Дотоодын арьс ширний үйлдвэрлэлийн салбарт шинэ түүхийг нээсэн үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Дархан Минж" ХХК хөнгөлөлттэй зээл авч "Мон Желат" желатины үйлдвэрийг өчигдөр нээж хөдөлгүүрийг товчийг дарав.
Желатин гэдэг нь мал, амьтны арьс, яс, шөрмөс, холбогч эдэнд агуулагддаг коллаген хэмээх уургийг халааж, боловсруулах замаар гаргаж авдаг өнгө, үнэргүй уургийн нэгдэл юм. Үйлдвэр нь малын гаралтай түүхий эдийн хатуу хаягдал, арьс ширийг өндөр технологиор боловсруулж, хүнсний болон үйлдвэрлэлийн желатин, органик усанд уусдаг бордоог үйлдвэрлэн гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэх аж.

Үйлдвэр жилд 300 мянган ширхэг үхрийн арьс дахин боловсруулах хүчин чадалтай, таван орны тоног төхөөрөмжтэй, орчин үеийн технологид суурилсан, хаягдал усныхаа 70 хувийг дахин ашиглах иж бүрэн системтэй. Үйлдвэр нээгдсэнээр Монгол Улсын хэмжээнд анх удаа малын гаралтай түүхий эдээр экспортын шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгох, арьс ширний хаягдлыг дахин ашиглаж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой. Мөн орон нутагт байнгын болон түр 50-80 ажлын байр шинээр нэмэгдэж байна.

"Мон Желат" үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, төвийн бүсээс сонгогдсон УИХ-н гишүүд, орон нутгийн удирдлагууд оролцож үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Желатин гэдэг нь мал, амьтны арьс, яс, шөрмөс, холбогч эдэнд агуулагддаг коллаген хэмээх уургийг халааж, боловсруулах замаар гаргаж авдаг өнгө, үнэргүй уургийн нэгдэл ажээ.
Желатины гол хэрэглээ болон ач тусыг дурдвал хүнсний үйлдвэрлэлд хүнсийг өтгөрүүлэх, барьцалдуулах, хэлбэрт оруулах, цэлцгэнүүр, резинэн чихэр, мармелад хийхэд, тараг, зайрмаг, бялууны кремийн бүтцийг тогтвортой болгох болон лаазалсан мах, махан бүтээгдэхүүний шүүсийг царцаахад өргөн ашигладаг байна. Харин эрүүл мэнд, гоо сайхны ач тус талаас нь авч үзвэл уургаар баялаг тул хүний биед үе мөчний уян хатан чанарыг дэмжиж, өвдөлт, хуурайшилтаас сэргийлж арьсыг уян хатан болгож, үс, хумсыг бэхжүүлдэг байна. 



