлоо. Хилийн боомтын зам засаж байна гэдэг нэрээр хаачихад л манай улсын орлого тасрах хэмжээнд оччихож байна. Ийм нөхцөл байдлыг бий болгосон, ууж идсэн нөхдүүдтэйгээ хариуцлага тооцсоны дараа бол асуудлыг ярилцахад миний хувьд бэлэн байгаа. Хариуцлага ярихгүйгээр цаашаа явна гэвэл тийм асуудал байж болохгүй.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ та илэрхийлсэн. Энэ шийдвэртээ хэвээрээ байгаа юу?
-Ардчилсан сэргэлт холбоог манай намын арав гаруй УИХ-ын гишүүн нийлээд байгуулсан. Тэднээс надад ирэх оны 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээч гэсэн санал тавьсан. Үүнийг нь би хүндэтгэлтэйгээр хүлээж авсан. Өдөр өнгөрөх тусам итгэл үнэмшил нэмэгдэж байна. УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдоод явж байгаа энэ хугацаанд ямар ч байсан нэр цэвэр байсан байна. МАН-аас Хууль зүй, дотоод хэргийн сайд хийж байсан Х.Нямбаатар, Б.Энхбаяр нар “Танаас ухаад ухаад юм гарсангүй, нэр цэвэр хүн шүү” гэж хэлж байлаа. Ер нь ирэх оны сонгууль нэр цэвэр хүнийг шаардаж байна. Бужигнуулаад, улс орныг буруу тийш нь залчихгүй, эв нэгдлийг хангах үүргээ биелүүлж чадах, эрх мэдлийн төлөө явчихгүй, улс орноо бодож чадах ийм л хүн хэрэгтэй. Нийгмийн энэ шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би болчихоод байх шиг байна. Хонгил ухаад, өс хонзон авах, ямар нэг бүлэглэлийн эрх ашгийг илэрхийлэхгүй байж чадах цөөхөн хүмүүсийн нэг нь би. Нийгэм ч тэгж дүгнэж байх шиг байна, миний хувьд ч үүнтэй санал нийлж байгаа.
-Намын дотоод сунгаа хэзээ явах вэ?
-Намын шат шатны байгууллагуудаас саналыг нь авч, Үндэсний бодлогын хороон дээр ярилцаж шийдэх байх. Ямар ч байсан нэр дэвшихээ илэрхийлсэн Н.Алтанхуяг, Л.Гантөмөр бид гурав намаас явуулж байгаа “Өөрчилье-Бүтээе” аяны хүрээнд хэд хэдэн аймгаар явж, гишүүд дэмжигчидтэйгээ уулзлаа.
-Танай бүлгийн шинээр сонгогдсон даргыг “Ерөнхийлөгчийн талын хүн” гэдэг зүйл нэг хэсэг явсан. Гэтэл саяхнаас таныг бас Ерөнхийлөгч, МАН-тай хамтарч ажилладаг гэдэг агуулга бүхий мэдээлэл гарах боллоо. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Миний хувьд Монгол Улсын эрх ашгийг л нэгдүгээрт тавьдаг хүн. Өргөсөн тангарагтаа үнэнч байж ирсэн. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн ярьж байгаа зүйл дээр санал нэгдээд явж байгаа зүйлүүд бий. Түүнээс биш тэндээс үүрэг даалгавар өгөөд, түүнийг нь хэрэгжүүлээд явдаг зүйл байхгүй. Эв нэгдэлтэй байх, авлига хулгайтай тэмцэх ёстой гэдэг Ерөнхийлөгчийн байр суурийг хүндэтгэдэг. Гэтэл авлигатай тэмцэх гэхээр нь дургүйцдэг нөхдүүд тийм яриаг санаатай болон санамсаргүйгээр гаргадаг байхыг үгүйсгэхгүй. Тийм хүмүүсийн гаргаж байгаа яриа болов уу л гэж ойлгож байгаа. Түүнээс биш өмнө нь ямар байсан тэр хэвээрээ л явж байна.
Өдрийн сонин



